Жирэмсэн эхийг ХАРЬЯАЛАЛ биш гээд ТОГТООХ тариа хийж явуулсан гэх мэдээллийн мөрөөр

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд амьдардаг 23 настай жирэмсэн эмэгтэй төрөхийн өвдөлт 12 цагийн турш өгсөн учраас сумтайгаа хамгийн ойр байрлах Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгээс тусламж авахаар очиход нь хүлээж аваагүй ТОГТООХ ТАРИА хийж өгөөд явуулсан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Оны өмнөхөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн гадаа жирэмсэн эмэгтэй амаржиж олныг ихээхэн цочирдуулсан. Үүний дараахан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 12 дугаар сарын 07-нд жирэмсэн ээжүүдэд харьяалал харгалзахгүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх албан даалгавар гаргаж байсан удаатай. Бид иргэний өгсөн мэдээллийн дагуу жирэмсэн эмэгтэйн дүүтэй холбогдож юу болсныг тодруулсан юм.

-“ГАДНЫХАН ДАНДАА ИНГЭЖ ИРДЭГ, ХАРЬЯА СУМАНДАА ҮЗҮҮЛЭХГҮЙ” ГЭЭД УУРЛААД БАЙСАН-

-Таны эгчийг Хэнтий аймагт төрөх гээд очиход нь “Харьяалал биш” гээд тогтоох тариа хийж өгөөд явуулсан гэх мэдээллийн мөрөөр холбогдож байна. Хэдэн сарын хэдний өдөр ийм зүйл болов?

-Хоёрдугаар сарын 11-ны өдөр сумынхаа эмчийг дагуулаад Хэнтий аймгийн нэгдсэн эмчид үзүүлэхээр очсон. Гэтэл “Гадны харьяалалтай иргэдийг хүлээж авахгүй ээ” гэж манай эмчтэй маргалдаад тэгсэн сумын эмч “Өөрсдөө учраа ол гэснээ” дүү бид хоёрыг орхиод явчихсан юм. Бид хоёр гуйж байгаад үзүүлсэн чинь тогтоох тариа хийж өгөөд "Сүхбаатар аймаг руугаа яв" гээд хүлээж авахгүй байхаар нь “Маргааш эндээ шинжилгээ өгөөд танай эмнэлэгт төрөх боломж байхгүй юу. Сүхбаатар аймагт таньдаг хүн байхгүй ээ” гэтэл “Хүлээж авах боломжгүй” гэж хэлсэн. Эмч нар нь уурлаад шилэв татаад, сувилагч нар нь “Гадныхан дандаа ингэж ирдэг. Харьяа сумандаа үзүүлэхгүй” гээд уурлаад байсан л даа. Эмнэлэг хүлээж аваагүй учраас эгч бид хоёр сум руугаа эргэж явахын тулд замын машинд дайгдахын тулд гадаа хүйтэнд хоёр цаг орчим гадаа зогссон.

-Тэр өдөр цаг агаар ямар байсан бэ?

-Тэр өдөр гадаа хүйтэн байсан болохоор эгчдээ дулаан хувцсаа өгөөд дан ноосон цамцтай таараад, хөлөө тэвэрч сууж, босож наашаа цаашаа алхаад нэлээд юм болсон.

-Танай эгчийн төрөх хугацаа нь болчихсон байсан уу. Хэдэн цаг өвдсөн бэ?

-Төрөх хугацаа нь болоогүй 20 гаруй хоног дутуу байсан ч гэсэн 12 цагийн турш дуншиж өвдөөд савны амсар нь хоёр хуруу нээгдчихсэн юмаа.

-Таны эгчийг эмнэлэг төрөхөөр очиход нь хүлээж аваагүй ээ гэж ойлгож болох уу?

-Тийм, эгч маань анхныхаа хүүхдийг хугацаанаасаа сарын өмнө төрүүлж байсан юм. Эмнэлэгт үзүүлэхээр очихдоо “Анхныхаа төрөлт шиг сарын өмнө төрөх гээд байх шиг байна савных нь амсар хоёр хуруу нээгдчихсэн байгаа” гэтэл “Манай эмнэлэг хоёр хуруу нээгдсэн ч гэсэн хүлээж авахгүй ээ” гэхээр нь “Бид төрөх бэлтгэлээ бүгдийг нь базаагаад ирсэн. Төрүүлэх боломж байвал эгчийг маань эмнэлэгтээ төрүүлээд өгөөч ээ” гэсэн чинь “Бид тогтоох тариа хийгээд өгье. Сүхбаатар аймагтаа очиж амаржаарай” гэж хэлээд ерөөсөө хүлээж авахгүй байсан. Аймаг руугаа явах гэхээр холдоод засмал замаар Хэнтий аймагт ирвэл түргэн шуурхай эмнэлгийн тусламж авч чадах байхаа гэж бодоод наашаагаа ирсэн л дээ.

-Эгч одоо хаана байгаа вэ. Төрсөн үү?

-Эгч төрөөгүй байгаа. Хамгийн анх бидэнд тулгамдсан асуудлыг олон нийтэд мэдээлсэн н.Онон эгч эмнэлгийн хүмүүстэй яриад Хэнтий аймагт төрөхөөр болсон. Одоо эмнэлэгт эмчилгээгээ хийлгэж байна.

-Эрүүл мэндийн сайд “Жирэмсэн эхчүүдэд харьяалал харгалзахгүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ” гэсэн албан даалгавар гарсныг та бүхэн мэдэж байгаа юу?

-Мэдэж байгаа, гэхдээ хэрэгжүүлдэггүй юм байна лээ. Бүтэн сайн өдөр Хэнтий аймгийн эмнэлэгт ирсэн чинь “Та нар буруугаар ойлгоод байх шиг байна. Сүхбаатар аймаг руугаа л очих ёстой байсан юм” гэж хэлээд л байхаар нь “Танай эмнэлэг жирэмсэн эмэгтэйчүүдийг хүлээж авах ёстой. Өвчтөнүүдийнхээ ар гэрийн амьдралыг бодолцож үзэх хэрэгтэй. 12 цагийн турш өвдөөд савных нь амсар хоёр хуруу нээгдчихсэн. Мөн дээрээс нь Сүхбаатар аймагт таних нэг айл байхгүй гээд наашаагаа ирсэн. Та бүхэн ойлгооч дээ” гэхэд юм хэлэхгүй л байна лээ.

-Эгчийнх нь биеийн байдал одоо ямар байна?

-Эгчийн бие гайгүй байна. Даваа гаригаас эмчилгээ хийлгэж эхэлсэн. Эмч нараас “12 цагийн турш өвдөөд савны амсар нь хоёр хуруу нээгдчихсэн байхад яагаад тогтоох тариа хийсэн юм бэ. Урагт нөлөөлөхгүй юу” гэж асуухад “Хүүхдийг нь бодсон. Дутуу гарсан хүүхэд бие султай, ясны эд эс нь гүйцэд төлжөөгүй байдаг” гэсэн тайлбарыг хэлсэн. Энэ тайлбараа бүтэн сайн өдөр л хэллээ.

-ТҮМЭНЦОГТ СУМЫН ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙГ МАНАЙ ЭМНЭЛЭГ
ЭМЧИЛЖ БАЙГАА-

Бид жирэмсэн эмэгтэйн дүүтэй утсаар холбогдож тодорхой мэдээлэл авсныхаа дараа Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгтэй холбогдож дараах тодруулгыг авлаа.

Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга К.Гульжан: "Олон нийтийн сүлжээнд мэдээлэл гарсны дараа Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын эмчтэй нь холбогдоход “Ташаа мэдээлэл явж байгаа. Би нэг жирэмсэн эмэгтэй авч очсон. Жирэмсэн эмэгтэй Сүхбаатар аймаг очиж төрөхгүй, Хэнтий аймгийн эмнэлэгт төрнө” гээд байсан. Тэр эмэгтэй төрөх хугацаа нь болоогүй 36-37 долоо хоногтой байсан ч гэсэн дуншилт өгөөд эхэлчихсэн болохоор танай эмнэлэгт авчирсан” гэсэн тайлбарыг өгсөн байгаа.

Хоёрдугаар сарын 11-ны өдөр манай эмнэлэгт Түмэнцогт сумаас ирсэн жирэмсэн эмэгтэйг манай жижүүр эмч хүлээн авч дотуур үзлэг хийгээд савны амсар нь нэг хуруу нээлттэй, төрөх өвдөлт биш дуншилт гэж оношлоод “Би танд дусал хийж өгөөд лаа эм бичиж өгнө. Найман сартайгийнхаа шинжилгээнүүдийг өгөөгүй эргэж үзүүлээрэй” гээд явуулсан байгаа юм. Жирэмсний сүүлийн нэг сард дуншилт өгөх, ууц нуруугаар өвдөх, хааяа хатуураад байдаг тал бий л дээ.

Тухайн эмэгтэйн найман сартайдаа өгөх шинжилгээг үзэхэд .... /Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу өвчний нэрийг нууцлав/ өвчтэй гарсан учраас нэг сарын өмнөөс өвдөлт өгсөн байна лээ. Уг эмэгтэйн төрөх зам үрэвсэлтэй учраас аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Ер нь Түмэнцогт, Мөнххаан сумын хавантай, даралттай жирэмсэн эмэгтэйчүүд төрөх өдөр, цагаа тулгаад манай эмнэлэгт хүрээд ирдэг юм. Тиймээс Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг рүү албан тоот явуулж байсан удаатай. Тухайн үед Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг бүх сумад руугаа “Аймагтаа ирж амаржаарай, энд ч гэсэн мэргэжлийн эмч нар байдаг. Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт хүндрэл учруулаад байна” албан бичиг явуулсан байдаг юм” гэсэн тайлбарыг өгсөн юмаа.

image

image