НМХГ: Агаар бохирдуулж буй зөрчлийн мэдээллийг 70128012 дугаарын утсаар мэдээлнэ

Б.Гэрэлмаа / Нийгэм

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2019.03.22/ урин дулаан цаг эхэлж байгаатай холбоотойгоор барилга угсралтын ажлуудад анхаарах асуудлууд, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд хийсэн хяналт зэрэг цаг үеийн холбогдолтой хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчийн баталсан удирдамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжуудын хүрээнд агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа эрхлэгчдэд хяналт шалгалтыг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, дүүрэг, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нартай хамтран хийж гүйцэтгэж байна.

-39 САЯ 350 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОВ-

Мэдээллийн үеэр “Шалгалтад 1349 объект хамрагдсан бөгөөд Агаарын тухай хууль, агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтийг хангуулахаар мэдэгдэл-303, зөвлөгөө-276, зөвлөмж-98, зөрчил арилгуулах албан шаардлага-537, анхааруулах хуудас-2 хүргүүлж, Зөрчлийн тухай хуулийг үндэслэн 39 сая 350 мянган төгрөгийн торгууль ногдуулан, 14 объектыг цахилгаанд шилжүүлэн /Богд уул сувилал, иргэн Н.Осорбурамын дугуй засварын газар, иргэн Ц.Лхагвадоржийн объектын харуул, иргэн Ч.Батмөнхийн дугуй засвар, Хан-Эрдэнэ ХХК/, 3 уурын болон усан халаалтын зуухны үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож /Топ декорэйшн ХХК, Мах маркет ХХК, иргэн Төгбадрах/, 1 зуухыг буулгуулж /Энглиш гарден/ 3 аж ахуйн нэгж, иргэний ашиглаж буй стандартын шаардлага хангаагүй уурын болон усан халаалтын зуухыг буулгах албан шаардлага /Ихэр Шарангад ХХК, Баян Алшаа ХХК, иргэн Д.Бумбаярын нийтийн байр/ хүргүүллээ. Хяналт шалгалтын дүнд жилд түлэх түүхий нүүрсний хэмжээг 2125 тн орчмоор бууруулж, 350 орчим тн үнс хүрээлэн буй орчинд хаягдахаас урьдчилан сэргийлж ажиллалаа” гэв.

-СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ТАРААСАН АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧИЙН ШҮҮЛТҮҮРИЙГ ГЯЛГАР УУТТАЙ НЬ АШИГЛАЖ БАЙСАН-

Улсын төсөв болон Дэлхийн банкны төслөөр ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад тараагдсан агаар цэвэршүүлэгчийн ашиглалтын байдалд хяналт шалгалт хийж, улсын ахлах байцаагчийн зөвлөмж, Улаанбаатар цэвэр агаар төсөлтэй хамтран гаргасан ашиглалтын зөвлөмж хүргүүллээ.

Шалгалтад 4 ерөнхий боловсролын сургууль, 14 сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 139ш /2018 онд 2110ш/ агаар цэвэршүүлэгч хамрагдсан бөгөөд гарын авлага заавартай танилцдаггүй, шүүлтүүрийг гялгар ууттай нь ажиллуулж байсан, бохирдол ихтэй, шүүлтүүрийн лацыг авалгүй, зориулалтын бус өрөөнд ашиглаж байсан зэрэг зөрчлүүд илэрсэн.

Илэрсэн зөрчлүүдэд холбогдох арга хэмжээг авч ажиллах талаар Нийслэлийн Боловсролын газар болон Нийслэлийн Эрүүл мэндийн газарт зөрчилтэй байгууллагуудын жагсаалтыг гаргаж албан бичиг хүргүүлсэн боловч арга хэмжээ аваагүй, 2019 онд дээрх зөрчлүүд илэрсээр байгаа талаар Нийслэлийн Засаг даргад 02-01/1017 дугаартай албан бичиг хүргүүлсэн.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан ‘’Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгжүүдийн их багтаамжийн автобусны утааны тортогжилтын хэмжээнд хяналт шалгалт хийх тухай’’ удирдамжийн хүрээнд шугам замд Автотээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газартай хамтран нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобусны утааны тортогжилтын хэмжээнд хяналт шалгалт хийж байна. Шалгалтаар 8 аж ахуйн нэгж, байгууллагын нийт 81 автобус хамрагдсанаас 14 автобусны утааны тортогжилтын хэмжээ стандартад заасан хэмжээнээс их гарсан зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн дагуу ‘’Эрдэм транс’’ ХХК, ‘’Авто терминал трейд’’ ХХК-иудад 2 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулан, зөрчлийн үр дагаврыг арилгах эрх бүхий албан тушаалтны даалгавар өгч, биелэлтийг хангуулж ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

-АГААР БОХИРДУУЛЖ БУЙ ЗӨРЧЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ НМХГ-Т МЭДЭГДЭНЭ-

Улаанбаатар хотод цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагаас бусад иргэн, хуулийн этгээдэд түүхий нүүрс хэрэглэхийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хориглосон Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол гарсан.

Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхлэхээс өмнө түүхий нүүрс нөөцөлж, хууль бусаар худалдан борлуулах зэрэг зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцох тул эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг мэдэгдэж байна.

Дугуй, хуванцар, хог шатаах, тортог ихтэй тээврийн хэрэгслээр авто замын хөдөлгөөнд оролцох зэрэг хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, агаар бохирдуулж буй зөрчлийн талаарх мэдээллийг НМХГ-ын Шуурхай албаны 70128012 дугаарын утсаар мэдээлнэ үү.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.