Хавдраар өвдсөн орон нутгийн иргэд 10-20 мянган төгрөг төлөөд түр амьдрах байртай боллоо

М.Амаржаргал / Эрүүл мэнд

-ХОРТ ХАВДРЫН ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ БУЙ 11 МЯНГАН ХҮНИЙ 51 ХУВЬ НЬ
ХӨДӨӨ ОРОН НУТГААС ИРСЭН ӨВЧТӨНҮҮД-

Хавдрын тохиолдлын тоо жилээс жилд нэмэгдэж, өнгөрсөн онд 7,000 гаруй хүн хавдартай хэмээн оношлогдсон гэх статистик бий. Үүний улмаас хавдраар оношлогдож, эмчилгээ хийлгэж буй хүн эмнэлэгт дээд тал нь зургаа л хонож байгааг ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл нэг хүнийг 10-14 хоногийн хугацаанд хэвтүүлэн эмчлэх гэхээр дараагийн өвчтөн хүлээх шаардлага гардаг учраас ийм нөхцөл үүсдэг байна. ХСҮТ-д жилдээ 100 мянга гаруй хүн үзүүлж, 11 мянган хүн эмчлүүлдгээс 51 хувь нь хөдөө орон нутгаас ирсэн өвчтөнүүд байдаг аж. Хорт хавдрын эмчилгээ нь энгийн мэс засал шиг тэр даруйд нь гэрт нь хариулдаггүй. Эмчилгээний хугацаа урт удаан, химийн эмчилгээ гэхэд 40-45 хоног үргэлжилдэг байна.

Өнөөдөр 18053 хүн хорт хавдрын улмаас аймаг, дүүргийн хавдар судлаач эмчийн хяналтад эмчлүүлж байна. Гэтэл Улсын хэмжээнд ганцхан ХСҮТ л эдгээр өвчтөнүүдийг хүлээн авч үйлчилгээ үзүүлж буй. Хорт хавдраар өвчилсөн иргэдийн зарим нь хэдэн мянган км-ийг цаанаас итгэл өвөртөлсөөр нийслэлийг зорин ирдэг. Гэвч эмчилгээ хийлгэж байх хугацаандаа байрлах байрны асуудал нэн түрүүнд тулгамдаж хамаатан садан, нийтийн байр болон ХСҮТ-ийн ойр орчмын жижиг дэн буудлаар хоног төөрүүлдэг. Хавдрын Үндэсний зөвлөл байгууллагаас 2016, 2018 онд хийсэн судалгаагаар хавдартай орон нутгийн өвчтөнүүдийн 70 хувь нь хөрөнгө, санхүү байр орон сууцны бэрхшээлтэй тулгардаг тухайгаа дурджээ. Тиймээс “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ынхан гадаад, дотоодын байгууллын хандив, дэмжлэг туслалцаатайгаар хоёр хоногийн өмнө хавдартай өвчтөнүүдэд зориулсан “Дарь эхийн өргөө”-г нээлээ. Энд орон нутгаас нийслэлд ирсэн хавдартай өвчтөнүүд эмчилгээ хийлгэх явцдаа гэр бүлийн гишүүдийн хамт байрлах боломжтой юм.

Өмнө нь хавдартай иргэд хотод байрлах газар байхгүйн улмаас өвчнөө даван туулах итгэл найдвар нь алдагдан сэтгэл санаагаар унах, эмчилгээгээ дундаас хаяж нутаг буцах үзэгдэл багагүй гардаг байжээ. Харин одоо хавдрын эмчилгээ хийлгэж буй иргэд гэр бүлийнхээ гишүүнтэй хамт дулаахан, тохилог, цэвэрхэн орчинд боломжийн үнээр байрлах боломж олдсонд олон хүн талархалтай хандаж байна. Өөрийгөө хавдартай болсон гэдгийг мэдсэн иргэд маш хүнд сэтгэл санааны маш том дарамт, цохилтод ордог аж. Энэ үед гэр бүлийнхэн болон ойр төрлийн хүмүүс нь сэтгэлзүйн туслалцаа өгч хамтдаа байж өвчнөө даван туулахад нь нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Ийм өвчнөөр өвчилсөн хүмүүсийн сэтгэл санаанаас болж дархлаа нь хүртэл дарангуйлагдаж эмчилгээ үр дүнгүй болох үе байдаг аж. “Дарь эхийн өргөө” нээгдсэнээр өвчтөн, ар гэрт нь үүсдэг санхүүгийн дарамт нь багасч эмчилгээндээ л анхаарах боломж нээгдэж буй юм.

-“ДАРЬ ЭХИЙН ӨРГӨӨ”-НД НЭГ ХҮН ӨДРИЙН 10-20 МЯНГАН
ТӨГРӨГӨӨР БАЙРЛАХ БОЛОМЖТОЙ-

“Дарь эхийн өргөө” байр нь гал тогоо, амралтын өрөө, урлагийн сэтгэл заслын өрөө болон өвчтөн болон асран хамгаалагч нар нь байрлах 14 өрөөтэй. Өрөө бүрийг өвчтөнүүдэд таатай сэтгэгдэл төрүүлэхүйц байдлаар засаж тохижуулснаараа онцлогтой бөгөөд нэг дор 30 хүн байрлах боломжтой.

Энэ талаар Хавдрын үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Б.Цэцэгсайхан “Нэг хүний өдрийн хөлс 10-20 орчим мянган төгрөг байх болов уу гэж бодож байгаа. Орон нутгаас ирж байгаа өвчтөн болон түүний асран хамгаалагч аль аль нь байрлах боломжтой. Гэхдээ цаашдаа хувь хүн, албан байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжлэг үзүүлэх юм бол иргэдээс авах мөнгийг багасгах боломжтой. Манай зөвлөл энэ төслийг 2017 оноос эхлүүлсэн. Анх Австрали улсад хавдарт өвчний шугамаар 14 хүн явж, сарын хугацаанд туршлага судалсан. Тухайн улсад орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнүүдээ хэрхэн байр, орон сууцаар хангаж, асуудлыг хэрхэн шийддэг болохыг судалсны үндсэн дээр төслөө боловсруулж жилийн хугацаанд 130 орчим сая төгрөг цуглуулаад тохижилтын ажлыг хийж дуусгасан” гэв.

ОХУ-ын Эрхүү мужийн Хавдар судлалын төв нь 60-80 хүний багтаамжтай дотуур байртай байдаг аж. Тэр байрандаа орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнүүд эмчилгээнийхээ явцад байрлаж, биеэ тэнхрүүлдэг байх жишээтэй. Энэ төрлийн үйлчилгээ нь Канад Австрали, Америк, Англи, Малайз, Энэтхэг зэрэг олон оронд бий. Манай улсад уг ажлыг төрийн байгууллага биш Төрийн бус байгууллагын зүгээс санаачлаад ажил хэрэг болгосон нь сайшаалтай юм.

“Хавдрын үндэсний зөвлөл” ТТБ нь ХСҮТ-тэй хамтран ажиллахаар гэрээ байгуулж буй юм байна. Уг гэрээ ирэх долоо хоногт дуусгавар болсноор өвчтөнүүдийг хүлээн авч эхлэх аж. Хавдартай өвчтөн хөдөө, орон нутгийн эмнэлгийн байгууллагаас бичиг хийлгэн ирж ХСҮТ-д хандана. Үүний дараагаар “Дарь эхийн өргөө”-нд ирж байрлах боломжтой. Мөн хөдөө, орон нутгийн хавдартай өвчтөнүүдийг 24 цагийн турш хүлээн авч үйлчлэн амьдрах итгэл хайрлаж, “Эдгэрнэ ээ” гэсэн тэнэгэр бодлыг түгээж ирээдүйд нь гэгээ нэмнэ гэдгийг тус ажлыг санаачилсан залуучууд хэлж байлаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.