116 дугаар сургуулийнхан дөрвөн төрлийн брайл газрын зурагтай болжээ

М.Амаржаргал / Боловсрол

Барилга, хот байгуулалтын яам болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас дөрвөн төрлийн брайл газрын зургийг Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар тусгай дунд сургуульд өнөөдөр хүлээлгэн өгчээ. Уг газрын зургийг 2018 онд зохион, хэвлүүлээд тус сургуулийн сурагчдын газар зүйн хичээлийн сургалтын хэрэгцээнд зориулан тус бүр 150 ширхгийг хүлээлгэн өгсөн байна.

Дөрвөн төрлийн брайл газрын зурагт:

Дэлхийн газрын зураг

Монгол орны засаг, захиргааны зураг

116 дугаар сургууль орчмын тойм зураг

116 дугаар сургуулийн хашаан доторх тойм зураг багтжээ.

Брайл газрын зургийг харааны бэрхшээлтэй сурагч, иргэдийн онцлог, тэдний мэдлэг, мэдээлэл олж авах хэрэгцээнд нийцүүлсэн байна. Газрын зургийн шугаман элементийг товойлгон дүрслэх байдлаар, нэрийг брайл бичгээр бичиж, харин харааны тодорхой хувийн алдагдалтай сурагч, иргэдэд зориулан өргөн зураас, том үсгээр дүрсэлжээ.

Эдгээр брайл газрын зургаар дамжуулан сургуулийн ойр орчмын газар орны байдал, өөрийн улсын болон аймгуудын байршил, хэлбэр, хэмжээ, дэлхийн улс орнууд, тив, далай тэнгис хаана байрлаж байгааг мэдэж авч, газар зүйн мэдлэгээ нэмэгдүүлэх аж.

Мөн харааны бэрхшээлтэй сурагчид "116-р сургууль орчмын брайл газрын зураг”-ийг ашиглан автобусны буудлаас сургууль хүртлээ ирж, сургуулийн хашаан доторх брайл газрын зураг ашиглан сургуулийн хашаан дотор ганцаараа ч явах боломжтой болжээ. Цаашид аймаг, сум, Улаанбаатар хоттой илүү их ойр танилцах боломж олгохоор БХБЯ, ГЗБГЗЗГ-аас “Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан Монгол орны атлас” зохиож, хэвлүүлэхээр 2019 онд төлөвлөжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.