Ё.Баатарбилэг: Сурах бичгийн агуулгыг өөрчилж хэвлэн, худалдахгүй

П.Урнаа / Боловсрол

Өнөөдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ЕБС-ийн сурах бичгийн хүрэлцээ, хангамж, дүрэмт хувцасны үйлдвэрлэл, худалдааны асуудлаар үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзжээ. Уулзалтын үеэр сурах бичиг, дүрэмт хувцастай холбоотой асуудлыг гуравдугаар сард хөндөж ярилаа. Энэ хүрээнд есдүгээр сарын 01 гэхэд сурах бичгийн хэвлэлт, тендертэй холбоотой маргааныг цэгцлэх юм байна.

Улсын хэмжээнд 1-12 дугаар ангийн 600 мянган сурагчийг 170 гаруй төрлийн сурах бичгээр бүрэн хангахад 40 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа аж. Нийслэлийн хэмжээнд хоёр хүүхдийн дунд нэг сурах бичиг олгож байхад хөдөө, орон нутгийн зарим алслагдсан сум, багийн сургуульд нэг ангид хоёр сурах бичиг оногддог.

Иймд ирэх есдүгээр сарын 01 гэхэд сурах бичгийг тодорхой хэмжээнд хүртээмжтэй болгохын тулд бага анги болон зорилтот бүлгийнхэндээ сурах бичгийг үнэ төлбөргүй өгдөг хуучин журмаараа явах юм байна. Мөн дунд, ахлах ангийн үлдсэн хэсэгт нь түрээсийн сурах бичгийг нэвтрүүлж, хүртээмжийг нь нэмэгдүүлье гэдэгт саналд хүрчээ.

Засгийн газрын хуралдаанаар эхний ээлжинд сурах бичиг хэвлэхэд зориулж 3.7 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлсэн байна. Энэхүү төсвөөр одоо хэрэглэж байгаа сурах бичгийн нөхөн хангалтыг хийхээр төлөвлөжээ. Мөн Азийн Хөгжлийн банктай уулзаж, санхүүжилт шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа аж.

Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: “Сурагчид хичээлдээ өдөрт 6-9 төрлийн ном авч явдаг нь эрүүл ахуй, ачаалал талаасаа олон улсын стандартад нийцдэггүй. Тиймээс энэ асуудлыг судалж шийдвэрлэхээр ажиллаж байна. Сурах бичгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай учраас бид дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, боломжтой бүх санхүүгийн эх үүсвэрийг судлан үзэж, зохих арга хэмжээг нэн яаралтай авч ажиллах болно. Зориуд онцлон хэлэхэд сурах бичгийн агуулгыг өөрчлөх, дахин шинэчлэх асуудал байхгүй” гэлээ.

Уулзалтад “Соёмбо принтинг”, “Мөнхийн үсэг”, “Сэлэнгэпресс”, “Содпресс”, “Битпресс” зэрэг хэвлэх үйлдвэрийн удирдлагууд оролцож, урьд жилүүдэд үүссэн хүндрэлийг хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо сайдад уламжилжээ. Тухайлбал, сурах бичгийг ченжүүд хэт өндөр үнээр дамлахыг зогсоох шаардлагатай гэлээ.

Хэвлэх үйлдвэрүүдээс сурах бичгийн ченжүүд 2000-5000 төгрөгөөр худалдан аваад 20 мянган төгрөгөөр борлуулдаг байна.

Иймд яам сурах бичиг хэвлүүлэх зардлыг бага хэмжээгээр нэмсэн тохиолдолд, хэвлэх үйлдвэрүүд номын дэлгүүрээр хямд үнээр борлуулах, ченжүүдийн гарт хүргэхгүй байх боломжтой ажээ. Түүнчлэн сурагчийн дүрэмт хувцасны хувьд стандартад нийцүүлж чанартай үйлдвэрлэж, үнийн хувьд уян хатан байх нөхцөлийг хөндлөө.


Сэтгэгдэл

Зочин [103.212.116.145] 2019-03-28 08:28:44

Суут шинжлэх ухааны нээлт, эсвэл шинжлэх ухаанд тайлагдаагүй бодолт шийдэл гараагүй бол сурах бичгийг шинэчлэх шаардлага огт байхгүй. Одоо байгаа бүх сурах бичиг өөрчлөлт хийсэн шалтгаан нь хөтөлбөртэй холбож байгаа нь маш буруу зүйл.

шороотын Цэвээн [89.228.215.18] 2019-03-28 08:38:54

одоогийн сурах бичиг гэж мүүний шашингаар нэвт гэрэлтсэн хүүхэд битгий хэл том хүмүүс ч ойлгохын аргагүй холион бантан байдаг ш дээ....

bi [66.181.160.47] 2019-03-28 08:19:44

Зөв шүү сурах бичгийг түрээсээр өгдөг байвал эцэг эх бидэнд хэрэгтэй байна.Олдохгүй эсвэл шагаар маш их үнэтэй авдаг.Харин сурагчдад хайр гамтай эдлэх тал дээр нь сургууль эцэг, эх хүүхэд хамтарч гэрээ байгуулвал зүгээр санагдаж байна.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.