Тархиа борлуулах арга

Д.Тулга / Эдийн засаг

Манайд нэг үеэ бодвол үндэсний үйлдвэрлэл хурдацтай хөгжиж байна. Үндэсний бүтээгдэхүүн, брэндээ хэрэглэх хэрэглэгч нар ч харьцангуй олширч байгаа нь сайхан. Гэхдээ л сайхан санаа нь байгаа хэрнээ санхүүгийн асуудлаа шийдэж чаддаггүй, өргөжүүлмээр байгаа хэрнээ гацдаг старт-апууд зөндөө байгаа.

Тэгвэл Улаанбаатар хотын банк оюуны өмчөө эргэлтэнд оруулах боломжтой зээл гаргаад байгаа юм байна.

Хэрвээ аль хэдийн бизнесээ эхэлчихсэн, түүнийгээ цааш хөгжүүлэх гэж байгаа бол барааны тэмдгээ барьцаалан зээл авч болох нь. Үндэсний брэндийг хөгжүүлэх бизнес санаагаа олчихоод эхлэхээр төлөвлөж байгаа гарааны бизнес эрхлэгчид ч бас зээл олгоно гэж байгаа.

Нэг талаас үндэсний брэндээ гэх хэрэглэгч нар гарч ирээд, нөгөө талаас бизнес эрхлэгч нараа банк санхүүгээр нь дэмжээд өгвөл энэ төрлийн бизнесүүд хөгжөөд, босоод ирэх нь сайхан юм даа. Гэхдээ манай үндэсний брэнд гэхээр л “тэнгэрт хадсан үнэ”-р борлуулах гээд байдаг сул талтай. Аль аль талаа бодолцоод, тунг нь тааруулвал үндэсний үйлдвэрлэл ч хөгжиж, хэрэглэгч ч сэтгэл ханамжтай байх бус уу.

image