Казакстаны Скат авиа компани манай улсад шууд нислэг үйлдэхээр бэлтгэжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

-“СКАТ” АВИА КОМПАНИ НИСЛЭГ ҮЙЛДЭХ ГЭРЧИЛГЭЭГЭЭ ХЭДИЙН АВСАН-

Олон улсын нислэгийн чиглэлийн тоо энэ онд нэмэгдэх талаар ИНЕГ-аас мэдээлсэн байдаг. Өнгөрөгч 2018 онд манай улсаар 123 мянган онгоц дамжин өнгөрсөн нь өнгөрөгч оныхоос 20 мянгаар өссөн үзүүлэлт юм байна. Тухайлбал, энэ онд БНСУ, Япон улсууд руу нисэх зорчигчдын суудлын тоо болон чиглэл нэмэгдэхээс гадна Казахстан улсын иргэний агаарын тээврийн “Скат” компани шууд нислэг үйлдэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.

Тодруулбал, тун удахгүй Казакстаны “Скат” авиа компани Астана-Улаанбаатар-Астана чиглэлд нислэг үйлдэнэ. Ингэснээр 18 жил идэвхигүй болоод байсан Монгол, Казакстан хоёр улсын хоорондын агаарын тээврийн харилцаа, хамтын ажиллагаа сэргэхийг холбогдох албаныхан онцолж буй.

Энэ талаар өнгөрөгч оны аравдугаар сард ИНЕГ-ын дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба /НААХЗА/-ны дарга С.Манлай хэлэхдээ, “Скат” авиа компани Астана-Улаанбаатар-Астана чиглэлд удахгүй нислэг үйлдэхээр бэлтгэгдэж байна. Манайхаас “ИНД-129”-ийн дагуу нислэг үйлдэх гэрчилгээгээ авсан. Монгол, Казакстан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа 18 жил идэвхгүй болоод байсан юм билээ. “Скат” компани дээрх чиглэлд тогтмол нислэг үйлддэг болсноор агаарын тээврийн салбарт хамтын ажиллагаа сэргэж байна гэж хэлж болно” гэжээ.

2018 оны дөрөвдүгээр сард Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар тээврийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ОХУ-ын нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг авто замаар Казахстан болон Монгол Улсыг холбох оновчтой хувилбарын талаар болон Астана-Улаанбаатар, Усть-Каменогорск-Өлгий-Ховд чиглэлийн нислэг нээх асуудлыг хэлэлцээд Нислэгийн хайлт болон аврах салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн байгуулах ажлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан.

Тус хэлэлцээр бодит биелэлээ олж энэ онд багтаан Казакстаны авиа компани шууд нислэгээ үйлдэхээр зэхэж байна. Энэ талаар бид ИНЕГ-аас тодруулахад, “Скат авиа компани нислэг үйлдэх гэрчилгээгээ албан ёсоор аваад байгаа. Энэ оны нэгдүгээр сард нислэгээ үйлдэж эхлэх ёстой ч тодорхой мэдээлэл алга” гэсэн юм. Харин Казакстаны зарим сайтуудад мэдээлснээр “Скат авиа компани 2018 онд Алматы-Сочи, Душанбе-Алматы чиглэлүүдэд шууд нислэг үйлдэж эхэлсэн. Харин 2019 оны нэгдүгээр улиралд Улаанбаатар-Алмата, Улаанбаатар-Карганда, Улаанбаатар-Астана-Улаанбаатар гэсэн чиглэлүүдэд шууд нислэг үйлдэхээр төлөвлөж эхлээд, бэлтгэл ажилдаа орсон” тухай дурдсан байна.

Шууд нислэгийн үнийн хувьд:

  • Астана-Улаанбаатр 165 104₸ \тенге\
  • Алматы-Улаанбаатар 177 482₸ \тенге\
  • Усть-Каменогорск-Улаанбаатар 450 567₸ \тенге\
  • Астана-Ховд 458 431₸ \тенге\ байх аж.

Одоогийн байдлаар зорчигчид: дараах хоёр аргаар Улаанбаатараас Астана хүрч байгаа. Эхнийх нь хот болон улс хоорондын нийтийн тээврийн унаагаар Улаанбаатар-Баян-Өлгий-ОХУ-Астана гэсэн маршрутаар дунджаар 4-5 өдөр зарцуулж очиж байна. Эсвэл ОХУ-аар дамжин галт тэргээр зорчиж мөн ойролцоо хугацаа зарцуулан очиж байгаа юм.

-ОДООГООС ТАВАН ЖИЛИЙН ӨМНӨ ХОЁР ОРОН АГААРЫН ТЭЭВРИЙН
ХАРИЛЦААГАА СЭРГЭЭХ ГЭЭД АМЖИЛТГҮЙ БОЛЖ БАЙЖЭЭ-

Бүгд Найрамдах Казахстан улс, Бүгд Найрамдах Монгол Улсын Засгийн газар 1992 онд агаарын тээврийн хоёр талын гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж байжээ. Үүний дараа 2014 онд нислэг үйлдэх санамж бичигт гарын үсэг зурж, баталсан юм. Ингэхдээ Астана-Улаанбаатар, Астана-Баян-Өлгий чиглэлд шууд нислэг хийхээр манай салбарын яам, агентлагуудтай яриа хэлэлцээ хийсэн байдаг.

Тус улсын агаарын тээврийн “Эйр Астана” болон “Бек Эр” компанийн нисэх онгоц Монгол руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа хангасан тухай мэдээлэгдэж байв. Гэвч үүнээс хоёр жилийн дараа буюу 2016 оны тавдугаар сард Казахстаны Nur.kz мэдээллийн хуудсанд “Улаанбаатар руу нисэх “Air Astana” компанийн нислэгийг Монгол улс хориглолоо” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгджээ. Уг мэдээлэлд, Казахстаны агаарын тээврийн “Air Astana” компани “Монголын агаарын тээврийн удирдлагууд тодорхойгүй шалтгаанаар ирэх зургаадугаар сараас эхлэх байсан Астана Улаанбаатарын чиглэл дэх шууд нислэгийг үйлдэнэ гэсэн амлалтаасаа буцсан тул уг нислэгийг манай талаас цуцлахаас өөр аргагүйд хүрч байгаад харамсалтай байна” гэжээ. Мөн “Нислэг үйлдэх зөвшөөрөл авахын тулд баримт бичиг бүрдүүлэн ажиллахад хоёр сарын хугацаа шаардлагатай болсон. Air Astana компани нь монголын Иргэний Агаарын Тээврийн аудитын шалгалтыг амжилттай давж, ямар ч асуудал үүсээгүй” гэж уг мэдээнд дурджээ.

Энэ тухай тухайн үеийн Монгол Улсын Зам Тээврийн яамны сайд М.Зоригт "Эйр Астана компани нь гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ /зөвшөөрөл/ аваагүй, Астана-Улаанбаатар-Астана нислэгийн чиглэлд хэрэглэх тарифыг хоёр талын удирдах газрууд хүчин төгөлдөр болгоогүй байгаа” гэж мэдэгдэж байв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.