ХасБанкнаас санхүүжүүлсэн Сүмбэрийн нарны цахилгаан станц ашиглалтад орлоо

Н.Анхбаяр / Эдийн засаг

ХасБанкнаас Төслийн санхүүжилт хийсэн 10 мега ваттын нарны цахилгаан станц Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд ашиглалтад орлоо. Энэхүү төслийн санхүүжилтийг хийхдээ НҮБ-ын Уур амьсгалын ногоон сангийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн юм.

ХасБанкнаас тавьсан Санхүүжилтийн саналын дагуу Уур амьсгалын ногоон сангийн удирдах зөвлөлөөр батлагдаж, 2017 оны 11 сард санхүүжилтийн гэрээгээ байгуулж байсан уг төсөл ийнхүү жил гаруйн хугацаанд амжилттай хэрэгжсэнээр ХасБанк сэргээгдэх эрчим хүчний томоохон төслийг санхүүжүүлэгч Монгол Улсын  анхны банк болж байна.

Нийт 17.6 сая ам долларын хөрөнгө оруулалттай энэхүү нарны цахилгаан станц нь цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд жил бүр 15,395 МВт цахилгаан нийлүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг 12,270 тн-оор бууруулаад зогсохгүй, хамгийн чухал нь жил бүр 171 сая литр усыг хэмнэх юм.

Төслийн талаар ХасБанкны Гүйцэтгэх захирал М.Болдоо

“Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө Монгол Улсад улам бүр нэмэгдсээр байна. Дулаарлаас үүдэлтэй цөлжилт, бэлчээрийн доройтлоос шалтгаалан иргэд, малчдын шилжилт хөдөлгөөн ихсэж, амьжиргааны тогтвортой байдал алдагдаж байна. Тус станцыг байгуулснаар эдгээр сөрөг нөлөөнүүдтэй тэмцээд зогсохгүй Монгол улсын эрчим хүчний нийлүүлэлт дэх хүлэмжийн хийг бууруулахад чухал хувь нэмэр болно” хэмээн онцолсон юм.

Тус цахилгаан станцыг Монголын И Эс Би компани барьж байгуулсан бөгөөд Японы Санко Сэйки компани 31,000 нарны панелыг оролцуулан ихэнх тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг хийж, технологийн шийдлээр хангажээ. И Эс Би компанийн захирал С.Хүрэлбаатар энэ тухай

“Энэхүү нарны цахилгаан станц нь Хятад, Япон, Солонгос улсуудыг холбосон Азийн эрчим хүчний супер сүлжээнд оруулах Монгол Улсын хувь нэмэрт томоохон байр суурь эзэлнэ гэж найдаж байна” хэмээн хэлж байлаа.

Манай улс 2020 он гэхэд нийт эрчим хүчнийхээ 20%-ийг, 2030 онд 30%-ийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтод хүрэхэд уг төсөл маш том үүрэг гүйцэтгэнэ гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байгаа бөгөөд Сүмбэр нарны цахилгаан станц нь Монгол Улсын нийт нарны цахилгаан станцуудын 20%, нийт сэргээгдэх эрчим хүчний 5 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байгаа нь үүний давхар баталгаа юм.

ХасБанк байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын зэрэгцээ үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэн, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжихэд хувь нэмрээ оруулсаар ирсэн.

2018 онд ХасБанк Уур амьсгалын ногоон сан болон бусад сангуудаас хүлэмжийн хийг бууруулах зорилгоор нийт 10 орчим сая ам.долларын нэмэлт санхүүжилт авсан бөгөөд 51.5тэрбум төгрөгийн Эко бизнесийн зээл, 3.7 тэрбум төгрөгийн эко автомашины зээл олгож, нийт 280 гаруй мянган тонн хүлэмжийн хийг бууруулжээ. Ингэснээр ХасБанк 2013 оноос эхлүүлсэн Эко ногоон санхүүжилтийнхээ хүрээнд нийт 1,112,583 тонн хүлэмжийн хийг бууруулаад байна.

Амьдралд – ашид хамтдаа.