Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр 300 сая ам.долларын бондыг босгожээ

Т.Хулан / Нийгэм

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” боллоо.

Уг зөвлөгөөнд барилгын салбарын 600 гаруй төлөөлөл оролцож, салбарын бодлого, хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, мэргэжилтэй ажилчдын эрэлт хэрэгцээ, хэрэгжиж буй төсөл хөтөлбөр зэрэг өргөн сэдвийн хүрээнд зөвлөлдсөн юм.

Энэ жилийн “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2019” үйл ажиллагааг Төр болон хувийн хэвшил, аж ахуй нэгж, байгууллагуудын төлөөллийг оролцуулан “Барилга, байгууламжийн норм, нормативын хэрэгжилтийг шинэ шатанд гаргая” уриан дор зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг нээж Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан Улсын 2019 онд 1.4 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хэрэгжих бөгөөд Барилгын салбарт томоохон бүтээн байгуулалт өрнөсөн жил байх гэдгийг тодотгосон юм. Мөн тэрбээр "Өнгөрсөн онд “Барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөр”-ийг боловсруулж батлуулаа. Мөн тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, барилгын салбарт 2021 он хүртэл хийгдэх бодлогын баримт бичгийг гаргаад байна. “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг батлуулан, Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг 2 дахин нэмэгдүүлж, 500 тэрбум төгрөгт хүргэх эрхзүйн нөхцөлийг бүрдүүллээ.

Түүнчлэн “Монголын ипотекийн корпораци” ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор 300 сая ам.долларын бондыг гадаад зах зээлээс амжилттай босгоод байна. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2019 онд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Говь-Алтай аймагт 120, Хөвсгөл аймагт 135, Орхон аймагт 315, Улаанбаатар хотод 972 айлын нийт 1542 айлын түрээсийн орон сууцны санг шинээр нэмэгдүүлэн, тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Мөн БНСУ-ын Засгийн газраас Монгол улсад олгох нэн хөнгөлөлттэй 500 сая ам.долларын зээлээр “Буянт-Ухаа” 2, “Буянт-Ухаа” 3, Баянголын аманд нийт 8000 орчим айлын орон сууц барихаар төлөвлөж, Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах компани шалгараад байна. Монгол улсын Засгийн газрын 2017 оны 179 дүгээр тогтоолын дагуу БНХАУ-аас олгогдох хоёр тэрбум юаны буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг шинэчлэж, өргөтгөхөөр төлөвлөн, гэрээ хэлэлцээрийг дуусгахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын 10 байршилд “Сервис центр” байгуулахаар төлөвлөсөн" гэв.

Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд нийслэлийн болон улсын хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээ барилгын норм нормативын баримт бичгийн шинэчлэл, хот төлөвлөлтийн чиг хандлага зэрэг асуудлаар хэлэлцсэн.

Түүнчлэн зөвлөгөөнд оролцогчдын төлөөлөл өөрсдийн санал бодлоо илэрхийллээ. “Ган хийц” компанийн захирал М.Даваасүрэн “Барилгын салбар эдийн засгийн хөшүүрэг хүч болох том салбар. Үүнийг дагаад салбарын яам ч том газар. Гэвч Боловсролын яам болон Эрүүл мэндийн яаманд нэг нэг барилгын товчоо байдаг. Дураараа тендер зарладаг. Мэргэжлийн бус хүмүүс барилга бариад эхлэхээд алдаа дутагдал гардаг. Багш нар боловсролынхоо асуудлыг, эмч нь хүнийхээ эрүүл мэндийг мэддэг болмоор байна. Харин барилгын салбар барилгаа барьдаг баймаар байгаа” .

Н.Цэрэндорж “Барилгын салбарт сайн ч зүйл бий. Саар ч асуудал их байна. Тиймээс Барилгын сургалтын асуудал болоод Тусгай зөвшөөрлийн талаар шүүмжилмээр байна. Барилгын тусгай зөвшөөрлийг Төрийн бус байгууллагад өгөх нь зөв үү. Монголын барилгын үндэсний ассоциаци гэх байгууллагын гишүүн болсны дараа тусгай зөвшөөрөл авч байна. Мөнгөтэй хүн тусгай зөвшөөрлийг авах нь шудрага уу” мөн салбарт тендерийг тойрсон асуудал их байгааг зөвлөгөөнд оролцогчид хэлж байлаа.


Сэтгэгдэл

Зочин [203.91.118.180] 2019-03-26 04:23:44

Bond bosgood baigaarai chi


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.