СУРВАЛЖЛАГА: Телевизийн тоног төхөөрөмж, ажлын байр үнэгүй ашиглан, хүссэн нэвтрүүлгээ хийх боломжтой

Б.Гэрэлмаа / Энтертайнмент

Амьдралын төлөө хөдөлмөрлөж яваа залуусын сэтгэлд биелүүлж чадаагүй мөрөөдлөө нэг удаа ч болов биелүүлж үзэхсэн гэх нууцхан хүсэл байх нь олонтаа. Телевизийн салбарт ажиллаж, нэвтрүүлэг хийж, мэдээ уншиж, эвлүүлэг хийж, эфирт сууж үзэхсэн гэж та хүсдэг бол мөрөөдлөө үнэгүй биелүүлэх боломжийг танд NTN телевиз олгожээ.

Та ямар нэгэн төлбөр төлж, материал бүрдүүлэхгүйгээр телевизийн мэргэжлийн камер тоног төхөөрөмжийг ашиглан хүссэн нэвтрүүлгээ хийж болно. Эдний студид 6-7 камер, камерын хөл, гэрэлтүүлгүүд, микрофон, мэдээний болон нэвтрүүлгийн засал бүхий тайзнууд, эвлүүлэг хийх компьютер, мэдээгээ унших суплёр, хоолой бичүүлэх мэргэжлийн студиэс гадна танд туслах сэтгүүлч, зураглаач, эвлүүлэгч, эфирийн найруулагч байна. Гол нь танд мөрөөдөл л байх ёстой гэсэн.

Бид таны мөрөөдлийг биелүүлэх студид зочлоход ирж ажиллаж байгаа залуус хараахан байсангүй. Гэхдээ зохион байгуулж хүмүүс утсаар нь бүртгүүлсэн хүмүүстэй цаг товлож уулзаад, төлөвлөгөөгөө гарган, нэвтрүүлгийн шинэ санаануудаа ярилцана гэв. Хэрэв та загварын нэвтрүүлэг хийж, өөрөө хөтлөх сонирхолтой бол яаж хийвэл олон хүнд хүрэх вэ, яавал бусад нэвтрүүлгээс онцлогтой болж болох талаар ярилцана. Ингээд ажилдаа орно. Эсвэл та спортын мэдээлэл бэлдэж, өөрөө уншиж үзэх хүсэлтэй байвал бас л мэргэжлийн багаас зөвлөгөө авч хүссэнээ хийх боломжтой.

Гол нь та инженер, эмч, багш, менежер, сурагч байсан ч болно. Тэр тусмаа телевизийнхэн дуртай байна гэдгээ хэлж байсан. Заавал ч мэргэжлийн бус хүн гэлтгүй энэ мэргэжлээр сургууль төгссөн ч хараахан ажил хийдэггүй, эсвэл суралцаж байгаа оюутнууд ирээд ч энд ажиллаж болох юм билээ.

“NTN” телевизийн хөтлөгч, редактор Г.Ганжаргал:

-ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ, БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ ГЭЖ БАЙХГҮЙ ТУЛ
ӨӨРӨӨ Л БАЙХАД ХАНГАЛТТАЙ-

-Залууст яагаад тоног төхөөрөмжүүдээ үнэгүй ашиглуулан нэвтрүүлэн хийлгэхээр болов оо?

-Манай Үндэсний мэдээ NTN телевиз залуучуудад боломж олгох үүднээс энэ ажлыг хийх болсон. Үүнийг санаачилсан хүн өөрөө маркетингийн салбарт мэргэшиж төгссөн боловч урлагт хайртай болохоор фм радио сонирхсон тухайгаа ярьсан байдаг. Яг л үүнтэй адил өөр мэргэжлээр төгссөн болон суралцаж байгаа ч урлагийн салбарт хүчин зүтгэхийг хүсч байгаа залуус байвал мөрөөдлийг нь биелүүлж өгье гэж шийдсэн. Энэ ажлыг хийхэд үнэ төлбөргүй, ямар нэгэн авч ирэх шаардлагагүй зөвхөн өөрөө л байхад болно.

-Студийн тоног төхөөрөмжийг түшиглээд юу юу хийх боломжтой вэ? Мэдээ унших, мэдээ хийх, богино хэмжээний кино гэх мэт аль нь ч байж болох уу?

-Телевизэд юу хийж болдог тэр бүгдийг хийх боломжтой. Тухайлбал, эфирийн найруулагч болмоор байна гэвэл дээр гараад эфирийн найруулагчтай хамт ажиллах, диктор болмоор байвал манай нэвтрүүлэгч залуугаас суралцах боломжтой. Хөтлөгч хийж нэвтрүүлэг хийж үзэх хүсэлтэй байна гэвэл надаас суралцах жишээтэй. Эсвэл телевизээр ямар нэгэн нэвтрүүлэг үзээд түүнийг ингэж л хийвэл гоё болох байсан, би өөрөө хийж үзмээр байна гээд санаа оноогоо ярилцаад энд хийх бүрэн боломжтой. Залуусын өөрсдийнх нь мөрөөдөл түүнд юу гэж хэлж байна тэр дагуу сайн контент үйлдвэрлэнэ гэсэн үг юм.

-Тэгэхээр залуусын хийсэн контент хэрэв сайн болж чадвал танай телевиз өөрийн контент болгож цааш үргэлжлүүлэх ч магадлалтай гэсэн үг байх нь ээ?

-Тиймээ, үнэхээр сайн санаа байж чадвал бид хоорондоо ярилцаад үзэгчдийн хүртээл ч болгох боломжтой.

-Энэ ажлыг нэг л удаа зохион байгуулж байгаа юу?

-Тиймээ, бид залуустай цаг товлож уулзаад, цаашид хэрхэн ажиллах тухайгаа зөвлөлдөнө.

-Танай телевизийн студид ямар ямар техникийн бааз байгаа вэ?

-Телевизэд байх ёстой бүх л техник, тоног төхөөрөмж байгаа. 7-8 камер бий, гэрэлтүүлэг, камерын хөл, пульт, микрофонууд гээд дурдвал их. Үүнээс гадна манайх энэ харагдаж буй мэдээний студиэс гадна, дээр хоёр гурван ч төрлийн өөр студи байгаа, үүнийг ашиглах бүрэн боломжтой.

-Энэ салбараас өөр мэргэжлийн залуус байж болно гэж байгаа. Гэтэл тэд камер, гэрэлтүүлэг гээд ямар ч ойлголтгүй байж болно. Ийм залуус ч айлтгүй, хүрч ирээд заалгаад хийх боломжтой юу?

-Тиймээ. Тийм залуус байх тусам сайн. Бид хүлээж авна. Эсвэл магадгүй сургуулиа төгсчихөөд мэргэжлээрээ ажиллаагүй удчихсан, өөрийгөө “зэвэрчихсэн” гэж бодоод эмээгээд хойшоо сууж байгаа залуус зөндөө бий. Энэ хүмүүст л бид хүрэх зорилготой.

-Хэзээ хүртэл та бүхэнтэй холбоо барьж болох вэ?

-Өнөөдрөөр дуусч байгаа.

-Одоогоор хэдэн хүн ирж бүртгүүлсэн бэ?

-Энэ мэдээлэл тавигдаад долоо хоног болж байна. Энэ хооронд 40 гаруй хүн холбогдсон байна.

-Баярлалаа. Энэ сайхан мэдээг сонссон ч очих эсэхдээ эргэлзэж байгаа залууст хандаж та юу хэлэх вэ?

-Залуу хүнд залуу нас, боломж байна. Залууст хийж чадахгүй зүйл гэж байхгүй учир эмээх шаардлагагүй. Би ч бас залуу хүн. Оюутан байхдаа “Надад туршлага байхгүй дээ” гэж их боддог байлаа. Гэхдээ практик дээр гарч өөрөө хийж байж л суралцдаг учраас санаа зовох зүйлгүй, хүсэл мөрөөдлийнхөө төлөө алхам хийгээрэй. Би мэдэхгүй дээ, би чадахгүй дээ гэж айлтгүй бид зааж зөвлөж нэг хамт олон болох учраас боломж бий гэдгийг ойлгох хэрэгтэй. Ирээд сурна, ирээд мэднэ, ирээд хийж үзнэ. Тиймээс хүрээд ирээрэй.

Холбогдох утасны дугаар: 99163987, 91494948

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.