“Singapore school of Mongolia” сургуулийн хоолны газарт хийсэн шинжилгээний хариу гарчээ

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Энэ сарын эхээр SSM буюу “Singapore school of Mongolia” сургуульд олон хүүхдийг хамарсан хоолны хордлого гарч, 30 гаруй хүнд хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ, оношилгоо хийлгэж байна гэж ЭМЯ-наас мэдээлж байсан. Энэ дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Singapore school of Mongolia” /SSM/ сургууль болон хоолны газарт дүүрэг дэх мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хяналт шалгалт хийж, дүгнэлтээ гаргажээ.

Тус сургуулийн хоолны газрыг “УНЭТО трейд” ХХК нь түрээслэн ажиллуулдаг бөгөөд 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн бүхэлд нь түр хугацаагаар зогсоож, зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагааг явуулсан байна. “УНЭТО трейд” ХХК-ийн хоолны газраас лабораторийн шинжилгээнд найман нэрийн хоол, 13 нэрийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, есөн орчны эд зүйлсийн арчдас, өрөөний агаар, төвлөрсөн шугамын унд, ахуйн ус, будаа агшаасан ус, шүүсэн ус тус бүр нэгийг авч Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид шинжлүүлжээ. Хоолны газарт 182 хүн хоол идсэнээс эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн 84 хүн байсан. Үүнээс ХӨСҮТ-д 48 хүн хэвтэж эмчлүүлсэн, гэрээр өрхийн эмчийн хяналтанд 38 хүн эмчилгээ хийлгүүлсэн байна.

Лабораторийн шинжилгээний хариу:

  • Боловсруулсан долоон нэрийн хоол, хоёр нэрийн хүнсний бүтээгдэхүүн, арчдасны нэг буюу 11.1 хувь, шүүсэн усны дээжинд эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээнээс нянгийн бохирдол их гарсан байна.
  • Нян судлалын шинжилгээнд 109 хүн хамрагдсанаас шигел /Shigella Flexner 1a/ илэрсэн нийт хүний тоо 44 байна. Үүнээс сурагч 34, багш 8, гал тогооны 2 ажилтан байжээ.
  • Төвлөрсөн шугамын унд ахуйн ус нь хими, нян судлалын шинжилгээгээр холбогдох стандартын шаардлага хангасан байна.
  • Тахианы мах нийлүүлэгч 4 аж ахуйн нэгж /Импортлогч болон ханган нийлүүлэгч, жижиглэн худалдаа эрхлэгч/-ээс тахианы махыг дээжинд авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр аюулгүй байдлын болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлт нь Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуйн шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ MNS 6308:2012 стандартын ерөнхий шаардлагыг хангаж байна.

ДҮГНЭЛТ

  • Тархвар зүйн тандалт судалгаа, өвчтөнд илэрсэн эмнэлзүйн шинж тэмдэг, эпидемийн муруй, нууц үеийн хугацаа, эмнэл зүйн лабораторийн нян судлалын шинжилгээний дүнг үндэслэн Сингапур скүүл оф Монголиа сургуулийн багш, сурагчдын дунд гэдэсний бүлгийн эмгэгтөрөгч нянгаар (Shigella spp) үүсгэгдсэн хоол хүнсээр дамжих өвчний дэгдэлт гарчээ.
  • УНЭТО ХХК-ийн хоолны газрын ажлын байр нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангахгүй, 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хоол үйлдвэрлэлийн өрөөний бохир зайлуулах шугам хоолой бөглөрч, бүрэн бүтэн байдал алдагдсан, халдваргүйтгэл хийлгээгүй нь халдварт өвчнийг дамжуулах хүчин зүйл, эрсдлийг нэмэгдүүлсэн байна.
  • УНЭТО ХХК-ийн хоолны газрын ажилчид /тогооч, бэлтгэгч нар/ гэдэсний халдварт өвчнөөр хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн үедээ хоол боловсруулах, савлах, түгээх үйл ажиллагаанд оролцож байсан нь халдварын эх уурхай болсон гэж үзэх үндэслэлтэй байна.


Сэтгэгдэл

bat [202.126.89.171] 2019-05-01 01:36:35

Шаан биз одоо зүгээрл дотрон ажиллаж байгаа хүмүүсл өвчин тээгч болооод өнгөрнө бохирзаваан гээл дүгнэлт гаргана .нөгөөө алдартай тахин гахайн мах эрүүл гэнэээ мөнгө гэж хүчтэы шүүү

Зочин [64.119.23.145] 2019-04-30 23:36:56

BAigaa baidalaa ali sli n tsewerhen hiimeer bn daa


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.