ЯПОН: Шинэ эриний нэрийг ирэх сарын нэгэнд зарлаж, сарын туршид өөрчлөлтөд бэлдэнэ

Д.Тулга / Гадаад мэдээ

2019 оны тавдугаар сарын нэгний өдөр Японы угсаа залгамжилсан хаан Акихито хаан ширээнээсээ албан ёсоор бууж, хүүдээ өвлүүлэх юм. Ийнхүү 125 дахь эзэн хаан суудлаасаа бууснаар нэгэн шинэ эрин эхэлнэ. Одоо Японд 2019 оныг Хэйсэйн эриний 31 дэх он гэж тоолж байгаа бол шинэ эзэн хаантай болсноор шинэ эрин эхлэх бөгөөд шинэ эриний нэрийг ирэх даваа гаригт ёслол төгөлдөр зарлах юм байна.


Ирэх даваа гаригт буюу дөрөвдүгээр сарын нэгний өдөр Японд шинэ эриний нэрийг алба ёсоор зарлах гэж байна. Улмаар тавдугаар сарын нэгэнд шинэ эзэн хаантай зэрэгцэн ирэх шинэ эринийг дагасан өөрчлөлт, тэр дундаа бичиг баримт, албан бланкууддаа өөрчлөлт оруулахад албан байгууллагуудад нэг сарын хугацаа үлдэж байгаа юм.

Шинэ эриний нэрийг хэл шинжээч, хуульч, түүхчид, улс төрийн элитүүдийн төлөөлөгчид зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй тусгай комисс тодорхойлох юм байна. Нэрийг сонгох нь тун хариуцлагатай ажил бөгөөд нэгэнт л сонгон, олонд тунхагласан бол эргүүлэн өөрчилж, буцаах ямар ч боломжгүй.

Их Наран улсын шинэ эриний нэрийг дөрөвдүгээр сарын нэгний өдөр зарлах бөгөөд харин шинэ эрин Нарухито хаан ширээнд суусан өдрөөс буюу тавдугаар сарын нэгнээс эхлэх юм.

Эриний нэрний утга учир

1989 оны нэгдүгээр сарын долооны өдрөөс эхлэсэн өнөөгийн эриний нэр нь “Энхийг тогтоох” гэсэн утгатай. Үүнээс өмнө, Хирохито эзэн хаан Японыг удирдаж байх үед түүний удирдлагын уриа нь Сёва- “Гэгээрсэн ертөнц” байлаа. Гэхдээ энэ нэр бодит байдалтай төдийлөн зохицоож байсангүй. Чухамхүү Хирохитог хаан ширээнд байх үед буюу 1926-1989 оны хооронд тус улс түрэмгийлэл гаргаж, Хоёрдугаар дайн болж, Сувдан эрэг бөмбөгдөлтөнд өртөж, камиказегийн үхлийн довтолгоон болж, Хирошима Нагасакиг Америкчууд бөмбөгдсөн гээд аймшигтай үйл явдлууд олноор тохиосон юм. Хэдий тийм ч “Гэгээрсэн ертөнц” эриний хоёрдугаар хагаст Япон улс дайны дараах үнс нурман дундаас өндийж, улмаар эдийн засгийн гайхамшиг гэмээр хурдацтай хөгжсөн юм.

Ёсихитогийн хаанчлалын үе болох 1912-1926 оны хооронд тохиосон эринийг “Агуу шударга ёсны эрин”-Тайсе хэмээж байлаа. Энэ эриний нэр тухайн эринийхээ үйл явдалтай нийцэж байсан уу гэвэл бас л эргэлзээтэй. Хорьдугаар зууны эхэн үеүдэд Дэлхийн нэгдүгээр дайн болж, Япон улс Хятадад хяналтаа тогтоон, Алс дорнодын зах зээлд монополчилж байв. Чухамхүү энэ үед л Зөвлөлтийн нутаг дэвсгэррүү түрэмгийлж, Солонгосыг колончилж, 1920-1921 оны хоорондох эдийн засгийн хямрал тохиож, Номхон далайд ноёрхлоо тогтоохын тулд АНУ-тай харилцаа нь муудаж байсан юм.

Даян дэлхийд энх тайван...

Японы түүхэнд анх удаа амьд ахуйдаа хаан ширээгээ өвлүүлж буй Акихито эзэн хааны эриний нэр нь “Энх тайвныг тогтоох” гэсэн утгай бөгөөд үнэхээр л түүний хаанчлалын үед ямар нэг дайн дажин гарсангүй. Гэхдээ Япон улсын хувьд уналт, хямралтай эрин болж өнгөрч байгаа юм. 1989 онд оргилдоо хүрсэн Японы эдийн засаг санхүүгийн хүндхэн хямралыг туулсны дээр үүн дээр нь 2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал ч хүндхэн цохилт болж байлаа.

Цаашид хэн байх вэ?

Эзэн хаан Акихито гүнж Саяко Курода, хунтайж Фумихито, угсаа залгамжилсан хунтайж Нарухито гэсэн гурван хүүхэдтэй. Угсаа залгамжилсан хунтайж Нарухито өдгөө 59 настай, эзэн хаанд байхуйц олон талын боловсролтой. Тэрбээр түүхийн ухааны магистр, Гакусюин их сургууль болон Оксфордод суралцан төгсчээ. Уулын спорт, гүйлт, явган аяллын төрлөөр хичээллэдэг. Гэр бүлтэй, охин, гүнж Тоси нь 17 настай. Эндээс л эмэгтэй хүн, хааны үр удам байсан ч хаан ширээг залгамжилж болох эсэх талаарх маргаан үүсч байгаа юм.

Японд Эзэн хааны хуулинд өөрчлөлт оруулан, гагцхүү эрчүүд хаан ширээг уламжлан авах ёсыг өөрчлөх шаардлагатай гэж үздэг хүмүүс багагүй бий. Ийм өөрчлөлт орвол гүнж Айко (Тоси) ирээдүйд хатан хаан болж мэдэх юм. Харин өнөөгийн ёс хэвээр хадгалагдвал Айко гүнжийн үеэл ах, Фумихито хунтайжийн гурав дахь хүүхэд болох Хисахито ханхүүд хаан ширээ шилжих юм байна.

Б.АНАНД


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:03:51

CG8Exi http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [202.21.127.167] 2019-04-01 02:44:42

Банзаи

Зочин [66.181.186.183] 2019-03-29 18:04:03

Монголоор оны цол гэдэг тогтсон нэртэй. Богд хаант Монгол улсын үед ОЛОН-АА ӨРГӨГДСӨН гэдэг оны цолтой байсан. Японы түрүүчийн хааны оны цол нь Hei Sei (Hee See) гэж байсан ...

Зочин [202.179.31.29] 2019-03-29 07:46:38

Банзай


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.