Чуулганы хуралдаан үргэлжилж байна

П.Урнаа / Улстөр
  • 2019-04-11 08:26:58
  • 2019-04-11 08:26:58

    Чуулганы хуралдаан үргэлжилж байна

    photo

    УИХ-ын өнөөдрийн чуулганы үдээс хойших хуралдаан 15:30 цагт эхэлсэн.

    Хуралдаанаар, “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” их хурлын тогтоолын төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна.

    Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж, санал хураалтын үеэр УИХ-ын гишүүд үг хэлж байна.

  • 2019-04-11 04:49:48
  • 2019-04-11 04:49:48

    ЧУУЛГАН: 600 төгрөгийг хүүхдийн хоолонд бүтнээр нь зарцуулах бололцоо бий

    photo

    Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлэг үргэлжилж байна.

    УИХ-ын гишүүн Б.Ундармаа нарын найман гишүүн тогтоолын төслийг 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

    Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүн асуулт асууж хариулт өгч байна.

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Үдийн цай хөтөлбөрийг өргөжүүлж үдийн хоол хөтөлбөр болгох гэж байгаа гэж ойлгож байна. Нэг талаасаа сайн. Янз бүрийн амьдралтай боломжтой бололцоотой тэр тусмаа улсын сургуульд явдаг хүүхдүүдийн хувьд өдөрт нэг удаа шим тэжээлтэй хоол идэх нь зөв. Гэхдээ үүнд хэд хэдэн асуудал бий. Үдийн цай хөтөлбөр өөрөө их асуудал дагуулдаг. Чанаргүй бүтээгдэхүүнүүдийг нийлүүлээд өгдөг. Тэгээд төсөв нь хүрэхгүй байна гэдэг. Үдийн хоол хөтөлбөртөө хэдэн төгрөг төсөвлөж байгаа вэ. Өөрөөр хэлбэл нэг хүүхдийн хоолны зардал хэд вэ. Хоолны зардалд нь ямар бүтээгдэхүүнүүд орно гэж тооцож байгаа вэ. Түүнчлэн Улсын хамгийн чанартай гэгддэг сургуулиудад хоолны хордлого гардаг. Тухайлбал, Эрдэнэтэд байрлах Турк сургуулийн асуудал бий. Сургуулиудын хүнсний аюулгүй байдлыг хэн хянах вэ. Хоолонд орох хүнсний бүтээгдэхүүнийг хаана хадгалах, хэн хянах вэ.

    УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

    Анхны хэлэлцүүлэг байнгын хороонд дээр явж байхад эдгээр нь хамгийн их яригдсан асуудал нь эрүүл ахуйтай холбоотой асуудал юм. Өнөөдөр хүүхдийн үдийн цайны зардал 600 төгрөг. Одоо үүнээс 300 нь түрээсэндээ зарцуулагддаг. ЕБС-ын хнүүхдүүдийн үдийн цайнд оногдож байгаа мөнгө нь 200-300 төгрөгнд эргэлдээд байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Мэргэжлийн хүмүүс сүүлийн 10 жил судалгаа хийж байна. 2018 онд Мэргэжлийн хяналтын байгууллагаас эрүүл ахуйтай холбоотойгоор бүх анги танхимуудад шалгалт хийсэн. Тус шалгалтаар 50 гаруй хувь нь дотоод хяналтгүй, эрүүл бус гал тогоотой, ханган нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүний хадгалалт муу байна гэсэн дүн гарсан. Иймд тус хуулиар эдгээр алдааг засах зорилготой. Түүнчлэн тухайн 600 төгрөг бүтнээрээ хүүхдийн хоолонд зарцуулагддаг байвал бололцоотой гэж харж байгаа.


    УИХ-ын гишүүн Ц.Сарангэрэл:

    Сүүлийн үед ЕБС-иудад хоолны хордлого их гарч байна. Хамгийн сүүлд "Singapore school of Mongolia" сургуульд нийтийг хамарсан маш том халдвар гарсан. Цусан суулга өвчний нян ажилчид, сурагчдын 80 хувьд илэрсэн. (Дахин үг хэлэхдээ 80 хувь биш 80 хүнд илэрсэн хэмээн залруулав) Сургуулиудын хоолны газрын хяналтыг МХЕГ, НМХГ хийдэг. Гэтэл энэ олон удаагийн хоолны хордлого гарч байхад мэргэжлийн хяналтынхан ажлаа хийхгүй байна. Л.Эрдэнэчулуун дарга хааяа гарч ирж сүртэй мэдэгдэл л хийж байна. Энэ олон удаагийн хордлого гарч байхад урьдчилан сэргийлэх, таниулах ажил хангалтгүй байснаас эрүүл мэндийн байгууллагад хүн хүч, хөрөнгө санхүүгийн хүндрэл учруулж байна.

    Шадар сайд Ө.Энхтүвшин: Үдийн цайг үдийн хоол болгохыг дэмжиж байна. Гэвч буруу зохион байгуулснаас болоод хэл ам хийж байна. Би анх энэ ажлыг эхлүүлж байсан. Тухайн үед улсын төсөвт мөнгө суугаагүйгээс Мобиком корпорациас 300 сая төгрөг авч эхлүүлж байсан юм. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлж чадах уу, улсын төсвийн тодотгол хийхгүй гэж байгаа үед амьдрал дээр бэлтгэл хангагдаж чадах уу.

    УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Бүх сургуульд хоол зүйч гэж орон тоо байх уу. Ажиллах бол 800 гаруй хүн нэмэгдэх үү.

    УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 652 хоол зүйч шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Хөтөлбөрийн зохион байгуулалтын асуудал сул гэдэг нь мөн үнэн. Яагаад гэвэл сургуулийн удирдлагуудын бизнес болчихдог. Мөн түрээсэнд 600 төгрөгийн тал төлбөр нь орчихдог. Зохион байгуулалтыг эрс шинэчлэх шаардлагатай. Үдийн цай бол бизнес биш гэдгийг ойлгуулах нь чухал.


    УИХ-ын гишүүн М.Дэлгэрсайхан: Багш нарт ч мөн адил үдийн хоолноос өгдөг байх хэрэгтэй болов уу. Үдийн цайны 600 төгрөг гэж одоо юу вэ. Энэ мөнгөөр юу хийх юм бэ. Үнийн дүнг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ асуудалд БСШУСЯ анхааралд хандуулдаг уу. Хүүхдийн жин, өсөлт энэ бүгдэд хийсэн талаар судалгаа байна уу. Үдийн хоол өгөх гэж байгаа юм бол өгсөн шиг өгмөөр байна. Мөнгө төгрөг нь хамгийн чухал. Хэдэн төгрөгийг чинь сургууль өөрөө туслах ААН-тэй байж хоолны чанар нь гайгүй болох юм болов уу гэж би ойлгосон. Гэтэл гаднаас авна, ЖДҮ-чид зөндөө бий л гэх юм. Үүнийг ойлгож байна.

    УИХ-ын гишүүн С.Мөнх-Оргил: Мөнгөний асуудал чухал ч эхний ээлжинд бид 600 төгрөгийг бүтэн хоолонд зарцуулдаг байх хэрэгтэй байна. Дийлэнх нь өөр зүйлд зарцуулж байгаа юм. Мөнгөн дүнг шууд тусгах боломжгүй. Жил бүр үнийн дүнг нэмж, цаашлаад наснаас хамаарч өөр ч байх хэрэгтэй гэж үзэж байна. Дээрээс нь багш нарыг үдийн хоолонд оруулдаг болох талаар ч ярьж байна.

  • 2019-04-11 04:09:28
  • 2019-04-11 04:09:28

    С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ

    photo

    УИХ дахь АН-ын бүлэг албан ёсоор тарах болсон талаар мэдэгдлийг УИХ-ын дарга танилцууллаа. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэг зөвлөлийн статустай ажиллахаар болж байна. Мөн УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын бүлгээс гарах болсон мэдэгдлээ өчигдөр дахин хүргүүлсэн бөгөөд АН-ын бүлгээс албан ёсоор гарах болсныг УИХ-ын дарга мэдэгдлээ.

    Санал хураах төхөөрөмж ажиллахгүй байгаатай холбоотойгоор 15 орчим минут саатсаны эцэст дахин санал хураалт явуулахад дахин саатал гарав.

    УИХ-ын дарга Г.Занданшатар, “УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон үүнээс болж огцорвол таарна. Хариуцлагагүй юм хийчихээд Ц.Цолмон дарга чинь хааччихсан юм" гэв.

    УИХ-ын Тамгын газраас "Программ техникт асуудал байхгүй. Хурууны төхөөрөмжөөр ирц бүртгүүлэхэд болсон бол санал хураахад ч асуудалгүй. Хуруугаа яаж уншуулж байна гэдгээс л шалтгаалж байгаа. Дэгийн тухай хуулиар гар өргөж санал хураалт явуулах боломжтой" гэлээ.

    Ингээд гар өргөн санал хураалт авснаар гишүүдийн олонх нь дэмжиж “С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо байгуулах”-ыг хэлэлцэх асуудалд нэмэхээр боллоо.

  • 2019-04-11 03:09:32
  • 2019-04-11 03:09:32

    УИХ-ын чуулган эхэллээ

    photo

    УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар 10 гаруй асуудал хэлэлцэхээр товложээ. Хэлэлцэх асуудлаас өмнө УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж нар С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлыг хамгийн эхэнд оруулж өгнө үү гэх санал гаргасан юм.

    Уг саналыг дэмжих эсэх томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх нь дэмжээгүй юм. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар хурууны хээгээ уншуулсан ч болохгүй байгаа хэлж дахин санал хураахад 68.1 хувь дэмжээгүй юм. Гэсэн ч дахин санал хураалт явуулах гэж байна.

    ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД:

    04 дүгээр сарын 11, 12-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

    -Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    -Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    -Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав нарын 11 гишүүн 2019.02.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    -Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.02.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;

    -Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

    -Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    -Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.03.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    -Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    -“Төрөөс төмөр замын тээврийн талаар Улсын Их Хурлын баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    -Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд нарын 5 гишүүн 2018.03.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    -Бусад;

    -Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуунаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Төрөөс дээд боловсролын салбарт баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох.

Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.