Монголын үндэсний олимпын хороо 2019 онд 7 үндсэн чиглэлийн 40 багц ажлыг хэрэгжүүлнэ гэв

М.Амаржаргал / Спорт

Өчигдөр буюу баасан гарагт /2019.03.29/ Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны гишүүдийн хурал “Чингис” зочид буудлын “Өргөө” хурлын танхимд зохион байгуулж, хурлаар олон асуудал хэлэлцэн баталсан байна. Энэхүү хурлаар МҮОХ-ны 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийг батлажээ. МҮОХ-ны гишүүн холбоогоор Монголын мастеруудын биеийн тамир, спортын хороо болон Монголын бобслей скелетоны холбоог гишүүнээр элсүүлэв.

Мөн зарим гишүүдийн гишүүнчлэлийг дуусгавар болгож, зарим хүмүүсийг гишүүнээр элсүүлэхээр танилцуулж батлав. Энэхүү хурлаар 2018 оны үйл ажиллагааны товч мэдээлэл хийсэн юм. Тодруулбал, 2018 онд Монголын баг тамирчид олимпын наадмаас анхны медаль хүртсэний 50 жил, олимпийн аварга төрсний 10 жилийн түүхэн ой тохиосон онцлох жил байсан билээ. Өнгөрсөн онд МҮОХ-ноос Олимпийн боловсрол, сургалт сурталчилгааг онцолж, эрчимтэй хөгжүүлэхийг зорин ажиллажээ.

image

2018 онд удирдлага-зохион байгуулалт, олимпийн боловсрол, сургалт сурталчилгаа, спорт холбоодын хамтын ажиллагаа, гадаад харилцаа, наадмууд болон ОУОХ-ны эв санааны нэгдлээс хэрэгжүүлэх хөтөлбөрүүд гэсэн 6 үндсэн чиглэлийн хүрээнд 60 ажил төлөвлөснөөс 58-ийг нь буюу 96,6 хувийг нь бүрэн хэрэгжүүлж, үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Өнгөрсөн 2018 онд "Пёнчан-2018" өвлийн XXIII олимпын наадам, "Жакарта-Палембан - 2018" Азийн XVIII наадам, "Буэнос-Айрес -2018" Залуучуудын III олимпын наадам зэрэг олон улсын томоохон наадмууд хуваарийн дагуу болж, МҮОХ-ноос баг тамирчдаа амжилттай зохион байгуулж оролцов. МҮОХ нь гишүүн спорт холбоодын үйл ажиллагааг дэмжих, сайжруулах, арга зүйн зөвлөмжөөр хангахыг эрхэмлэж, ОУОХ-ны хөтөлбөрийн дагуу олон улсын дасгалжуулагчийн курсийг чөлөөт бөх, байт харваа, буудлага, гандбол, рагбигийн холбоодтой хамтран зохион байгуулсан байна.

image

Өсвөр үеийнхэнд олимпын соёл, түүх, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх, олимпийн боловсрол ба хүмүүжлийг эзэмшүүлэх, үүгээр дамжуулан бие бялдрын өв тэгш хөгжлийг хангах, авьяас, чадварыг нь нээн илрүүлэх, биеийн тамирын багш нарын идэвх, санаачилга болон хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд МҮОХ болон Монголын үндэсний олимпын академи /МҮОА/-аас хамтран "Олимпизм ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт болзолт уралдааныг Монгол улсын нийт Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зарлаж, 350 гаруй сургууль хамрагдсан байна.
Энэхүү хурлаар МҮОХ-ны Маркетинг хариуцсан нарийн бичиг А.Ундрал 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийг танилцуулж, гишүүд хэлэлцэн батласан байна. МҮОХ нь 2019 онд удирдлага зохион байгуулалт, олимпийн боловсрол, спорт холбоод, гадаад харилцаа, наадмууд, ОУОХ-ны эв санааны нэгдлээс хэрэгжүүлэх хөтөлбөрүүд, санхүү аж ахуйн 7 үндсэн чиглэлийн 40 багц ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.