Баянхонгор аймагт галзуу чоно айл руу дайрч, хоёр хүн гэмтжээ

У.Уранцэцэг / Орон нутаг

-МАЛ ҮРГЭХ ЧИМЭЭНЭЭР ГАДАГШ ГАРСАН ЭХНЭР НӨХӨР ХОЁР РУУ ДАЙРСАН-

Энэ сарын 19-ний оройн 21 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт байрлах хоёрдугаар багийн нутаг “Ямаан ус” гэх нэртэй газарт хаваржиж байсан айлын хоёр хүн рүү галзуу чоно дайрсан хэрэг гарсан байна. Үйл явдлыг тодруулбал, тухайн өдөр малчин айлын эхнэр нөхөр хоёр мал үргэх чимээнээр гадагш гартал хоттой хонин дундаас чоно гарч ирж эхнэр лүү нь дайрч гэмтээсэн байна. Улмаар иргэн Б.Балсан чоныг модоор цохиж, нүүрэн тус газраа гэмтэл авчээ. Галзуу чоно маргааш орой нь дахин тухайн айл руу дайрсан талаар нутгийн иргэд мэдээлж байна.

-ГАЛЗУУ ЧОНО МАРГААШ ОРОЙ НЬ ДАЙРСАН АЙЛ РУУГАА ДАХИН ИРСЭН-

-Энэ талаар Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын дарга Э.Амгаланбаяраас тодрууллаа.

-Болсон үйл явдлын талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юу?

-Тухайн өдөр мал нь үргэхэд эхнэр нөхөр хоёулаа гэрээсээ гарч ирэхэд чоно шууд дайрсан байгаа юм. Тэгээд эхнэр нөхөр хоёулаа шархдаж, буцаж гэртээ ороод хаалгаа түгжээд эмнэлгийн тусламж дуудсан байдаг. Б.Балсан гэх айлын хотонд галзуу чоно дайрч хоёуланг нь урсан байсан. Тухайн иргэд гар болон нүүрэндээ гэмтэл авч эмнэлэгт очиж оёдол тавиулсан.

Энэ талаарх дуудлага сумын удирдлагуудад оройн 12 цагийн орчимд ирээд бид шуурхай баг гаргаж очсон. Онцгой комисс хуралдаад долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр шөнө 3 цагт сумаас гарч тухайн айлд очсон. Бид тэр айлдаа хоноод маргааш өглөө нь дахин найман хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг нэмэгдэж ирсэн. Ингээд хоёр ажлын хэсэг гарч өдөржин уулаар хайгаад олоогүй. Тэгээд орой эргэж ирж магадгүй гээд машиндаа отож занга тавьцгаасан. Гэтэл маргааш орой нь буюу дөрөвдүгээр сарын 20-ний шөнө 12 цагийн орчимд галзуу чоно дахин нөгөө айл руу ирсэн. Энэ үед нь анчид болон хоёр ажлын хэсгийн хүмүүс хамтран агнаж, аюулгүй болгосон.

-5 КМ ОРЧИМД ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙЖ, ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООСОН-

-Тухайн чоныг галзуурсан гэдгийг нь ямар шинж тэмдгээр мэдэж байна вэ?

-Бид устгалд оруулсныхаа дараа чонын тархинаас дээж авч, аймгийн хөдөө аж ахуйн газар луу шинжилгээнд явуулсан. Тухайн өдрийнхөө 16 цагийн орчимд хариу нь “Галзуу байна” гэж гарсан. Үүний дагуу бид дахин онцгой комиссын бүрэлдэхүүнээ хуралдуулж, сумын хэмжээнд хориг тавьсан. Комиссын хуралдаанаар ажлын хэсэг гаргаж тухайн бүс нутагтаа хорио цээрийн дэглэм тогтоосон. Одоогийн байдлаар сумын Засаг даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн ойролцоох таван км бүс нутагт оршин байгаа айлуудын малд галзуугийн вакцин хийж, шархтай малыг устгалд оруулж, ариутгал хийж байна.

-Чононд уруулсан иргэдийн биеийн байдал хэр байна вэ?

-"Тэр айлын эхнэр нөхөр хоёр тэр өдрөө эмнэлэгт оёдол тавиулаад одоо гэртээ байгаа. Биеийн байдал сайн байна" гэв.

-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.

-Баярлалаа.


Сэтгэгдэл

Зочин [59.153.85.124] 2019-04-23 04:50:54

Өдийд яг бэлтрэг суйлдаг үе шүү дээ. Энэ нөхдүүд бэлтрэг оролдсон байх.

хх [202.55.191.194] 2019-04-23 03:40:27

хагас галзуу байсан байх ,бүрмөсөн галзуу бол эргэж ирэхээ мэдэхгүй

Зочин [66.181.187.37] 2019-04-23 01:52:04

Галзуу биш л байна даа , мөн байсансан бол манай нам -засгийн удирдагчид , УИХ -н гишүүд шиг мал- хүн - эд хөрөнгө \ МӨНГӨ \ харсан тэр амьтан УХААН ЖОЛООГҮЙ - УЛАНГАСАН ДАЙРАХ ёстой ...

Зочин [203.15.208.22] 2019-04-23 02:47:27

yag unen. Galzuu baisan bol uruulsan hoyor hun galzuugiin haldvar avtsan uheh geed emnelegt hevtejeeh yostoi.

Зочин [66.181.187.37] 2019-04-23 01:45:37

Зугтаахаа мэдэж , тодорхой хугацаанд эргэн ангуучилж байгаа бодоход " галзуу " биш л байна даа ...


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.