Ажилгүйдэл, ядуурлыг хэр зэрэг бууруулснаар нь аймаг, дүүргийн Засаг дарга нарын ажлыг дүгнэнэ

Т.Хулан / Улстөр

Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн Төрийн ордонд эхэллээ. Зөвлөгөөнд бүх аймаг, нийслэл, сум, дүүрэг, тосгон, хорооны Засаг дарга болон Тамгын газрын дарга 500 гаруй хүн оролцож байна.

Зөвлөгөөнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэв. Тэрээр төрийн албаны шинэчлэл, эдийн засгийн бүсчилсэн хөгжил, Үндсэн хуулийн өөрчлөлт, байгалийн баягийг иргэддээ хүртээмжтэй хүртээх, төрийн үйлчилгээг цахимжуулж, хүнд сурталгүй үйлчлэх зэрэг сэдвийг хэлэлцэх энэ зөвлөгөөн улс орны хөгжлийг 20-25 жилээр харж, дотооддоо биш дэлхийд өрсөлдөх үндэс суурийг тавина гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэллээ. Тэрээр улс орны эдийн засгийн өнөөгийн байдлын талаар оролцогчдод товч мэдээлэл өгөв. 2018 онд эдийн засаг 69 хувиар өсч, сүүлийн найман жилд төсвийн тэнцэл анх удаа ашигтай гарсныг тэмдэглэв. Гадаад валютын нөөц 3.5 тэрбум ам.долларт хүрч зээлжих зэрэглэл нэмэгдсэн, 5.7 их наяд төгрөгийн өр, зээлийг төлж барагдуулсан, малын тоо толгой, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт өссөн, гурил, төмсний хэрэгцээгээ дотоодоос хангах боломжтой болсон зэргийг дурдав.

image

Цаашид Засгийн газар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээг хугацаанд нь, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд тодорхой үүрэг өглөө.

Тухайлбал;

- Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээнийхээ хэрэгжилт удаашралтай байгааг нь эрчимжүүлэх

- Улс орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийх арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийг хугацаанд нь хэрэгжүүлэх

- Нэр бүхий есөн аймагт дулааны станц, 10 аймгийн цэвэрлэх байгууламжаас гадна 117 сургууль, 34 цэцэрлэг, анхан шатны 62 эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг ил тод, шуурхай зохион байгуулж, чанар, гүйцэтгэлд анхаарах

- Төсвийн сахилга бат, хариуцлагаа чангатгаж, хөрөнгийг үр ашигтай зарцуулах, ач холбогдолгүй зүйлд зарцуулахыг зогсоох

- Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах, танил талдаа өгөхийг таслан зогсоох, иргэдийн оролцоог хангах, ил тод, шударга байх зарчмыг алдагдуулахгүй байх

- Төрийн бодлого, ажлын залгамж чанар, тогтвортой байдлыг хангаж, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулж, нийгмийн баталгааг нь хангах, сургаж чадавхжуулах, шатлан дэвшүүлэх зарчим баримтлах

- Байгууллага, орон нутагтаа хууль, журам нэн тэргүүнд хэрэгждэг байх соёл тогтоож, өөрсдөө сахилга, хариуцлагатай байж бусдыгаа манлайлах

- Хууль бус төлбөр хураамж авч хяналтгүй зарцуулдаг, худалдан авах ажиллагааг хууль бусаар явуулж танил тал, хамаарал бүхий этгээдээ шалгаруулдаг, төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас нь чөлөөлсний улмаас төсөвт хохирол учруулдаг, Сум хөгжүүлэх сан, Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц хөрөнгийг хууль бусаар зарцуулдаг, нөхөн сэргээлт нэрээр гэрээ байгуулж ашигт малтмалын олборлолт явуулдаг, ИТХ-ын даргын нөөц хөрөнгө гэх зүйл бий болгосон, улстөрждөг, иргэдэд хүнд сурталтай ханддаг зэрэг дутагдлыг зогсоох

- Төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулах чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллах. Иргэдэд учирч байгаа бэрхшээлтэй асуудал, хэрэгцээ, шаардлагыг нь мэдэрч, төрийн бодлого, шийдвэрт тусгах, түүнд нийцүүлэх, ил тод, нээлттэй засаглалыг төлөвшүүлэх

- Малын зүй бус хорогдлоос урьдчилан сэргийлж, мал төллөлтөд хариуцлагатай хандах. Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд шинэ технологи нэвтрүүлэх, бүтээгдэхүүний гарц, чанарыг нэмэгдүүлэхэд анхаарах

- Байгаль орчны нөхөн сэргээлт, бэлчээрийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарах. Шаардлагатай бол дээд шатны байгууллагад мэдэгдэж, холбогдох арга хэмжээ авч байх

- Төрийн албан хаагчдын хариуцлага, санаачилгагүй байдлаас болж гарах гэнэтийн аюул, ослыг эрс бууруулах, хүний амь нас, тэр дундаа хүүхдүүдийн амь нас үрэгдэх явдлыг таслан зогсоох чиглэлээр шийдвэртэй арга хэмжээ авч байх

- Хөдөө аж ахуйн салбарын дэвшилтэт техник, технологи, инноваци нэвтрүүлэн хүнсний аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллах

- Орон нутгийн өрсөлдөх чадвараа сайжруулах

- Түүх, соёлын өвийг хадгалах, хамгаалах. “Соёлын биет бус өв”, “Чулуун соёлын өвийг хамгаалах” үндэсний хөтөлбөрийг тухайн нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх

- Бодлого, шийдвэр, хууль тогтоомж, тэдгээрт заагдсан иргэдийн эрх, үүрэг, оролцоог шинэлэг арга хэлбэрээр сурталчилж байх, иргэдээ соён гэгээрүүлэх зэргээр ажиллахыг үүрэг болголоо.

image

Дарга нараас нэн тэргүүнд ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Засаг дарга нар ажилгүйдэл, ядуурлыг хэр зэрэг бууруулсан гэдгээр нь ажлыг нь дүгнэнэ гэдгийг анхааруулав. Ажлын байр бий болгож байгаа жижиг, дунд үйлдвэрлэгч, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэд, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжихийг чиглэл болголоо.

Орон нутгийн удирдах ажилтны зөвлөгөөнөөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, 2019 оны хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн ажлыг зохион байгуулах, санхүүгийн ил тод байдал, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хаврын бэлтгэл ажлаа хангах, байгаль орчны бодлого зэргийн талаар хэлэлцэнэ. Орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцан Засгийн газраас гаргах шийдвэрийн төсөлд тусгах юм.


Сэтгэгдэл

Зочин [202.179.10.22] 2019-02-22 01:58:11

Байдаг л үүрэг даалгавар байна Бүгд л ингэж ярьдаг ЖДҮ-ийн санг идсэн өөрсдийн луйварчдаа цэгцлээд хурган засаг дарга нартай ярих нь илүү ач холбогдолтой

зочин [103.212.116.238] 2019-02-21 09:24:10

Гэр хороололын ихэнхи хороодод ажилгүй,ядуу тарчиг орлогогүй айл өрхүүд 29 жил байсаар л байна.цаашдаа ч байсаар.гэтэл энэ үзүүлэлтээр дүгнэх юм бол энэ хороодын дарга нар ажлаа өгөөд зайлах болж дээ.мөн хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамны сайд,хөдөлмөр халамжийн газруудын бүх дарга нар,ажил олгогч эзэдын холбоо,үйлдвэрчний холбоодын бүх дарга сэтэр зүүсэн хулгайч нар ажлаа өгөхөөс өөр яаах юм.хий хоосон сүр үзүүлж зөвлөлгөөн хийгээд хэрэг байна уу.энэ л үнэн бодит байдлыг би бичиж бна.

Зочин [202.179.25.21] 2019-02-21 08:47:31

Угаасаа тэгэж л дүгнэдэг шт.

Зочин [202.179.31.37] 2019-02-21 08:34:34

Их л ерөнхий юм ярих юм.Ийм үүрэг даалгавар үе үеийн Ерөнхий сайдууд өгсөөр ирсэн гарсан р дүн юусан билээ гэхээр л хэлэх юмгүй болчихоод байгаа шүү дээ. Төрийн албан хаагчийн ёс суртахуун ёс зүй гэдгийг ЕСайд өөрөөсөө эхлэх хэрэгтэй шүү дээ. Энэ зөвлөгөөн энэ тэр дээрээ нэгч удаа болов Авилгалаас Төрийн албан хаагчид ангид байх ёстой гэдгийг ерөөс хэлэхгүй юм.Энэ чинь Авлигийг цэцэглүүлээд бай би дуугүй байя гэсэнтэй агаар нэг зүйл болчихоод байна даа.

Зочин [66.181.178.58] 2019-02-21 08:28:27

ямар олон дарга вэ ийм олон хүнийг тэжээх хэрэг үү

mmmmmmmmm [66.181.183.19] 2019-02-21 07:52:50

ajlin bair shineer bii bolgoh, huviin hevshliig boditoigoor demjihguigeer ajilguidel yaduural buurahgui eee. zasag darga hurlin darga geed aimgiin udirdlaguud uursdiinhuu kompani aj ahuin negj tanil tal nam hargalzaad demjeed baidag aldaatai humuus l dee, uursdiin humuusee demjsenee niited ni demjsen yum shig tailan taviad baimaargui bna, odoo ch naaduul chin oron nutagaa bodoj hugjuuleh hugatsaa barag uldeegui dee, za yahav harjil baiya...

hm [66.181.183.19] 2019-02-21 07:55:01

Yadaj zasag darga hurlin darga uuu???, ajil hiine geed baigaam bol huviin kompangui l nuhduud baival zugeer bna!!!

Зочин [202.179.31.27] 2019-02-21 07:42:44

Tegvel uul uurhayg aymgiyn medeld ög . Ub zövhön tatvaraa avad bay !


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.