Тамифлу эмийг ЭМЯ-ны шахалтаар биш эмчийн жороор олгож байгаа гэв

П.Урнаа / Эрүүл мэнд

-H1N1 ВИРУСЫН ДЭГДЭЛТИЙН УЛМААС ДЭМБ-Д ХҮСЭЛТ ТАВЬЖ ТАМИФЛУ
ЭМИЙГ 1200 ХҮҮХДЭД ХЭРЭГЛЭЖ БАЙГАА-

Виферон лааны маргаан дагуулсан асуудал намжиж амжаагүй байхад бас нэг эмийн талаар иргэд олон нийтийн сүлжээнд маргаан дагуулж эхэлжээ. Тодруулбал, ЭМЯ-наас томуугийн үед “тамифлу” хэмээх эмийг хэрэглэ гэж нэр цохож зөвлөж байгаа нь буруу, ганцхан хувийн эмнэлэг хэтэрхий үнэтэй зарж эх хүүхдийн эрүүл мэндээр бизнес хийж байна гэх мэтчилэн гомдоллоод буй юм.

Нэгдүгээр сарын 07-ний өдөр ЭМЯ-наас томуу томуу төст өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийх үерээ “Томуугийн улирал эхэлсэн тул ДЭМБ-д хүсэлт тавьж вирусын онцлогт тохирсон тамифлу эмээс 1200 хүүхэд, 500 хүний тун авч байгаа. ХӨСҮТ-д нөөцөлсөн 500 хүний тунг хүүхдийн эмнэлгүүдэд хуваарилсан” тухай ярьсан байдаг аж. Тус мэдээллээс үүдэж салбар яамыг эмийн нэр цохож иргэдэд сурталчилсан, түүнийг нь авч хэрэглэх гэхээр ганц хоёрхон хувийн эмнэлэгт тэнгэрт хадсан үнэтэй байгаа тухай асуудал яригдаж эхэлжээ.

Одоогоос хэдхэн сарын өмнө виферон хэмээх дархлаа дэмжих лааны асуудлыг салбарын сайд нь анх хөндсөн бөгөөд улмаар импортлогч компанийнхан сайдаа буруутгаж шүүхэд өгөхөө мэдэгдсэн дүр зураг өнөөдөр ч үргэлжилж байгаа. Үүнтэй холбогдуулан зарим нь виферон лааг иргэдийн хэрэглээнээс хасч хаячхаад оронд нь тус тамифлуг шахах эмийн бизнесийн санаа агуулж байгаа хэмээн хардах үндэслэлээ болгож байгаа аж. Уг виферон лааг манай улсын бараг бүхий л өрхийн эмч, эмнэлгүүд ээжүүдэд бичиж өгдөг байсан ч өдгөө хэрэглэх эс хэрэглэхгүйн зааг дээр эргэлзээтэй асуудал үүссэн нөхцөл байдалтай байгаа билээ.

Тамифлу эмийг анх 2009 онд А хүрээний буюу H1N1 вирус дэгдэж байх үед манай улсад хэрэглээнд нэвтрүүлж эхэлж байжээ. Иргэд салбар яамнаас тус вирусын эсрэг тамифлу эмийг хэрэглээнд хэр өргөн ашиглаж байгаа талаар хамгийн ихээр сонирхож байна.

-ЭМЯ:ОСЕЛЬТАМИВИР ЭМИЙГ ЭМЧИЙН ЖОРООР ХЭРЭГЛЭХЭЭС БИШ ИРГЭДИЙГ ЗААВАЛ АВ ГЭЖ ШАХААГҮЙ-

Иймд бид нийгэмд маргаан дэгдээгээд байгаад тамифлу эмийн асуудлын талаар ЭМЯ-ны мэргэжилтнээс тодруулсан юм. Энэ талаар “Тус эмийн олон улсын нэршил нь осельтамивир. Худалдааны нэршил нь тамифлу юм. Осельтамивир эм нь манай улсад 2009 оноос хойш хэрэглэгдэж байна. Яг томуугийн вируст сонгомлоор үйлчилдэг. Гэхдээ томуу янз янз вирусээр үүсгэгддэг тул тус эмийг заавал эмчийн заалтаар хэрэглэнэ.

Тус эм нь ДЭМБ-ын зайлшгүй хэрэглэгдэх эмийн загвар жагсаалтад орсноос гадна манай улсын зайлшгүй хэрэглэх эмийн жагсаалтад ч мөн орсон эм юм. Манай улсад осельтамивир, стартамифлу гэсэн нэрүүдээр худалдаалагддаг. Анх манай улсын зах зээлд Энэтхэг улсын стартамифлу гэдэг эм нь бүртгэгдсэн байдаг. Иймд ДЭМБ-д бүртгүүлж зөвхөн эмнэлгүүдэд л өгч байгаа. Тэрнээс биш салбар яамнаас тус эмийг заавал авч хэрэглэ, тэг ингэ гэсэн заавар чиглэл өгөөгүй. Иргэд зөвхөн эмчийн жороор хэрэглэнэ. Түүнээс биш дур мэдэх хэрэглэхгүй. Эмч өвчний онцлог, вирусын төрлөөс хамаараад жор бичих ёстой. Үүний дагуу эмийн сангууд эмчийн жороор олгодог эм.

Үүнийг "Моносфарм" эмийн компани Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн. Тус байгууллагаас импортынх нь талаар тодруулахад нэгдүгээр сарын 15-наас оруулж ирэх тухай мэдээллийг бидэнд өгсөн. Гадуур ганц хоёр эмнэлгүүдэд өндөр үнэтэй худалдаалагдаж байгаа асуудлыг ШӨХТГ- гомдол гаргаж иргэд шалгуулж болно” гэсэн хариултыг бидэнд өгсөн юм.

-ОСЕЛЬТАМИВИР ЭМ ЖИЖИГ ЭМИЙН САНГУУДААР ИРЭХ САРААС ЭХЭЛЖ
ХУДАЛДААЛАГДАНА ГЭВ-

Мөн тус эмийг гадуур энгийн эмийн сангуудад борлуулж байгаа эсэх, иргэд дур мэдэн худалдаж авдаг эсэх талаар судалсан юм. Жирийн жижиг эмийн сангуудад тус эмийг худалдаалахгүй байлаа. Эмийн санч нарын хэлж байгаагаар “Эрүүл мэндийн яамнаас тус эмийг зарахыг шаардаагүй. Хоёрдугаар сараас эмийн сангуудаар орж ирэх сурагтай. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад ороогүй. Эмийн хэрэглэх заалт нь вирусын эсрэг, дархлаа дэмжих юм билээ” гэсэн хариултуудыг өгч байв.

Түүнчлэн зарим эмийн сангууд хэтэрхий өндөр хэзээнээс худалдаалагдаж эхлэхийг ч, ямар үнэтэйг ч мэдэхгүй байгаа аж.

Зарим нь тус эмийн нэг ширхэг нь арван хэдэн мянган төгрөгөөр зарагддаг тухай хэлж байсан бол, Интермэд эмнэлэгт 100 мянга хол давсан үнээр худалдаалагддаг тухай хэлсэн юм. Харин “Монос” худалдааны төвийн нэг салбарт ороход “одоохондоо энэ эм манай салбарт орж ирээгүй байна. Хэзээ орж ирэхийг мэдэхгүй. Үнийн хувьд нэг ширхэг нь 6900 төгрөгөөр худалдаалагдах юм байна. Хайрцгандаа 10 ширхэгтэй” гэлээ.

Ийм байхад эм нь хамгийн ашигтай бизнесийн тоонд ордог тул янз бүрийн бизнесийн шахаа, байгаа тухай хардагдах тохиолдлууд бий. Үүний хажуугаар мэргэжлийн байгууллагуудын шалгалтаар бүртгэлгүй эм зарж буй тохиолдол цөөнгүй илэрдэг асуудал иргэдийг эмзэглүүлдэг.

Нөгөө талаар манай улс нийт хэрэглэж байгаа эмийнхээ 70 орчим хувийг импортоор авдаг байна. Эмийн баталгаа чанарын асуудал хөндөгддөг билээ. Өнөөдөр Монгол Улсад 6000 орчим эм бүртгэлтэй байдаг аж. Улсын хэмжээнд 900 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд монголчууд жилд 150 тэрбум орчим төгрөгийн эм, эмийн бүтээгдэхүүн хэрэглэж байна гэсэн тооцоог эмзүйчид гаргасан байдаг. Яг энэ асуудлаас улбаалан Монголд эм, эмийн бүтээгдэхүүний хяналт ямар хэмжээнд байдаг вэ эргэлзээтэй хэвээр.

-Оселтамивир (Тамифлу) 75мг энэ вирусний эсрэг эмийн талаар товчхон мэдээллэхэд:

  • Нэршил: Oseltamir (INN) Oseltamivir phosphate
  • Химийн нэршил: ethyl (3R,4R,5S)-5-amino-4-acetamido-3-(pentan-3 yloxy)cyclohex-1-ene-1-carboxylate C16H28N2O4
  • Үйлдвэрлэгч: Roche, Chugai Pharmaceutical Co.
  • Найрлага: Оселтамивир75 мг
  • Хэлбэр, Савлалт: 10 капсул, сироп, аэрозоль /75 мг/

Фармакологийн үйлдэл: Нейроаминидазын ингибитор томуугийн вирусийн эсрэг үйлдэлтэй урьдал бодис /prodrug/ бөгөөд халдварын шалтгаант эсийн гэмтлээс амьсгалын замд гарсан өөрчлөлтийг засдаг сиалын хүчлийн аналог. Нейроаминидазын идэвхийг саатуулснаар халдварлагдсан эсээс вирүс эрүүл эсэд тархахаас сэргийлдэг. А ба В хүрээний вирүсээр үүсгэгдсэн томуугийн үед амантадин, римантадины нэгэн адил вирусын эсрэг нөлөөт эмийн бэлдмэл. Тамифлюг хэдий эрт хэрэглэж эхлэвэл эмчилгээний үр дүн төдий сайн. Учир нь томуугийн вирүсийн халдвар авсны дараа эхний 24 цагийн дотор вирүсийн үржлийг саатуулах, халуурах зэрэг томуугийн анхны шинж тэмдэг илэрснээс хойш 36-48 цагийн дотор хэрэглэж чадвал өвчний явц 1-2 өдрөөр богиносох ба 2-догч хүндрэлийг хүүхэд, насанд хүрэгсдэд нэгэн адил бууруулдаг болохыг АНУ-ын Хүнс Эмийн Хороо /FDA/ плацеботой судалгаагаар нотолсон байна.

Фармакокинетик шинж чанар: Биохүрэхүй 75% /0.75/. Ууж хэрэглэдэг продраг элгэнд эстеразын нөлөөгөөр идэвхжиж вирүсийн эсрэг үйлдэлтэй Оселтамирын чөлөөт карбоксилат (GS4071) болж хувирдаг ба бие махбодод сайн тархдаг, бөөрөөр ялгардаг, хагас ялгаралтын үе (Т1/2) 6-10 цаг.

Хэрэглэх заалт:

-Томуугийн А хүрээний /H1N1/ шинэ вирүсийн халдварын эмчилгээ, урьдчилан сэргийлэлт

(1-ээс дээш насны хүүхдэд) хэрэглэнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.