Ү.ИХМАНДАЛ: “MКor” аппликэйшн Солонгост төдийгүй, тус улсыг сонирхож буй монголчуудад зориулагдсан

Н.Анхбаяр / Технологи

Мэдээллийн технологийн дэвшил, ухаалаг утас бидний амьдарлын чухал хэсэг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Өдөр тутмын ажил, амьдралаа төрөл бүрийн аппликэйшний тусламжтай хялбарчилж, цаг хугацаа, мөнгөө хэмнэн илүү ихийг бүтээх боломж бий. Монголчууд олноороо зорьж очдог, ажиллаж амьдардаг. БНСУ-тай холбоотой нэгэн аппликэйшнийг залуус бүтээжээ. Монгол, Солонгосын цахим гүүр “MKor” аппликэйшнийг санаачлагч Ү.Ихмандалтай ярилцлаа.

image

-Цүнхээ үүрээд Солонгост буусан залуугийн туулсан замнал, тулгарсан бэрхшээлээс урган гарсан шинэ санаа өнөөдөр олон монгол хүнийг тус улсад хөтөлж, тулгарах бэрхшээлүүдийг нь багасгана гэж найдаж байна. Хөтөч аппликэйшн бүтээх санаа яг хэзээ төрсөн бэ?

-Анх Өмнөд Солонгост аялахын зэрэгцээ шинэ содон юу байна вэ гэж үзэж, танилцах зорилгоор очсон юм. Тэр үед ах, дүү хоёр минь хүлээж авсан учир байр, аяллын маршрут, ойр зуурын зардал, хэлмэрч, хөтөч бэлэн байсан гэсэн үг. Тэнд багагүй хугацаанд байх учраас үзэж, харахын хажуугаар ажил хийхийг ах минь санал болгосон. Тухайн үед би 40 орчим хоноод буцсан юм. Монголд очсон хойноо эргэж очих нь зөв гэж шийдээд буцаж Солонгос орныг зорьсон. Тэр үед ах дүү хоёр маань Монгол руугаа буцчихсан байсан. Ингээд амьдрах байр, ажил хайх гэх мэт ойр зуурын бүхий л хэрэгцээ шаардлагаа өөрөө зохицуулах үүрэг ногдож байгаа юм.

Хүний газар шинэ хүн мэдээж төрөл бүрийн бэрхшээлтэй нүүр тулна. Цалингийн хэдэн воноо биедээ хадгалах уу, гэрийнхэндээ яаж явуулах вэ. Бага сага илгээмж явуулчихмаар байдаг. Яг аль нь найдвартай, хямд байх вэ гээд л олон зүйлийг судлах, хэрэглэх шаардлагатай болдог. Тэр бүхнийг судлаад суух, хайгаад явах цаг үнэндээ байхгүй. Мөн монгол хүний тун чухал нэг хэрэглээ аятайхан хямдхан мах захиалж идэх хэрэгтэй. Хүний газар ийм энгийн, жижигхэн асуудал хүртэл ямар том бэрхшээл болдгийг үзээгүй бол анзаарахгүй юм билээ.

“MKor” аппликэйшн дэх цэсүүд тэр өдрүүдэд надад тулгарч байсан бэрхшээлүүдийг шийдэх гарц юм.

Өөрөө туулсан, нүүр тулсан бүхэнд тулгуурлан ийм аппликэйшн хийе гэдэг санаа төрсөн. Өмнөд Солонгост багагүй хугацаанд амьдарсан монголчуудтай уулзаж, ярилцаж үзлээ. Анх ямар бэрхшээл тулгарсан, хамгийн хэрэгцээтэй зүйл нь юу байдаг вэ гэх мэтээр судлаад л байв. Хоёр жил гаруй бодож, судалж, тандсаны эцэст энэ хөтчийг хийх ёстой юм байна, олон хүнд тус болох нь гэсэн үүднээс ажил хэрэг болголоо. Анхандаа цахим хуудас (вэб сайт) болгохоор төлөвлөөд байсан ч программ хангамжийн залуустайгаа ярилцаж зөвлөлцөөд аппликэйшн болгох шийдэлд хүрсэн. Хүн бүр гар утас, интернэт ашигладаг болчихсон учраас энэ ч хэрэглэхэд илүү хялбар, хүртээмжтэй байх гэж үзсэн. Ингээд хагас жил гаруй ажилласны эцэст монгол хүн бүрийг БНСУ-д хөтлөх, баталгаат, найдвартай аливаа үйлчилгээ, мэдээлэлтэй холбох “MКor” аппликэйшнээ 2019 оны хоёрдугаар сарын 11-нд бэлэн болгон өргөн барьж байна.

image

-Фэйсбүүкээс л Солонгос дахь монголчууд дийлэнх мэдээллээ авч байгаа. Түүнээс юугаараа давуу юм бэ?

-Нэг талаар фэйсбүүк бол дотроо бүгдийг багтаасан хязгааргүй мэдээллийн орон зай. Гэвч нөгөө талаас энэ мэдээллийн хязгааргүй их урсгал дунд сайн нь ч бий, муу нь ч байдаг. Одоогоор фэйсбүүкт Солонос дахь монголчуудад зориулсан идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй групп, төдий тооны пэйж байна. Нэг төрлийн үйлчилгээ, бүтээгдэхүүн сонирхож байгаа хүн энэ бүх сувгийг нэг бүрчлэн судалж, танилцах аргагүй. Бас тэр бүх сувгийг нэг дор “барих” боломжгүй. Харин “MKor” аппликэйшн баталгаатай, албан ёсны үйлчилгээ, бүтээгдэхүүний талаар мэдээллийг нэг дор төрөлжүүлэн нэгтгэснээрээ онцлог юм.

Үүнээс гадна БНСУ-ын талаар судалж, сонирхож байгаа хүмүүст ч энэ аппликэйшн хөтөч болох юм. Тухайлбал, БНСУ-ын суралцахыг хүсч байгаа залуус, тус улсад эмчилгээ болон аялал жуулчлал хийх хүсэлтэй хүмүүс, өөрөө очилгүйгээр бараа бүтээгдэхүүн захиалан эх нутагтаа хүлээн авах хүсэлтэй бизнес эрхлэгчид гэх мэт олон чухал ажлаа амжуулахад тань орон зай үл хамааран найдвартай албан ёсны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгчтэй холбох гарцыг “MKor” аппликэйшн бүрдүүлж өгнө.

-Албан ёсны бүтээгдэхүүн, үйлчилгээ гэдгээ тодруулахгүй юу?

-Одоогоор хүмүүсийн мэдээллээ авч буй сувгууд тэр бүр шаардлагыг нь бүрэн хангаж чадахгүй байгаа. Би дээр хэлсэн. Одоогоор фэйсбүүк хуудсанд 200 гаруй групп, төдий тооны пэйж байна. Нэг төрлийн үйлчилгээ, бүтээгдэхүүн сонирхож байгаа хүн энэ бүх сувгийг нэг бүрчлэн судалж, танилцах аргагүй. “Сургуульд зуучлуулах гээд хулхидуулчихлаа”, “Визээ гаргуулах гээд зуучлуулсан чинь луйварчин байж” гэх асуудал өдөр бүр гарч байна. Энэ бүх мэдээллийн урсгал фэйсбүүкээр явж байгаа. Дурын хүн тэр талбарт дуртай зүйлээ бичиж, зарлаж болдог. Тиймээс энэ эрсдэлт орчныг бууруулахыг зорьсон.

Нөгөө талаас бизнес эрхлэгчдийн чанар, баталгаа амлан гаргаж буй үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний мэдээлэл тэр том талбар дахь үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэлтэй сүлэлдээд яг хэрэгтэй хүндээ очихгүй байна. Хаана, хаанаа хохироод байгаа хэрэг.

“MKor” аппликэйшн гар утасны дугаар, утас, виз хуулийн зөвлөгөө, эмчилгээ, махны худалдаа, карго, автомашин, мөнгө, онгоцны тийз, сургалт, аялал жуулчлал, монгол зоог гэх зэрэг 14 цэстэй.

Энэхүү төрөлжүүлсэн цэс дэх мэдээлэл, танилцуулга бол албан ёсны зөвшөөрөл бүхий найдвартай бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгож буй бизнес эрхлэгчдийн мэдээллүүд байрших ба хэрэглэгчид сонголтоо хийн үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэн өгч байгаа юм.

Мэдээж “MKor” аппликэйшн нь бүх хэрэглэгчиддээ олон нийтэд хүргэх зар мэдээллийн орон зайг “Түмэн зар” цэсэнд гаргаж өгсөн.

-Зөвхөн монголчуудын эрхэлж буй үйлдвэрлэл, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн юм уу, эсвэл монголчуудын сонирхдог Солонгос компаниудын үйлчилгээ, бараа, бүтээгдэхүүн байх уу?

-Солонгос компани уу, монгол компани уу гэдгээс үл хамааран монголчуудад зориулан хууль ёсны дагуу найдвартай үйлчилгээ үзүүлдэг байх нь л чухал. Тухайлбал, “Карго” цэснээс хууль ёсны дагуу БНСУ-ын бүхий л нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хэрэглэгчдийн итгэлийг нэгэнт хүлээсэн тээвэр зуучийн компаниудын мэдээллэлтэй танилцан сонголтоо хийх боломжтой гэсэн үг.

-Монголчуудын хамгийн их сонирхох ажлын зарыг байршуулах уу?

-Ажлын болон орон сууцны зарууд бол мэдээж хамгийн их эрэлт хэрэгцээтэй мэдээлэл. “MKor” аппликэйшний бүх хэрэглэгчидэд өөрийн хүссэн ажлын байр, орон сууц болон бусад заруудаа "Түмэн зар" цэсэнд байршуулах боломжийг олгосон байгаа.

“MKor” аппликэйшны зүгээс бас албан ёсны хөдөлмөр зуучлалын газруудтай холбогдож судалж байгаа. Эхний ээлжинд гэрээний болон ажил хийх визтэй хүмүүст зориулсан ажлын зарны цэсийг бэлэн болгохоор судалгааны ажлууд хийгдэж байна. Ажил дөнгөж эхэлж байна. “MKor” апплекэйшний зүгээс хэрэглэгчиддээ хэрэгцээт шаардлагыг илүү сайн хангахын тулд маш олон ажлыг төлөвлөсөн бөгөөд тэр бүгд тодорхой цаг хугацааны дараалалтайгаар та бүхэндээ очих болно.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:52

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:52

nergui bayar [66.181.179.56] 2019-02-12 12:32:28

Zuv zuutei saihan zuil hiij bna ahiinhaa guur bolooroi

Зочин [103.57.93.15] 2019-02-16 14:41:26

Санасанаа хэрэгжүүлж амжилтанд улам ихээр хүрээрэй ангийн анд минь.Мундаг шүү.Амжилт хүсье та нартаа.

Urangoo [202.126.89.29] 2019-02-12 04:31:36

Estoi goe app bn bayrlalaa

Одонхүү [203.91.115.41] 2019-02-12 03:14:42

яаж холбоо барих вэ

Зочин [112.72.11.124] 2019-02-12 10:12:16

facebook mkor page deer daraad messengereer holbogdooroi

unuruu [150.129.141.109] 2019-02-12 01:38:16

Pooh yasan goyoiin. Yag end heregtei app bna. bayarlalaa


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.