Хачгаар дамжих халдварт өвчний нэг тохиолдол бүртгэгджээ

М.Амаржаргал / Эрүүл мэнд

2019 он гарсаар хачгаар дамжих халдварт өвчний нийт таван сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Үүнээс хачигт энцефалитын нэг тохиолдол өвчлөл тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна. Иймд хачгаар дамжих өвчний тухай Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.

Хачгаар дамжих халдвар нь дамжуулагч хачгийн идэвхтэй үетэй давхцан 4-10 сарын турш бүртгэгддэг. Хачигт энцефалит өвчин нь вирусээр үүсгэгддэг, эмнэл зүйн хувьд өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, үе мөч, ууц нуруугаар шархирч өвдөх, уналт таталт, саа саажилт зэрэг шинжүүд илэрдэг. Манай орны найман аймаг 17 суманд хачигт энцефалитийн байгалийн голомт тэмдэглэгдсэн. Харин Улаанбаатар хот орчим хачигт энцефалитийн голомт бүртгэгдээгүй байна.

Хачигт боррелиоз өвчин нь нянгаар үүсгэгдэж, иксодын төрлийн хачгаар дамждаг, төв мэдрэл, зүрх судасны тогтолцоо, арьс салст, үе мөчний эмгэгээр илэрдэг байгалийн голомтот халдварт өвчин юм. Эмнэл зүйн хувьд толгой өвдөх, халуурах, бие сулрах, булчин үе мөчөөр өвдөх, биен дээр цагирган тууралт гарах зэрэг шинжүүд илэрдэг.

Хачигт риккетсиоз өвчин нь риккетсигээр үүсгэгддэг. Эмнэл зүйн хувьд халуурах, толгой хүчтэй өвдөх, тууралт, тунгалагийн булчирхайн үрэвсэл, хачигт хазсан газарт үрэвсэх зэрэг шинжүүд илэрдэг. Хачигт риккетсиоз өвчин нь 12 аймаг, 53 сум, нийслэлийн 5 дүүрэгт байгалийн голомт тэмдэглэгдсэн байна.

Эдгээрээс хачигт энцефалит өвчин нь халууралт хордлого, төв мэдрэлийн тогтолцооны гэмтлээр илэрдэг, эмнэлзүйн хүнд хэлбэрээр илэрдэг, хүндрэл, үлдэц ихтэй өвчин.

-ХАЧГААР ДАМЖИХ ХАЛДВАРААС ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ-

  • Халдварын голомттой газруудаар явахдаа тод өнгийн, битүү хувцас өмсөж, гар хөлөө ил гаргахгүй байх
  • Хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлуулах
  • Хачиг үргээгч бэлдмэлийг үйлдвэрлэгчийн заавраар хэрэглэх
  • Хачигт хазуулсан тохиолдолд хачигны хошууг арьсанд үлдээхгүйгээр болгоомжтой ганхуулж, сугалан авах
  • Хачигт халдварын эрсдэл бүхий голомтот нутагт амьдардаг тухайн газар нутагт зорчих хүмүүс хачигт энцефалитаас сэргийлэх дархлаажуулалтанд хамрагдах.
  • Хачигтай байж болзошгүй арьс шир, ноос ноолуурыг гэр орондоо байрлуулах, хадгалахаас аль болохоор татгалзах, хүүхдээс хол байлгах,
  • Малчид малаа хачиггүйжүүлэх арга хэмжээ авч, малаа эрүүлжүүлэх шаардлагатай.
  • Гэхдээ хачигт хазуулсан хүн бүр өвчлөхгүй гэдгийг зөвлөв.

Эх сурвалж: Зоонозын өвчин судлалын үндэсний төв


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.