Суданд цэргийн эргэлт гарсан гэв

Д.Тулга / Гадаад мэдээ

Суданд цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Омар аль Башир өөрийн хүрээллийн өндөр албан тушаалтнуудын хамт цэргүүдэд баривчлагдсан талаар Арабын Al-Hadath телевиз мэдээллээ.

Эх сурвалжийн дамжуулснаар, Ерөнхийлөгчийн гвардын тэргүүн, түүнчлэн батлан хамгаалахын сайд асан Абдель Рахим Мухаммед Хусейн, тус улсын эрх баригч намын дарга Ахмед Харун болон дэд ерөнхийлөгч асан Али Осман Таха нар цэргийнхэнд баривчлагджээ.

Арабын Al-Hadath телевизийн мэдээлснээр дээрх өндөр албан тушаалтнууд Суданд цэргийн эргэлт хийсэн цэргийнхэнд баривчлагдсан байна. Харин Суданы Al-Mashhad телевиз мэдээлэхдээ Ерөнхийлөгч Омар аль Башир эх орноо орхин гарсан гэж мэдээлжээ.

Үүнээс өмнө, Суданы цэргийн зөвлөл тус улсад нэг жилийн хугацаатайгаар засаг барихаар бэлтгэж байгаа тухай мэдээлэл гарч байлаа. Албан бус эх сурвалжийн мэдээгээр хэсэг цэргийн албан хаагчид Суданд цэргийн эргэлт хийн, Ерөнхийлөгч Омар аль Баширийг суулаас нь түлхэн унагасан байна. Ойрын хугацаанд Суданы арми улсын телевиз болон радиогоор албан ёсны мэдэгдэл хийх байх хэмээн ТАСС агентлаг дамжууллаа.

Одоо тус улсын нийслэлд армийн нэмэлт хүч, хуягт техникүүдийг байршуулсан байгаа бөгөөд цагдаагийнхан огт харагдахгүй, мөн Хартумын олон улсын нисэх буудал хаагджээ.

Энд дуулгахад, Суданд өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш эсэргүүцлийн жагсаал, суулт үргэлжилсээр байсан юм. Тодруулбал, 2018 оны 12 дугаар сард Суданд эдийн засгийн нөхцөл байдал эрс дордож, талх, түлшний үнэ өссөн. Улмаар тус улсын Ерөнхийлөгч Засгийн газраа огцруулж, Суданд онц байдал тогтоосон юм.

Энэ нөхцөл байдлыг Суданы иргэд эсэргүүцэн, эдийн засгийн шаардлага тавьж байснаа улмаар улс төрийн шаардлага тавих болж, засгийн эрхэнд 30 жил байгаа Ерөнхийлөгч Омар аль Баширыг огцрохыг шаардаж эхлэсэн. Эсэргүүцлийн жагсаал цуглаан яваандаа мөргөлдөөн үүсгэж, аюулгүй байдлын хүчнийхэн болон иргэдийн хоорондын мөргөлдөөний улмаас дөрөвдүгээр сарын есний өдөр Суданы нийслэл Хартум хотод 14 хүн амиа алдсан байна. Эсэргүүцэгчид Суданы Зэвсэгт хүчний удирдах газрын гадаа суулт зарласан бөгөөд аюулгүй байдлыг хангах албаныхан жагсагчдыг тараах гэсэн ээлжит оролдлогоороо ийнхүү мөргөлдөөнд хүрчээ. Тэд эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, резинэн сум тэр буу хэл автомат галт зэвсэг ашигласан байна. Улмаар хамгийн сүүлийн үеийн мэдээллээр эсэргүүцлийн жагсаал цуглаан эхэлснээс хойш Суданд жагсаалд оролцож байсан 22 хүн амиа алджээ.

Суданы зэвсэгт хүчний төлөөлөгч генерал Ахмед Халифа аль Шами дөрөвдүгээр сарын есний өдөр мэдэгдэл хийхдээ цэргийнхэн Суданы улс төрийн үйл явдалд оролцохгүй гэдгийг онцлоод, “суулт улс орныг эмх замбараагүй байдалд хүргэж мэднэ” хэмээж байлаа. Харин ийнхүү улс төрийн нөхцөл байдалд оролцохгүй гэж мэдэгдэж байсан ч хэдийнэ цэргийн эргэлт Суданд гарсан байж болзошгүй талаар хэвлэлүүд онцолж байгаа юм.

Б.АНАНД


Сэтгэгдэл

zochin [185.39.141.204] 2019-04-12 09:54:05

65 hulgaich tonuulch opshor deeremchdiig ingmeer baigaa yum daa .

Зочин [202.179.25.120] 2019-04-12 02:40:20

Хар мортэй хог вэ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.