Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ

М.Амаржаргал / Эрүүл мэнд

-ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН БОЛОН УУШГИНЫ ХАТГАЛГАА ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЭНГИЙН ДАДЛЫГ АМЬДРАЛ АХУЙДАА ХЭВШҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ-

Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 10.6 хувь, орон нутагт 12.3 хувь, нийслэлд 8.2 хувийг эзэлж байна гэсэн тоон мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас гаргажээ. Эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж буй энэ үед нийт өвчлөгсдийн 82.9 хувийг 0-15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж, нийслэлийн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 23.7 хувиар хэтэрсэн байна. Зарим аймгуудын удирдлагууд томуу, томуу төст өвчний дэгдэлтийг намжаахын тулд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг цагаан сар хүртэл түр хугацаанд зогсоогоод байгаа.

Улиралын ханиад томуугийн дэгдэлт идэвхижихтэй зэрэгцэн 0-5 нас хүртлэх хүүхдийн эндэгдэл нэмэгдсэн талаарх мэдээллийг нэгдүгээр сарын 15-ны өдөр Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан сарын тайлангийн 75 дугаар хуудаснаас харж болно.

Тодруулбал, хатгалгаа өвчнөөр өвдсөн хүүхдийн тоо 2016 онд 10,000 байсан бол 2018 онд 14,000 болж өссөн. 2018 онд амбулаториор үйлчлүүлсэн 0-5 насны хүүхдүүдийн тоо л гэхэд өмнөх оноосоо 76.8 хувиар өсч 67,000-д хүрчээ. Томуу, томуу төст өвчин болон бусад шалтгаанаар бяцхан үрс олноороо эндэж байна. Зөвхөн арванхоёрдугаар сард нялхас буюу 28 хүртэл хоногтой 95, тав хүртэлх насны 121 хүүхэд эндсэн нь өмнөх арваннэгдүгээр сараас 20 гаруй хувиар тус тус өссөн дүн юм.

Улсын хэмжээнд 2018 онд нялхсын эндэгдэл 1,037 болж өмнөх оноос 28 хүүхдээр нэмэгдсэн бол тав хүртэлх настай хүүхдийн эндэгдэл 66-аар өссөн харамсалтай статистик үзүүлэлт юм. Өнгөрсөн онд энэ насны 1,310 хүүхэд энджээ. Нарийвчлан авч үзвэл амьсгалын тогтолцооны өвчний шалтгаант нас баралт нь 0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн дотор хоёрдуаар байр, 1-4 насны хүүхдийн эндэгдлийн эхний байрыг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 20 хувь буюу нас барсан таван хүүхэд тутмын нэг нь уушгины хатгалгаа өвчний хүндрэлээр нас барж байгаа гэсэн үг. Үүнээс пневмококк нянгаар үүсгэгддэг хатгалгаа 30-50 орчим хувийг эзэлдэг гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 11 дүгээр сарын 12-ны өдөр мэдээлжээ.

Тиймээс эцэг, эхчүүд, асран хамгаалагчид томуу, томуу төст өвчин болон уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх энгийн дадлыг амьдрал ахуйдаа хэвшүүлж, үр хүүхдээ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг зайлшгүй мэдэж байх нь чухал юм. Агаарын бохирдол ихтэй хүйтний улиралд томуугийн тархалт хамгийн өндөр тохиолддог гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулаад байгаа.

Ханиад томуу болон хатгалгаагаар өвчлөх эрсдэлээс сэргийлэх, өөрсдийгөө хамгаалахын тулд дараах энгийн зөвлөгөөг хэвшүүлэх хэрэгтэй. Үүнд:

-Даарахгүй байх, цаг агаар, ажил, амралтандаа зохицуулан хувцаслах

-Гэр сууц, анги танхим, ажлын байрандаа чийгтэй цэвэрлэгээ хийх, хоёр цаг тутамд тогтмол агааржуулах

-Улирлын томуугийн вакцинд хамрагдаж байх

-Хувийн ариун цэврийг сайтар сахиж, гараа тогтмол угааж хэвших

-Хог хаягдлыг гэртээ удаан байлгахаас зайлсхийх

-Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, тоос тоосонцоргүй орчинг бүрдүүлж, тамхи татахгүй байх

-Халуун цай, аарц, байгалийн жимсний шүүс зэрэг шингэнийг хангалттай хэрэглэх

-Эрүүл аюулгүй, аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх

-Ханиаж найтаахдаа амаа дарах, гар руугаа ханиахаас зайлсхийх

-Амралтын өдрүүдэд хотоос гадагш цэвэр агаарт гарах, явган явах

-Өглөө, оройн цагаар бага насны хүүхдээ салхилуухаас зайлсхийх хэрэгтэй.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.