Д.Цэцгээ: Томуугийн А хүрээний H1N1 вирусээр зургаан хүн оношлогдсоноос нэг хүн амь насаа алдсан нь үнэн

П.Урнаа / Эрүүл мэнд

Өчигдөр цахим орчинд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт /УНТЭ/ “А” хүрээний H1N1 томуугийн вирусээр өвчилсөн хүмүүс ихээр ирж өдөрт наймаас арван хүн нас барж байгаа гэсэн мэдээлэл цацагдаж, олныг цочирдуулсан билээ. Тодруулбал, хорь гарсан залуус эмнэлэгт ирээд хоёроос гурван цагийн дараа амьсгалын цочмог дутагдалд орсноос амиа алдаж байгаа гэсэн сэрэмжлүүлэг тархсан.

Энэ талаар УНТЭ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Цэцгээ өчигдөр өглөө /2019.01.16/ мэдээлэл хийх үеэрээ А хүрээний H1N1 вирусээр өвчилсөн, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй хэмээсэн байдаг. Энэ талаар хэлэхдээ, “Яаралтай тусламжаар 90-100 хүн ирж үйлчлүүлж байгаа. Өчигдөр болон өнөөдрийн байдлаар 63-75 хүн үйлчлүүлсэн. Эдгээр хүмүүсийн 20 хувь нь амьсгалын замын өвчлөл буюу уушгины хатгалгаа болсон байна. Хуучин архаг өвчтэй, чихэр, сахарын өвчтэй зэрэг дархлаа нь дарангуйлагдчихсан хүмүүс амьсгалын замын өвчлөлөөр өвдөх нь илүү байна. Сошиал орчинд яригдаж байгаа шиг H1N1-ийн халдвараар хүн нас барсан тохиолдол гараагүй. Ингэж худал мэдээлэл тарааж, иргэдийг түгшээж болохгүй” гэж байв.

Гэвч тухайн өдрийн орой буюу нэгдүгээр сарын 16-ний өдөр "NTV" телевизийн оройны мэдээллийн хөтөлбөрөөр нэг хүн нас барсан хэмээн өмнөх мэдээллээ няцааж ярьсан юм. Тодруулбал, “Энэхүү мэдээлэлдээ тэрээр уушгины хатгаагаар 25 хүн хандаж, тэдгээр хүмүүсээс шинжилгээ авахад зургаан хүн томуугийн А хүрээний Н1N1 вирусээр халдварласан нь тогтоогдсон. Үүнээс нэг хүн хатгаагаа даалгүй амь насаа алдсан. Томуу, томуу төст өвчлөлийн үед архаг хууч өвчтэй хүмүүс хатгаа болж хүндэрч орж ирэх тохиолдол их байна” гэжээ.

Бид энэхүү зөрүүтэй мэдэгдлийн талаар өнөөдөр өөрөөс нь тодруулахад, “Эмнэлгийн байгууллагын ажил гэдэг цаг минутаар хэмжигддэг зүйл. Өчигдөр өглөө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэл өгсний дараа хүмүүсийн шинжилгээний хариу гарсан. Тус шинжилгээний хариугаар зургаан хүнээс А хүрээний H1N1 вирус илэрч, архаг хууч өвчтэй байсан нэг хүн тус вирусээр халдварлаж нас барсан тохиолдол бүртгэгдсэн” гэлээ.

Мөн бид УНТЭ-ийн дарга н.Чулаанбаатартай холбогдож тодруулахад, “Томуугийн А хүрээний H1N1 вирусээр халдварлаж нэг хүн нас барсан нь үнэн. Гэхдээ олон нийтийн цахим сүлжээгээр яваад байгаа шиг олон хүн нас барсан, идэр залуу хүмүүс өвчилсөн тохиолдол байхгүй. Архаг хууч өвчтэй буюу цусны хавдартай байсан хүн байсан. Худал мэдээллээр нийгмийг цочирдуулж болохгүй” гэдгийг хэлж байлаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.