Түрүү төмрийн үеийн археологийн дурсгалуудыг цогцоор нь судалжээ

М.Амаржаргал / Боловсрол

"Соёлын өвийг судалж хамгаалах Монгол-Солонгосын хамтарсан судалгаа" эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна.

Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн нь БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран “Соёлын өвийг судалж хамгаалах” эрдэм шинжилгээний төслийг 10 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Анх 2008 оны аравдугаар сард БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан И Сан Жүн тэргүүтэй төлөөлөгчид Монголд ирж ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй гэрээ хийж хамтарсан судалгааны ажил эхэлсэн юм.

Тус төсөл нь Монгол Алтайн бүс нутагт хайгуул судалгаа хийж археологийн дурсгалуудыг бүртгэн баримтжуулж археологийн дурсгалуудын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, зарим археологийн дурсгалыг малтан судалж түүний үр дүнд илэрсэн хүн, малын ясны дээжид лабораторийн нарийн шинжилгээ хийж Монгол Алтайн нурууны бүс нутгийн эртний нүүдэлчдийн угсаа гарвалыг судлан тогтоох зорилготой ажиллаж байна. 2009-2013 оны хооронд тус төслийн хүрээнд генетикийн бие даасан шинжилгээний анги Монголын баруун, зүүн, төв, хойд хэсгүүдэд ажиллаж нутгийн иргэдээс шинжилгээний дээж авч генетикийн судалгааны материал цуглуулсан бөгөөд тэдгээрийг Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөл авч, БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн сэргээн засварлалт, антропологийн хэлтэст илгээгээд байгаа аж. Одоо генетикийн судалгааны ажлын тайланг “Монголын палеоантропологийн судалгаа” нэртэйгээр цувралаар хэвлэж эхлээд байна.

Энэхүү хамтарсан төслийн хүрээнд 2009-2013 онд урьд өмнө судалгааны хүрээнд ороогүй олон арван дурсгалыг шинээр илрүүлсэн нь Алтайн нурууны бүс нутгийн эртний түүхийг судлахад чухал эх хэрэглэгдэхүүн болж байна. Археологийн хайгуул судалгааны явцад Говь-Алтай аймгийн 18 сумын нутгаас нийт 5000 орчим дурсгал илрүүлэн бүртгэсэн. Хамтарсан судалгааны ажлын нэг гол үр дүн бол түүх, соёлын эдгээр гайхамшигт дурсгалуудыг устаж үгүй болохоос нь өмнө бүртгэн баримтжуулж, цаашдын судалгаа шинжилгээ, сурталчилгааны ажлын тулгуур үндэс болох бүртгэл мэдээллийн сантай болсонд оршиж байгаа юм.

2015 онд Монгол Алтайн нурууны бүс нутагт түрүү төмрийн үед холбогдох пазырыкийн соёлын булшны хайгуул судалгаа хийж улмаар 2016-2018 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Шивээт хайрхан уулын өвөр Хар салаа голын хөндийд 7 пазырык булш, мөн НТ II-III зууны үеийн эртний нүүдэлчдийн түүхэнд холбогдох 7 булш малтан судлаад байна.Ийнхүү Шивээт хайрхан уулын дурсгалт газарт буй түрүү төмрийн үе болон түүнээс хойшхи үед холбогдох археологийн дурсгалуудыг цогц байдлаар бүгдийг малтан судалж дуусгажээ. Ингэснээр нэг оршуулгын газраас илэрч олдсон бүх хүний ясанд генетикийн, олдвор хэрэглэгдэхүүнд харьцуулсан судалгаа хийж тухайн бүс нутагт амьдарч байсан хүмүүс, овог аймгийнхны талаар бүрэн мэдээлэл авах боломжтой болсон юм байна.

Хамтарсан төслийн хүрээнд “Монголын соёлын өвийн судалгаа” 7 боть цуврал тайлан хэвлүүлжээ.


Сэтгэгдэл

зочин [124.44.20.30] 2019-03-27 15:57:26

Орос, Хятад, Турк зэрэг улсууд хамтран судалсан нэр зүүгээд Монголчуудын түүхийн үнэт дурсгалууд, соёлын үнэт өвийг Монголын биш өөрсдийн болгосон биш үү? Туркчууд бүр Монголчуудын өвөг дээдэс болчихсон уу? одоо солонгосчууд үлдсэн хэсгийг нь бас авах гэж байгаа юмуу?

Зочин [66.181.182.81] 2019-03-27 08:03:28

Пазырикуулынхаас илүү хүннүгийн үеийн булшнуудаас генетикийн судалгаа авахгүй дээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.