Сураггүй болсон ОХИД хаачив

М.Амаржаргал / Хууль

-НАСАНД ХҮРЭЭГҮЙ ОХИД ЭЦЭГ, ЭХИЙНХЭЭ НҮДЭН ДЭЭР
"УУРШИН" АЛГА БОЛЖ БАЙНА

Нэг жил ч хүрэхгүй хугацаанд бага насны хоёр охин ор сураггүй алга болж эцэг, эх нь амьдын хагацалд унаж, эрлийн багийнхан мухардалд орж өнөөдрийг хүртэл хэргийн сэжүүрээс атгаж чадсангүй. Энэ бүхнээс хүүхдүүд хаашаа алга болоод байна вэ гэсэн асуулт урган гарч ирнэ. Хүүхдийн эрх, хүүхдийн аюулгүй байдлыг ярихдаа бид эцэг, эх, багш, эмч, цагдаад л бүх хариуцлагыг үүрүүлдэг. Гэтэл монгол төр ирээдүй болсон багачуудынхаа төлөө юу хийж байна вэ.

Бүр цаашлаад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ЦЕГ, Батлан хамгаалах яам, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар яагаад чив чимээгүй байх болов. Бага насны охид эцэг, эхийнхээ нүдэн дээр усны уур мэт замхаран алга болоход хамгийн түрүүнд дуугарах ёстой УИХ-ын эмэгтэй гишүүд амандаа бүлх залгисан мэт дуугай.

Өнөөдрийг хүртэл ЦЕГ-аас алга болсон охидын хэргийн явцын талаар ямар ч мэдээлэл хийсэнгүй. Сэтгүүлчид асуухаар "Эрлийн ажиллагаа үргэлжилж байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэх бөөрөнхий ганцхан хариултыг өгдөг. Тиймээс охидын алга болсон түүхийг дахин сөхөж, дахин олон нийтийн анхааралд оруулахын тулд доорх бичвэрийг хийлээ.

-Д.СЭРЖМЯДАГ ОХИНЫГ ЦАГДААГИЙНХАН ГУРВАН ЖИЛИЙН
ХУГАЦААНД ХАЙСАН Ч СЭЖҮҮР ОЛСОНГҮЙ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын II сургуулийн гуравдугаар ангийн сурагч, найман настай охин 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ор сураггүй алга болоод ГУРВАН жил болжээ. Охиныг Д.Сэржмядаг гэдэг бөгөөд 130-150 см өндөртэй. Алга болох үедээ цэнхэр дотортой, ягаан өнгийн даавуун куртик, ягаан өнгийн сурагч цүнхтэй, сурагчийн дүрэмт хувцастай, хар өнгийн ноосон өмд, хүрэн өнгийн урт түрийтэй гуталтай явсан аж. Охиныг хайх ажиллагаа одоо ч үргэлжилсээр байгаа.

Тус өдрийн 16:30 цагийн орчимд түүний эгч Д.Ариунзаяа ээжрүүгээ ярьж “Ээжээ дүү алга болчихсон байна. Сургууль дээрээ очоогүй гэнэ. Гэртээ алга байна” гээд уйлжээ. Ингээд ар гэрийнхэн нь тухайн өдрийнхөө 18:00 цагт Цагдаагийн байгууллагад охиныг алга болсон талаарх мэдээллийг өгсөн байдаг. Охиныг алга болдог өдөр Замын-Үүд сумаас БНХАУ-ын Эрээн хот руу хил гарсан иргэдийн судалгааг Хилийн мэргэжлийн хяналт, гаалийн ажилтнуудаар гаргуулж, шалгасан ч ямар нэгэн сэжүүр олоогүй. Д.Сэржмядагийг алга болох үеэр 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч Замын-Үүд сумыг нэгжсэн. Тэд сум болон сумын төвөөс 15 км-ын радиуст самналт хийж үзсэн ч олдоогүй. Харин одоо улс орон даяар эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байгаа ч чихэнд чимэгтэй ганц үгийг цагдаа нар дуулгалгүй гурван жилийн нүүрийг үзэх гэж байна.

Охины ээж Б.Хоролмаа “Гэртээ инээгээд ороод ирэх юм шиг л санагдаад байх юм. Охиноо амьд мэнд олчих юмсан. Төрүүлсэн үрээ яасан нь мэдэгдэхгүй алдчихаад сууж байна гэдэг амьдын там байдаг юм байна даа. Уйлахаас өөр юу ч хийж чадахгүй байгаа юм шиг санагдаад заримдаа бачуурах юм. Хэн нэгэн охиныг минь тамалж, зовоож байх вий дээ гэж бодохоор зүрх зүсэгдэх шиг болж, сэтгэл санаа хямраад хэцүү байна. Бид цагдаа нарыг охиныг минь хурдан олоод өгнө гэж итгэж байна” гэж тухайн үед хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн.

Өнгөрсөн хугацаанд охиныг эрэн хайх эрлийн багийнхан татан буугдаагүй бөгөөд эл хэрэгт холбогдуулан гурван хүнийг сэжигтнээр татан шалгасан ч мөн л сэжүүр олоогүй юм. Охин айлын бага хүүхэд бөгөөд алга болсон тухайн өдөр ээж рүү гээ дөрвөн удаа залгаад утас нь холбогдохоо больсон гэдэг. Эрлийн ажиллагаа өнөөдрийг хүртэл зогсоогүй үргэлжилсээр...


-ХОНИНЫ БЭЛЧЭЭРЭЭС АЛГА БОЛСОН ОХИНОО АР ГЭРИЙНХЭН НЬ
НАЙМАН САРЫН ТУРШ ЦӨХРӨЛТГҮЙ ХАЙЖ БАЙНА
-

13 настай Б.Мөнгөнцэцэг охин Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг Товго уул гэх газраас 2018 оны наймдугаар сарын 07-ны өдөр 11:00 цагийн үед хониныхоо бэлчээр дээрээс сураггүй алга болсон. Түүний алга болсноос хойш ар гэрийнхэн нь НАЙМАН САРЫН ТУРШ цөхрөлтгүй хайсэн хэвээр байгаа юм.

Сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэр Товгын ар гэх тус газар нь бургас, сайр, гол, ой модтой зэрлэг ан амьтан ихтэй бөгөөд сумын төвөөс арваад км-ийн зайд оршдог. Охины хонь хариулж явсан газраас хоёр км-ын зайд сумын төвөөс гуравдугаар баг руу очдог зам байдаг, тухайн орчимд хавар, зун, намартаа 20 гаруй малчин айл амьдардаг юм байна.

Өглөө эрт хонио дагаад гарсан охин өдөр 13:00 цагийн үед ирэхгүй болохоор нь гэрийнхэн нь хайж эхэлсэн бөгөөд 17:00 цагийн үед сум руу мэдэгдэж эхний өдөр ах дүү, хамаатан саднууд хайлцсан байдаг. Дараагийн өдрөөс Хөвсгөл аймгийн цагдаагийн газар, ОБГ, сумын ЗДТГ талуудаас бүрдсэн эрлийн баг, нутгийн иргэд хамтран наймдугаар сарын 14-ны өдрийг хүртэл хайжээ. Ингээд ямар нэг ул мөр сураг олоогүй тул эрлийг зогсоосон байна.

Охин алга болохынхоо өмнөх хоёр өдөр малдаа яваад ирэхдээ чихэр, печень, гар утас авч ирсэн тухай нагац ахынх нь эхнэр хэвлэлд ярьсан байдаг. Тэрээр ар гэрийнхэндээ "Олсон юм" гэж хариулдаг байжээ. Охины эмээ намаржингаа хавь ойрын сумдаар хайж, лам бөөгөөс асуухад "Гурван сарын дараа сураг гарна” хэмээн хэлжээ.


-ЕСӨН НАСТАЙ Б.УНДАРМАА ОХИН ГЭРИЙНХЭЭ ГАДНАХ ТОГЛООМЫН
ТАЛБАЙГААС СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН-

Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд энэ сарын 14-ний өдөр есөн настай Бибишийн Ундармаа охин алга болсон талаар манай сайт өмнө нь мэдээлсэн. Тоглоомын талбайд тоглож байсан тэрээр тухайн өдрийн 18:00 цагаас хойш сураггүй болоод байгаа. Охиныг орон даяар эрэн сурвалжилж байгаа ч өнгөөг хүртэл ямар нэгэн сураг гараагүй байгаа юм.

Аймаг, сумын хамтарсан багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн 12 хэсэгт гарч сумын төв болон ойр орчмын бүх айл өрхийн өвөлжөө, амбаар, бохирын цооног, гуу жалга бүх газраар эрлийн ажлыг явуулжээ. Мөн Сэлэнгэ аймгийн нутгаас гадна хил залгаа Орхон, Дархан-Уул аймгийн цагдаагийн байгууллагатай хамтран тус аймгуудын нутагт эрэн хайх ажиллагааг явуулаад байгаа аж.

Ээж нь гэртээ хоолоо хийж байхдаа хамгийн сүүлд 18:00 цагийн орчимд түүнийг гэрийнхээ хойд талын тоглоомын талбайд тоглож байхыг харжээ. Харин аав нь гэртээ ирээд охиноо дуудахаар очиход талбай дээр харагдаагүй тул ойр хавийн айлуудаас сураглаж эхэлсэн юм байна. Ингээд охины талаар ямар нэгэн сэжүүр гарч ирээгүй учраас хуулийн байгууллагад хандаж, эрлийн ажиллагааг орон даяар явуулж эхэлжээ. Б.Ундармаа охин айлын бага хүүхэд бөгөөд түүнийг алга болсноос хойш сум даяараа хүч нэмэгдүүлэн хайж байна. Тиймээс охиныг харсан, үзсэн хүн байвал Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 7036101 утсанд мэдээлэл өгөхийг хүслээ. Охины талаарх бодит мэдээллийг таван сая төгрөгөөр үнэлээд байгаа.