“New York Times” 14 настай БҮРГЭДЧИН ОХИН Т.ЗАМАНБОЛЫГ онцлон бичжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Баруун Монгол иргэд хөгшид болон хүүхдүүдээ холбож, соёлоо өвлүүлэн үлдээхийн тулд бэлтгэгдсэн бүргэдээр ан хийж, үслэг эдлэл болон унд хоолныхоо хэрэглээг базаадаг байна. Ийнхүү эхэлж буй “New York Times” сонины нийтлэлд Монгол улсын Баян-Өлгий аймаг дахь Сагсай сумын иргэн, 14 настай Т.Заманболыг онцлон бичжээ. Тус нийтлэл энэ сарын 22-ны өдөр нийтлэгдсэн бөгөөд бүргэдээр ан хийдэг Айшолпан охиноос хойш төрөн гарч буй бас нэгэн гайхамшигт анчин охин болох тухай өгүүлсэн байна.

Т.Заманбол охин баасан гариг болоход бушуухан гэртээ харих гэж гэрийн даалгавараа хийж дуусгана. Харин бямба гариг болоход тэр өөрийн итгэлт андаа дагуулан, морио унаад цаст уулаар ан агнахаар явж одно.

14 настай, бүргэдийн анчин энэ охин технологийн хувьсалд өөрчлөгдөж буй эх дэлхийн уламжлалт, онгон байдлыг хадгалж үлдэх нүүдэлчин залуу үеийн төлөөлөл юм. Залуу анчин долоо хоногийн ажлын өдрүүдэд төв рүү хичээлдээ явчихаад, амралтын өдрүүдэд нүүдэлчин гэр бүлийнхээ сууцанд ирнэ. “Өвөө маань бүргэдийг хэрхэн гаршуулах, алсаас дуудах, ан хийлгэх зэрэг бүргэдээр ан авлах урлагийн бүхий л технологийг намайг бага байхаасаа эхэлж зааж сургасан. Өвөөтэйгөө хамт бүргэдээр чоно хүртэл барьж байлаа. Түүнийг нас барсны дараа би үйлийг нь үргэлжлүүлж бүргэдчин болохоор шийдсэн" хэмээн Т.Заманбол хэлсэн байна.

Бүргэдийг дасган гаршуулах, ан авлах явдлыг гадаадын олон зуун жуулчид сонирхох болж жил бүр Бүргэдийн баяр, Бүргэдчидийн өдөрлөг зохиогддог болжээ. "Бүргэдээр ан хийх уламжлалыг эрт дээр үеэс хадгалж буй цорын ганц үндэстэн бол Монголын казакууд юм. Казак түмэн жил бүр “Golden Eagle Festival”-ийг зохиох үеэр тус сэтгүүлийнхэн Т.Заманболыг охиныг олж харжээ.

Т.Заманболын хувьд түүний бүргэд эмээ, өвөөгийнх нь үүргийг гүйцэтгэнэ. Гэхдээ бүргэд нь өвөөгөөс нь өвлөгдөж ирсэн шувуу биш болохыг тэр хэлжээ. Учир нь тэрээр 13 настай байхдаа өвөөгөөс өвлөж авсан анхны бүргэдээ эрх чөлөөтэй болгохоор эх байгальд нь тавьжээ.

Баян-Өлгий аймгийн бүргэдчидийн 80% нь 30-70 насны хүмүүс байдаг бол бүргэдээр ан хийх уламжлалыг 170 хүн эцгээсээ, 50 хүн төрөл садангаасаа, 20 хүн найз нөхдөөсөө өвлөн авчээ. Нийт бүргэдчидийн 260 нь 1-6 бүргэдийг тэжээдэг. 6-20, 21-50 хүртэл бүргэд тэжээдэг бүргэдчин ч байдаг байна. Тухайлбал, Сагсай сумын иргэн М.Есентэй 20 жил бүргэдчин хийхдээ нийт 110 эм бүргэд барьж 109-ийг нь бусдад зарсан буюу шилжүүлсэн байна. Толбо сумын А.Бектемир 55 жилийн хугацаанд 50 бүргэд байгалиас барьж 35-ыг нь бусдад өгсөн байна.

ЭХ СУРВАЛЖ: www.nytimes.com


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.