Б.Цэлмэг: Утаанаас болж хүүхдээ алдчих гээд байсан жирэмсэн эгчийгээ хараад энэ зургаа зурсан

Н.Анхбаяр / Шинжлэх Ухаан

Улаанбаатар хотын утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрч, томчууд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн ч төрийн түшээдийн чихэнд очсонгүй. Одоо хүүхдүүд дуугарч эхэллээ.

Зургадугаар ангийн сурагч Б.Цэлмэг “Миний амьсгалах агаар” сэдэвт энэ зургаа гурван жилийн өмнө, есөн настайдаа зуржээ. Есөн настай хүүхэд аз жаргал, инээд баясал, амьдралын сайн сайхныг харуулсан гэгээлэг зураг зурах нас. Гэтэл энэ зураг Улаанбаатар хотыг утаатай болгож байгаа бүх эх сурвалжийг, үр нөлөө, хор хохирол бүгдийг дүрсэлжээ. Нийгмийн стресс бухимдал зөвхөн томчууд бидэнд биш хүүхэд багачуудад маань ч нөлөөлж буйг энэ зураг бэлхэнээ харуулах мэт. Хорт утааны маск зүүсэн жирэмсэн эмэгтэй, хар тортогт идэгдсэн хүй, эхийн хэвлий, хэвлийдээ маск зүүсэн нялх хүүхэд. Хамгийн эмгэнэлтэй нь энэ бүхнийг Цэлмэг охин өөрт тохиолдсон бодит амьдралаас сэдэвлэн зурсан гэх. Хэдий хар бараан сэдэв мэт боловч хүүхэд л юм хойно цэлмэг тэнгэр, дээрээс гийх нар, өнгө өнгийн байшин болон гэрүүд дүрсэлсэн нь тэдний сэтгэлд хэзээд өнгөлөг гэгээлэг зүйлс байдаг гэдэг нь харагдана. “Хүүхэд бүрийн ширээн дээр зураг бүхэн нартай байна” гэж дуун дээр хүртэл гардаг. Цаашид томчууд бид хүүхдүүдийнхээ сэтгэлд илүү жаргалтай нар тусгах ёстой шиг.

image-ТОМЧУУДЫГ ЭНЭ УТААГ БАГАСГАЖ ӨГӨӨСЭЙ ГЭЖ ХҮСДЭГ-

-Сайн уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Бат-Эрдэнийн Цэлмэг гэдэг. Би “Орчлон” сургуулийн 6д ангид суралцдаг.

-Хэзээнээс зураг сонирхож, зурж эхэлсэн бэ?

-Би багаасаа зураг зурах сонирхолтой байсан. Гэртээ л сонирхлынхоо дагуу зураг зурдаг байж байгаад дөрөв, таван жилийн өмнөөс зургийн дугуйланд орж хичээллэж эхэлсэн.

-Аав, ээжийнх нь талаас зургийн авьяастай хүн бий юу?

-Байхгүй.

-Зургийн дугуйланд анх суръя гэдэг санааг хэн анх гаргасан бэ?

-Ээж маань гаргасан. Би зураг зурах дуртай байсан болохоор ээжийнхээ санааг дэмжиж, явахаар болсон.

-Зургийн дугуйланд явснаас хойш чамд ямар өөрчлөлт гарсан гэж боддог вэ?

-Зураг зурахад ой тогтоолт их сайжирч, тархины үйл ажиллагаа сайжирдаг шиг санагдсан. Бас юмсыг гоё, эерэг талаас нь хардаг болсон гэж боддог. Тайвширч, өөрийгөө мэдэрдэг юм шиг санагдсан.

-Утааны хор аюулыг харуулсан энэ зургаа хэзээ зурсан бэ?

-Би энэ зургийг есөн настай байхдаа, гурван жилийн өмнө зурж байсан.

-Яагаад энэ зургийг зурах болов оо?

-Улаанбаатар хот маань маш их утаатай шүү дээ. Тэр үед “Миний амьсгалах агаар” нэртэй үзэсгэлэн болж, энэ үзэсгэлэнд зориулан зургаа зурсан. Би хорт утаанаас болж маш олон жирэмсэн ээжүүд хүүхдээ алдаж байгаа талаар мэдээ олж уншсан. Бас ээжийн маань дүү, миний эгч жирэмсэн, манайд амьдардаг байсан юм. Манай эгч өөрөө эмч хүн мөртлөө хүүхдээ алдчих гээд байнга хэвтрийн дэглэм сахидаг байсан. Энэ сэдвээ би багштайгаа ярилцаж байгаад санаагаа гаргаж, зургаа зурсан. Одоо дүү маань гурван настай болсон ч бас л хорт утаагаар амьсгалсан хэвээрээ байгаа. Эх нь хорт утаа амьсгалснаас болж хүүхэд нь ч бас хүйгээрээ дамжин хорт утаа амьсгалж байна. Сайн харвал гэдсэн дотор байгаа хүүхэд ч бас маск зүүсэн байгаа.

-Томчууд чиний зурсан энэ зургаас юуг хараасай гэж хүссэн бэ?

-Улаанбаатар хотод үйлдвэр, машин, гэр хорооллын утаа гардаг. Үйлдвэрийн утаа хамгийн их юм шиг надад санагддаг. Цэлмэг тэнгэрийг энэ хар утаанууд бүрхэж аваад бүхэлд нь хараар будах гэж байгаа юм шиг зурагтаа дүрсэлсэн. Томчуудыг энэ утааг багасгаж өгөөсэй гэж хүсдэг. Тэгвэл хүүхдүүд эрүүл өснө.

image

-ЭЭЖ МААНЬ ДӨРВӨН САРТАЙ ЖИРЭМСЭН, ЭРЭГТЭЙ ДҮҮ ТӨРӨХ БАЙСАН Ч БАС Л
УТААНААС БОЛЖ АЛДАЖ БАЙСАН-

-Хорт утаагаар амьсгалахад чамд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Гадаа гарахаар л шууд хоолой хорсдог. Гэхдээ бид арай гайгүй утаагаар амьсгалж байгаа. Баянхошуу болон хойд гэр хороололд амьдардаг хүүхдүүд бүр аймар утаагаар амьсгалж байна. Би хамаатныхаа ахынд очихоор гэр хороолол руу явдаг, тэгэхээр тэнд агаар нь илүү бохир байгаа нь мэдэгддэг. Ээж надад фэйсбүүкээс нэг бичлэг үзүүлж байсан. Өглөөний 09 цагийг харуулсан тэр бичлэг дээр байгаа газрын юу нь ч харагдахгүй, байшин барилга ч харагдахгүй, хав харанхуй харагдаж байсан.

image-Утаа чиний амьдралд болон ойр дотныхон, гэр бүлийн чинь амьдралд хэрхэн нөлөөлж байгаа шиг санагддаг вэ?

-Эрүүл мэндэд маш хор хөнөөлтэй. Дүү маань байнга л ханиад хүрдэг, утаанаас л болж байгаа байх. Ханиаднаас гадна харшил маш их байдаг. Амралтын өдөр болоход манай гэр бүлийнхэн утаанаас “зугтаж” цэвэр агаарт гарахыг эрмэлздэг. Ээж маань дөрвөн сартай жирэмсэн, эрэгтэй дүү төрөх байсан ч бас л утаанаас болж алдаж байсан. Гэр бүлийн амьдралд зөндөө нөлөөлж байгаа.

-Чи өөрийнхөө амьдарч байгаа хотыг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Хөдөө очихоор байдаг шиг цэвэр агаартай байгаасай гэж хүсдэг. Бас хүмүүс нь хоорондоо сайхан харилцдаг, сайхан ааштай байгаасай. Манай хот маш олон машинтай, тийм болохоор түгжрэлийг багасгахын тулд ойр газарт машин ашиглахгүй, эрүүл мэндээ бодож заримдаа алхаж байгаасай гэж хүсдэг. Машины утаа хүүхдэд хамгийн ойр байдаг. Томчууд өндөр учраас машины утаанд өртөх нь бага. Бас би сургуулийнхаа ойролцоо гарцан дээр явж байгаад машинд мөргүүлж байсан болохоор машинд тийм ч дуртай биш.

-Хорт утаанаас хамгаалж маск зүүдэг үү?

-Зүүдэг.

-Хотын утааг багасгах шийдлийг бодож үзэж байсан уу?

-Гэр хороололд амьдарч байгаа хүмүүсийг багасгаж, орон сууц барих юм болов уу?

-Одоо хичээл нь амарчихсан байгаа шүү дээ. Амралтаа юу хийж өнгөрөөх вэ?

-Утаанаас дайжиж, гадагшаа явж, англи хэлээ сайжруулахаар бэлдэж байгаа. Ээж аавууд ч гэсэн зун амралтаа авахаа больж, бидний амралтыг тааруулан өвөл амралтаа авдаг болсон.

Дугуйлангийн багш Ж.Хулан:

-ЦЭЦЭГ НАВЧ, ҮҮЛ, ИНЭЭСЭН ИНЭЭЛДСЭН АЗ ЖАРГАЛТАЙ
ЗҮЙЛСЭЭ ЗУРАХ НАС-

-Цэлмэгийн зурсан зургийн санааг та ярилцаж байгаад хамт гаргаж байсан гэсэн. Тухайн үед охины сэтгэлзүй ямар байсан бэ?

-Цэлмэгийн эгч нь тухайн үед жирэмсэн, их хүнд нөхцөлийг туулж байж төрсөн тухай ярьлаа. “Манай эгчид агаарын бохирдол их нөлөөлсөн, азаар мэнд амаржсан” гэж ярьж байхад нь тэр сэдвээр нь хоёулаа зураг зуръя гэж тохирсон. Сая судалгаагаар эмэгтэй хүний амьсгалсан агаар хэвлийд нь, урагт нөлөөлдөг гэж гарсан байна лээ. Лондонд эхсээс шинжилгээ авч үзэхэд гадна бүрхүүлд нь тортог үүсчихсэн байдаг юм байна гэдгийг тогтоосон байгаа юм. Гэтэл Цэлмэг түүнээс өмнө энэ хэвлийг тортогт бүрхэгдсэн байдлаар зурчихсан. Хүүхдийн сэтгэхүй ийм. Тийм ч учраас Цэлмэг “хэвлийд байгаа хүүхдэд хүртэл маск зүүлгэж баймаар байх юм” гэдэг утга санааг гаргаж өгсөн. Хүүхэд цаагуураа л нэг юм хэлэх гээд байгаа нь энэ шүү дээ.

-Та хувь хүний хувьд утааны талаар судалгаа хийж үзэв үү?

-Маш их судалгаа байдаг. 0-4 насны хүүхдүүд хорт хавдраар өвдөж байна, нас баралт их байна. Урьд нь 0-4 насны хүүхдүүд Монгол улсын хэмжээнд хорт хавдар тусдаггүй байж. Гэтэл өндөр настай хүмүүсийн өвчин гэж тооцогддог байсан хорт хавдраар хүүхдүүд өвдөх болсон шалтгааныг бодох цаг болжээ. Нөгөөтэйгүүр, Монгол хүний удмын генийн хувьд их том өөрчлөлт болохоор шиг. Энэ л янзаараа утаан дунд амьдраад байвал эрүүл хүүхэд төрөх үү, төрсөн ч гэсэн 0-4 насандаа эндээд байвал яах вэ гэх мэт энэ сэдвүүдийг бодоход харамсалтай. Миний эргэн тойронд ч утаанаас болж хүүхдээ алдаж байгаа ээжүүд бий. Бараг л энгийн үзэгдэл мэт боллоо шүү дээ. Яагаад эндчив гэхээр, эмэгтэй хүн өвлийн цагт хүүхэд тээх хэцүү болж. Эмч нар нь хүртэл өвлийн цагт жирэмсэн байх хэцүү шүү гэх болсон. Харамсалтай. Улсын хэмжээнд жилдээ 600 гаруй ураг хэвлийдээ энддэг, түүний 70 хувь нь Улаанбаатарт агаарын бохирдлоос болж энддэг гэх. Төрүүллээ гэхэд ахиад л 0-4 насандаа хорт хавдар, уушгины өвчин, амьсгалын багтраа, харшил, ханиадаар өвчилсөөр. Ингээд бодоход манай Монгол 10 жилийн дараа гэхэд ямар байх бол? Хүүхэд гэдэг ертөнц ховорхон ертөнц болохвий гэж бодон энэ үзэсгэлэнгээ дөрвөн жилийн өмнө зохиож байсан.

-Есөн настай хүүхэд ийм агуулгатай, ийм эмгэнэлтэй зураг зурна гэдэг жаахан хэцүү санагдах юм. Баяр баясал, аз жаргалтай үеэ зурж явах л нас шүү дээ.

-Тийм. Цэцэг навч, үүл, инээсэн инээлдсэн аз жаргалтай зүйлсээ зурах нас. Гэтэл яах аргагүй нийгмээ дагаад хүүхдийн санаа зовох зүйл хүртэл өөрчлөгдөж байна. Цэлмэгийн бодлоор бидний дээрээс нар тусаж, өвлийн цаг ч гэсэн цэлмэг тэнгэртэй гэдэг санаа нь байгаа юм. Гэхдээ бага багаар, өөрсдөө ч мэдэхгүй харлуулж байна. Улаанбаатарын утааны 70 хувийг гэр хороолол, үлдсэн 30 хувийг үйлдвэр болон машины утаа эзэлдэг гэх. Тэрийг ч гэсэн шингээгээд, зурган дээрээ харуулчихсан байгаа юм. Хамгийн хөөрхөн нь байранд байгаа айлуудаас ганц ч утаа гарахгүй байгаа /инээв. сурв/ Дээр хэлсэн үзэсгэлэнд Япон улсын хүүхдүүд ч оролцсон. Тэдний гаргасан санаа бол бусад орны гаргасан утаа салхиар дамжиж бидэн дээр ирээд агаарыг бохирдуулж, тэр тортог нь далай дээр бууж, иддэг хүнсэнд шингэж байна гэдгийг харуулсан байдаг. Үнэхээр хүүхдийн бүтээлүүдээс юм ойлгоё, харъя, ухааръя гэж хүсвэл маш их зүйлийг харж болохоор байдаг шүү.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.