ТОХИРОО: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол,Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нарыг УИХ-ын даргад санал болгожээ

Д.Тулга / Улстөр

-ХОЁР ТАЛЫН МЭДЭЭЛЭЛ ЗӨРӨВ-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хууль болон Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ энэ долоо хоног эцэслэн батлах чигтэй байна. Хуулийн төсөл батлагдангуут гишүүдийн олонх нэгдэж, УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх утга бүхий тогтоолын төслийг өргөн мэдүүлэх учиртай.

Парламент уг тогтоолын төслийг хэлэлцэн, баталснаар өнөөгийн УИХ-ын дарга М.Энхболд албан тушаалаа өгөх хууль эрх зүйн орчин бүрдэнэ. Уг хуулийн төслийг ҮАБЗ-өөс 2019.01.10-ны өдөр хэлэлцэн батлах зөвлөмжийг гаргасан. Харин УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх эсэхийг нь мөн өдөртөө багтаан шийднэ гэсэн тайлбартайгаар уг зөвлөмжид гарын үсэг зурсан гэдгээ тодотгосон байдаг.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан, эрх баригч намын 27 ба 37-ын бүлгийнхэн хоёр талаасаа ажлын хэсэг гарган уулзсан. Пүрэв гаригийн орой болсон тус уулзалтын талаар эрх баригч намын гишүүд “Хоёр талаасаа зөвшилцөж байна” хэмээн цахим хуудастаа бичсэн нь бий. Улмаар өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Х.Нямбаатар гишүүн уг уулзалтын талаар “Хоёр талаасаа уулзаж, сандал ширээ ярьсан” гэж тодотгосон нь анхаарал татсан юм.

Үүнийг бататгах гэсэн мэт, өчигдөр Ж.Батзандан гишүүн мэдээлэл хийх үеэрээ “Д.Хаянхярвааг УИХ-ын дарга, Н.Номтойбаярыг сайд болгохгүй бол энэ хуулийг чинь батлахгүй гэж шантаажилсан” гэсэн юм. Үүнийг Ж.Мөнхбат гишүүн үгүйсгэж, “Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр нарыг дарга, сайд болгох асуудлыг яриагүй” гэж мэдээлэл хийсэн билээ.

-УУЛЗАЛТААР ЯГ ЮУ ЯРИГДСАН БЭ-

Уулзалтаар яг юу яригдав. Яагаад хоёр талаас мэдээллээ үгүйсгэв гэх асуулт анхаарал татаж байгаа юм. Зөвшилцөх зорилготой байгуулагдсан ажлын хэсэгт У.Хүрэлсүхийн талаас Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Б.Энх-Амгалан нар багтжээ. Харин М.Энхболдын талыг Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, С.Бямбацогт нар төлөөлсөн аж.

Хоёр талд дундын зуучлагч маягаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ажилласан байна. Тэд “Пүрэв гаригийн оройдоо багтаад, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэцгээе. Бусад асуудлыг маргааш үргэлжлүүлэн хэлэлцье” гэсэн байр суурин дээр ерөнхий байдлаар тохирсон байна.

Харин чуулганы танхимд орж ирсэн хойноо Б.Энх-Амгалан гишүүн “Бусад асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцье” гэх санал гаргах асуудлыг сөхөж, намын нөхдийнхөө бухимдлыг төрүүлсэн гэх мэдээлэл байна. Уг уулзалтын үеэр олон нийтэд мэдээлэгдээд байгаачлан, “М.Энхболдын талд УИХ-ын даргын суудлыг өгчих” гэсэн яриа болж, нөгөө хэд нь “Үгүй” гэж тас гүрийсэн нь үнэн аж. УИХ-ын даргад М.Энхболдын талаас Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол,Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нарыг санал болгосон байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.