Утаа бууруулах ажлын хүрээнд айл, өрхүүдэд 3-120 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ХҮҮ БАГАТАЙ олгоно

Д.Тулга / Шинжлэх Ухаан

Нийслэлийн зарим дүүрэгт агаарын чанарын индекс 740-д хүрч агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн өдрүүд өнгөрч байна. Энэ өдрүүдэд утааны хор иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа болон агаарын бохирдлыг багасгахын тулд төр засаг, хувийн хэвшил, иргэдийн зүгээс ямар ажил хийх талаар гарц хайсан иргэдийн санал, сэтгэгдэлүүд хөвөрсөөр. Утаанаас үүдэлтэй олон нийтийн бухимдал ч дээд цэгтээ хүрчээ.

2019 онд утааг бууруулах ажилд нийт 200 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүний 50 гаруй тэрбум төгрөгийг нь гэр хорооллын хамгийн их утаатай бүсэд амьдарч буй 40 мянган айлын янданд шүүлтүүр тавихаар төсөвлөөд байсан ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан учир энэ ажлыг зогсоосон. Түүнээс хойш утааг бууруулах чиглэлд Засгийн газар, БОАЖЯ, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо зэрэг чиглэлийн байгууллагууд ямар ажил хийж байгаа нь тодорхой бус байна.

Өнгөрсөн баасан гаригт Засгийн газар утааны асуудлаар өргөтгөсөн хуралдаан хийсэн бөгөөд 2020 онд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж нийслэлийн өрхүүдийг бүрэн хангах төлөвлөгөөг гаргаад тарсан. Нийслэлийн өрхүүд түүхий нүүрсний үнээр шахмал түлш түлснээр агаарын бохирдол 50 хувиар буурна гэж Засгийн газраас тооцоолжээ. Мөн утааг бууруулах чиглэлд 42 мянган айлыг цахилгаан халаагуураар хангах, дулаан алдагдлаа бууруулах ажилд нь зээл өгч дэмжлэг үзүүлэх ажлыг хийхээр төлөвлөсөн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдэгдлээ.

ДУЛААНЫ АЛДАГДАЛ БУУРУУЛАХ, ТОХИЛОГ АМИНЫ ОРОН СУУЦ БАРИХ, ЦАХИЛГААН ХАЛААГУУРТАЙ БОЛГОХ ЧИГЛЭЛД “МОНГОЛ ГЭР” БАГЦ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЗЭЭЛ ОЛГОНО

Утааг багасгах урт хугацааны бодлого буюу дэд бүтэцжүүлэх, орон сууцжуулах ажлыг Засгийн газраас хийж шаардлагатай төсөв хөрөнгийг нь төсөвлөөд явж байгаа гэж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдэгдээд байна. Харин богино хугацаандаа сайжруулсан түлшний үйлдвэрээ өргөтгөж, түлшээ хангалттай хэмжээнд үйлдвэрлэдэг болох, айл өрхүүдийг цахилгаан халаагуураар хангах, дулаан алдагдлаа бууруулахад нь болон тохилог амины сууцтай болоход нь шаардлагатай төсөв хөрөнгийг зээлээр олгох зэрэг ажлыг хийж хэрэгжүүлээд явж байгаа аж.

Засгийн газраас “Монгол гэр 1,2,3” гэсэн багц төслийг хэрэгжүүлэхдээ банкуудаар дамжуулан айл өрхүүдийн орлогоос хамаарч 3-120 сая төгрөг зээлэх аж. Ингэвэл иргэд цахилгаан халаагуурыг банкны зээлээр авч болно гэсэн үг. Зээлийн санхүүжилтийг банк шийднэ. Харин Засгийн газрын зүгээс хүүгийн зөрүүнд татаас өгөх аж. Тодруулбал, зээлийг хүү багатайгаар олгохын тулд зээлийн зөрүүг “Ногоон зээлийн сан”-гийн олон улсын төсөл хөтөлбөр болон “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ноос гаргах юм байна.

Банкнаас шаардлагаа тавина. Шаардлага хангасан нь зээлээ авна. Зээлсэн гурван сая төгрөгөөрөө цахилгаан халаагуур авах, дулааны алдагдлаа бууруулах болон утааг бууруулахад нэмэр болохуйц ажлыг хийх ёстой. Харин тохилог, утаа гаргадаггүй амины орон сууц барихаар бол 120 сая төгрөг хүртэлх зээлийг авахаар судалж болох юм байна. БОАЖЯ Банкуудын холбоотой хамтран уг ажлыг хэрэгжүүлэх бөгөөд ерөнхий зээлийн гэрээний асуудлаар талууд ярилцаж харилцан тохирч буй. Гэрээ батлагдвал банкуудаар дамжуулж тухайн аж, ахуй нэгжийн бүтээгдэхүүнүүдийг авах боломж нээгдэх бөгөөд зээлийн хүүгээ ярилцаж байна гэж эх сурвалж мэдээллээ.

Энэ жил Эрчим хүчний яамнаас утаа бууруулах чиглэлд 42 мянган айл өрхөд 4 квт-ын цахилгаан халаагуур хэрэглэх боломжийг нь бүрдүүлж, сайжруулсан түлшний үйлдвэрийг 4.5 тэрбум төгрөгөөр өргөтгөж байгаа аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.