Цахилгаан хог хамгийн ихээр гаргадаг 10 орон

Д.Тулга / Гадаад мэдээ

Техник технологийн хөгжил “гэрлийн хурд”-аар хөгжиж, тоон технологууд дэлхийн хөгжил цэцэглэлтэд ихээхэн ахиц дэвшил авчирж байгаа хэдий ч бүх л зүйлд сөрөг тал байдаг.

Тухайлбал цахилгаан хог хаягдлын асуудал. Хүний олон төрлийн хэрэгцээг хангадаг гар утас, цахилгаан бараанууд эргээд хог болон хаягдаж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсээр л байна. Харин дэлхийн улс орнуудаас цахилгаан хэрэгслийн хог хаягдлыг хамгийн ихээр үйлдвэрлэдэг ямар орнууд байдаг талаар vesti.ru онцолжээ.

  1. Норвеги

Дэлхийн бараг бүхий л оронд хүн амд ноогдох цахилгаан хэрэгслийн хог хаягдлын тоо өссөөр байгаа юм. 2016 онд дэлхий дээрх хөргөгч, зурагт, угаалгын машин болон бусад цахилгаан хэрэгслийн хог 44.7 сая метр тоннд хүрсэн байна. Энэ их хог хаягдлаас ердөө 20 хувийг дахин боловсруулжээ.

Харин дэлхийн хамгийн их цахилгаан хог хаягдал гаргадаг 10 орны жагсаалтыг Норвеги улс тэргүүлсэн байна. Энэ улсын нэг хүнд 28.5 кг цахилгаан хэрэгслийн хог хаягдал ноогддог тул энэ жагсаалтыг тэргүүлжээ.

  1. Их Британи

Нэг хүн амд ноогдох цахилгаан хэрэгслийн хог хаягдал нь 24.9 кг гэдгээрээ Их Британи улс жагсаалтын хоёрдугаарт бичигдсэн байна.

Жагсаалтын эхний аравт хөгжингүй орнууд орсонд гайхах зүйлгүй. Тэнд л кофе чанагчаас эхлээд талх шарагч, тоо сорогч гээд хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх бүхий л төрлийн цахилгаан хэрэгслүүдийг олноор нь хэрэглэдэг шүү дээ.

  1. Дани

Ердөө 43094 м2 нутаг дэвсгэртэй ч 5.6 сая хүн амтай энэ улс цахилгаан хэрэгслийн хог хаягдал хамгийн ихээр гаргадаг улс орнуудын гуравт бичигджээ. Судалгаанас харахад энэ улсын нэг иргэнд 24.8 кг цахилгаан хэрэгслийн хог хаягдал ноогддог гэнэ.

  1. Австрали

24 сая хүн амтай энэ улсын нэг хүнд 23.6 кг цахилгаан хэрэгслийн хог хаягдал ноогддог гэхээр энэ асуудал “толгойны өвчин” болсон гэдэг нь бэлэхнээ харагдана. Австрали цахилгаан хэрэгслийн хог хаягдлаа шийдэх цогц арга хэмжээ хараахан олоогүй байгаа бөгөөд харин илүү үр дүнтэй цахилгаан хэрэгслүүдийг ашиглахыг шинжээчид зөвлөдөг юм.

  1. Герман

Хог ангилан ялгаж хаядгаараа дэлхийд үлгэр жишээ Герман улс цахилгаан хог хаягдлаа хэрхэх талаар мөн л хараахан шийдээгүйл байгаа гэнэ. 89.7 сая хүн амтай энэ улсын нэг хүн амд 22.8 кг цахилгаан хэрэгслийн хог хаягдал ноогддогоороо энэ жагсаалтын тавд бичигджээ.

Цаашлаад нэг хүн амд 21.3 кг хог хаягдал ноогддог Франц, Испани -20.1кг , Канад- 20 кг, АНУ-19.4кг, Япон- 16.9 кг хог хаягдал ноогддогоороо эхний аравт багтсан байна.

Цахилгаан хэрэгслийн хог хаягдал өсөхөд нөлөөлж байгаа гол хүчин зүйлүүдийн нэг нь дэлхий даяар дундаж давхарга нэмэгдэж байгаатай холбоотой гэж шинжээчид үзжээ. Хүн амын орлого өсөхийн хэрээр цахилгаан төхөөрөмж худалдан авч, хэрэглэх нь ихэсч байгаа гэнэ. Мөн дэлхий даяар тоон систем ихээр хэрэглэж, технологи болон инноваци хөгжиж байгаа нь цахилгаан хог хаягдал нэмэгдэхэд нөлөөлж буй өөр нэг хүчин зүйл юм. Шинжээчдийн тэмдэглэснээр, өнөөдөр дэлхийн хүн амын бараг тал хувь нь интернэтэд холбогдох боломжтой болсны дээр үүнийг дагаад гар утас, суурин болон зөөврийн компьютерын хэрэглээ өсчээ. Хэрэглээ өсөхийн зэрэгцээ ихэнх хүмүүс нэгээс дээш цахилгаан хэрэгсэл ашиглаж, мөн цахилгаан төхөөрөмжийг солих хугацаа улам бүр багасч байгаа гэнэ. Шинжээчдийн тооцоолсноор АНУ-д дундаж нэг иргэн ухаалаг гар утсыг 21.6 сар ашигладаг бол европчууд шинээр авсан ухаалаг утсаа дунджаар 20.4 сар ашигладаг юм байна.

Энд дуулгахад, нийт тоон үзүүлэлтээрээ дэлхийн хамгийн их цахилгаан хэрэгслийн хог хаядалтай орнууд нь АНУ болон БНХАУ гэнэ. Харин энэ жагсаалтанд АНУ есдүгээрт, БНХАУ огт багтаагүй байгаа нь албан ёсны статистиктай холбоотой юм байна. Тодруулбал дэлхийн ердөө 41 орон л цахилгаан хог хаягдлын албан ёсны статистикийг гаргадаг. Тиймээс дэлхий дээрх цахилгаан хог хаягдлын ихэнх хэсгийн мэдээлэл огт байдаггүй гэсэн үг юм. Цахилгаан хог хаягдлыг дахин боловсруулах асуудлыг хуулийн түвшинд зохицуулаагүй улс орнуудад энэ төрлийн хог хаягдлыг бусад хогтой адилтган үздэг байна. Харин цахилгаан хог хагдлыг зохих ёсоор дахин боловсруулахгүй бол байгаль орчинд нэн хортой нөлөө үзүүлэх өндөр эрсдэлтэй гэдгийг эрдэмтэд сануулдаг юм. Тухайлбал ихэнх цахилгаан төхөөрөмжөнд байх мөнгөс ус, кадми зэрэг бодисууд нь хөрсөнд нэвчин, ундны усны эх үүсвэрийг бохирдуулвал хүний эд эрхтэн гэмтээх, оюун ухааны сааталд хүргэх зэрэг олон сөрөг нөлөө дагуулдаг байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.43.145] 2019-03-16 07:41:53

Цахилгаан эвдэрсэн хэрэгсэлээ буцаад ашигла


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.