“The Voice of Mongolia” шоу нэвтрүүлэг “Азийн телевизийн наадам”-ын хоёр төрөлд шилдгээр шалгарлаа

Б.Гэрэлмаа / Энтертайнмент

23 дахь удаагийн "Азийн телевизийн наадам" Малайз улсын Кучинг хотод энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Телевизийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулдаг “Азийн телевизийн наадам”-ын түүхэнд энэ жил Монгол Улс анх удаа телевизийн нэвтрүүлгийн 4 тѳрѳлд 3 уран бүтээлээрээ нэр дэвшсэн.

“Монгол ТВ” телевизээс нэр дэвшсэн бүтээлүүдийн тухайд:

•“Шилдэг энтертайнмент нэвтрүүлэг”-ийн төрөлд "The Voice of Mongolia"

•“Шилдэг асуулт хариултын нэвтрүүлэг”-ийн төрөлд "Төрөх өрөөний тоглоом"

•“Шилдэг реалити шоу” төрөлд "Shark Tank Mongolia"

•"Азийн шилдэг нутагшуулсан контент” төрөлд "The Voice of Mongolia" нэвтрүүлэг өрсөлдсөн.

Улмаар 2018 онд үзэгчдийн хүртээл болсон “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлэг нэр дэвшсэн 2 тѳрѳлдѳѳ ялалт байгуулж, “Азийн шилдэг энтертайнмент нэвтрүүлэг’’, “Азийн шилдэг нутагшуулсан контент’’-оор шалгарч, Кучинг хотод 1-р сарын 12-нд зохион байгуулагдсан шагнал гардуулах ёслолын үеэр шагналаа гардан авлаа.

Шагнал гардуулах үеэр “Монгол ТВ” телевизийн Стратеги, бодлого төлөвлөлт хариуцсан дэд захирал, “The Voice of Mongolia" нэвтрүүлгийн ерөнхий продюсер Г.Бат-Эрдэнэ ярихдаа:

“Энэ бол Монголчуудын хамгийн анхны номинац, мөн хамгийн анхны шагнал боллоо. Түүнчлэн энэ үдшийн эхний шагнал болж байна. Хамт олноороо маш их бахархаж байгаагаа онцлон хэлье. Бүх үзэгчиддээ баярлалаа. Биднийг халуун дотноор хүлээн авсан та бүхэнд баярлалаа. Энэ шагналыг би Монгол Улсын авч буй сүүлчийн шагнал гэж бодохгүй байна. Бид бүхэн энэ үдэш Монгол хүн гэдгээрээ үнэхээр их бахархаж байна” гэжээ. Харин “Монгол ТВ” телевизийн гүйцэтгэх захирал, “The Voice of Mongolia" нэвтрүүлгийн ерөнхий продюсер Ч.Номин хэлсэн үгэндээ:

“Та бүхэн шиг авьяаслаг хүмүүсийн дунд байгаа маань нэр төрийн хэрэг. Нэг үдшийн дотор хоёр шагнал авсандаа маш их баяртай байна. Манай телевизийн хувьд “Азийн телевизийн наадам”-д оролцсон анхны тохиолдол энэ болж байна. Тэр ч үүднээсээ уг шагналыг авсан маань нэр төрийн хэрэг юм. Энэ зуун бол Азийн зуун. Хамтдаа нийгмээ соён гэгээрүүлцгээе гэдгийг онцолжээ.

“Азийн телевизүүдийн наадам”-ыг анх 1996 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн төдийгүй телевизийн салбар дотроос хамгийн ач холбогдолтой, гүйцэтгэлтэй, шилдгийн шилдэг бүтээлүүдийг тодруулдаг уламжлал тогтжээ. Жил бүр Австрали, Сингапур, Тайвань, Шри Ланк, Филиппин, Бутан, Шинэ Зеланд, Хонг Конг, Индонез, Малайз, Энэтхэг, Хятад, Тайланд зэрэг улс орны 44 телевиз, киноны салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн 44 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчийн баг 41 тѳрѳлд нэр дэвшигчдээс 2-10 гэсэн оноонуудыг ѳгч, тѳрѳлдѳѳ хамгийн олон оноог цуглуулж чадсан нэр дэвшигч шалгардаг. Энэ жилийн наадамд Азийн улс орнуудаас 2000 гаруй уран бүтээлч болон уран бүтээлүүд ѳрсѳлдѳж, 250 нь л нэр дэвшиж чаджээ.

“Шилдэг энтертайнмент” төрөлд өрсөлдөгчид:

1.Dance Power – Formosa TV, Taiwan

2.The Voice of Mongolia – Mongol TV, Mongolia

3.Indonesian Choice Awards 5.0 NET – NET, Indonesia

4.Diva Liza 50-Year Special – TVB, Hong Kong

“Шилдэг нутагшуулсан контент” төрөлд өрсөлдөгчид:

1.The Remix – India S07 – Amazon Prime Video, India

2.Show Me The Money – True4u, Thailand

3.Master Chef Thailand Season 2 – Channel 7, Thailand

4.Drag Race Thailand – LINE TV, Thailand

5.The Voice of Mongolia – Mongol TV, Mongolia

Энэ жилийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг Азийн 15 орны телевизээр шууд дамжуулж, олон нийтийн сүлжээ Facebook, Instagram хуудсаар Live-аар үзүүлсэн нь “Азийн телевизийн наадам”-ын цар хүрээг илтгэж байна. Ёслолын арга хэмжээнд Вьетнам улсын алдарт уран бүтээлч Gary Valenciano, БНСУ-ын хөвгүүдийн хамтлаг SF9 зэрэг Азийн урлаг соёлын томоохон тѳлѳѳлѳгчид оролцож уран бүтээлүүдээ толилуулжээ.

image

image

image

image


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.