БСШУСЯ: Швед Улсын засгийн газраас тэтгэлэгээ цуцалсан тухай албан ёсны мэдэгдэл ирүүлээгүй

П.Урнаа / Боловсрол

Дэлхийн боловсролыг эзэмшиж, мянга мянган залуустай мөр зэрэгцэн алхахыг хүн бүр хүсдэг ч санхүүгийн боломжгүй гэдэг шалтгаанаар мөрөөдлөө орхих нь олонтаа байдаг. Гэвч зөв мэдээлэл олж, төлөвлөгөөтэй бэлдэж тэнцэж чадвал мөнгөөр биш хүсэл зорилгоороо гадаадын шилдэг их сургуульд суралцах боломж нээлттэй. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол гэж ид яригдаж буй өнөө үед чанартай боловсрол олж авах гэсэн хүсэлтэй залуусын хэрэгцээнд гадаад улс орнуудын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд гол гүүр болж өгдөг. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу гадаадын их, дээд сургуульд бакалавр, магистр, докторын сургалтад тэтгэлгээр суралцуулах ажлыг БСШУСЯ жил бүр зохион байгуулдаг.

Тус яам Засгийн газрын тэтгэлгээр гадаадад суралцуулах сонгон шалгаруулалтыг тухайн улстай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу тухайн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, холбогдох байгууллагатай хамтран эсвэл бие даан зохион байгуулдаг байна. Сүүлийн жилүүдэд тэтгэлэгт хөтөлбөрүүд эзнээ олоогүйгээс, эх орноо төлөөлөн суралцахаар очсон оюутан залуус өөр зорилго (хараар ажиллах, худалдаа наймаа эрхлэх, сурахгүй байх) өвөртлөн гарцгаах болсон. Болгарт докторын сургалтанд очсон хүмүүсийн голч оноо, хэлний түвшин хүрдэггүй, хичээлээ гүйцэж сурч чаддаггүй байна.

Мөн Болгарийн казиногоор дүүрэн Монголчууд байдаг тухай эрдэмтэн багш нар халаглан ярьж байсан удаатай. Тиймээс ч зарим улс орон тэтгэлэгт хөтөлбөрийн жагсаалтаас манай улсыг хассан мэр сэр тохиолдол бий. Хамгийн сүүлд гэхэд Швед, Герман зэрэг улсуудын засгийн газрын тэтгэлгээс Монгол Улсыг хассан гэх мэдээлэл цахим орчинд тархаад буй юм.

Тодруулбал, 2019-2020 оны хичээлийн жилд БСШУСЯ-аар дамжин зарлагдах Засгийн газрын ТЭТГЭЛЭГТ хөтөлбөр зарласан улсуудын жагсаалтад Болгар, Польш, Украйн, Казакстан, Беларусь, Вьетнам, Куба, Лаос, ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО, Франц, БНСУ, Унгар багтжээ.

Харин Герман, Швед улсын нэрс харагдахгүй байгаа аж. Өнгөрөгч 2018 оны өдийд буюу хоёрдугаар сарын 01-ний өдөр “Шведийн Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах БОЛОМЖ” хэмээн “Хөдөө аж ахуй, Боловсрол шинжлэх ухаан, Инженерчлэл, Санхүү, нягтлан бодох бүртгэл, Мэдээллийн технологи, компьютерийн шинжлэх ухаан, Хэл шинжлэл, Хууль эрхзүй, Менежмент, Анагаахын шинжлэх ухаан, Шинжлэх ухаан, Үйлчилгээ, Нийгмийн ухаан ба хүмүүнлэгийн салбар, Бүтээлч урлаг ба дизайн, Бизнес эдийн засаг, маркетинг зэрэг мэргэжлүүдээр бакалавр, магистр, докторын сургалтын хөтөлбөртөө элсэлт авч байсан аж.

2018 онд Шведийн боловсролын институтээс 150 гаруй улсын иргэдэд зориулсан 450 орчим тэтгэлгийг олгож байжээ. Шведийн засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөс манай улс хасагдсан нь үнэн эсэх талаарх мэдээллийг бид холбогдох байгууллагуудаас тодруулахыг зорилоо.

Энэ талаар БСШУСЯ-тай холбогдоход “Швед болон Герман Улсууд тэтгэлэгт хөтөлбөрөө цуцалсан гэх мэдэгдлээ манай яаманд албан ёсоор ирүүлээгүй. Албан ёсны мэдээлэл ирээгүй байхад наад мэдээлэл чинь албан бус. Бодит мэдээлэл биш байх. Ямар нэгэн асуудал гараагүй байхад тэтгэлгээсээ бүхэл бүтэн улсыг хасчихна гэж байхгүй шүү дээ. Түүхэндээ хоёр улсын харилцаанд тэр улсыг тэтгэлгээс хасна гэсэн зүйл байхгүй” гэсэн хариултыг өгсөн юм. Мөн Нийслэлийн боловсролын газраас тодруулахад, “Гадаадын засгийн газрын тэтгэлэгүүдтэй холбоотой мэдээлэл манайд ирдэггүй. Энэ тухай мэдээллийг БСШУСЯ-наас тодруул” гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.