“Холливууд Монголд” наадам эхэллээ

М.Амаржаргал / Энтертайнмент

“Холливууд Монголд” олон улсын уран бүтээлчдийн анхдугаар кино наадмын нээлтийн арга хэмжээ өчигдөр /2019.05.01/ Улаанбаатарт эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй наадмын нээлт “Корпорэйт Конвеншн” төвд болсон бөгөөд Холливүүдээс ирсэн 16 зочин оролцсон юм. Энэ удаагийн зочид дунд “X Men” киноны өнгө хувиргаргч Йохем Зелл, Оскарын шагналт дууны найруулагч Грег Рассел, креатив продюсер Брайс Нильсон болон “Happy Death Day” киноны зураач Сэсэ Дестефано нарын кино, дэлгэцийн алдартнууд хүрэлцэн ирсэн билээ.

“Холливүүд Монголд” төслийг санаачлагч, жүжигчин, “Miss World 2016” шилдэг 11 оролцогчийн нэг А.Баярцэцэг нээлтийн арга хэмжээг нээж үг хэллээ. Тэрбээр “Энэ фестиваль ийм өргөн хэмжээнд болно гэж төсөөлж байсангүй. Олон жилийн өмнө орчуулах юмсан гэж бодож байсан номынхоо арын хуудаснаас зохиолчийн цахим хуудсыг олоод “Таны номыг орчуулмаар байна. Монголд уран бүтээлч, найз нөхөдтэйгээ хуваалцмаар байна” гэж бичиж билээ. Удалгүй гайхалтай хариу ирж, Ивана Чаббак “Болно оо, Орчуулбал би Монголд очоод үнэгүй сургалт хийж өгье” гэж хариулснаас үүдэж найз, нөхөд, ах эгч, танилын танил зэрэг олон хүний холбоо сүлбээгээр зохион байгуулсан түүхтэй. Богино хугацаанд уран бүтээлчдийн хооронд мэдлэг солилцох, цаашдаа Холливүүдийн уран бүтээлчдийг татах, кино зураг авалтыг Монголынхоо сайхан нутагт хийдэг болоосой гэсэн зорилго дор мэргэжлийн ах, эгч нарын зөвлөгөөгөөр энэ фестивалыг зохион байгуулж байна. Монголын кино урлаг мандан бадрах болтугай.” гэсэн юм.

image

“Холливууд Монголд” олон улсын уран бүтээлчдийн анхдугаар кино наадамд хүрэлцэн ирсэн хүндэт 16 зочдод Монгол Улсын Морин хуурын чуулгын уран бүтээлчид шилдэг бүтээлийн тоглолтуудаа сонирхууллаа. “Apocalypto” кино, “Марко Поло” болон “Game of thrones” цувралын хөгжмийн бүтээлүүдийг Д.Түвшинсайхан удирдаачтай чуулгын хамт олон Улаанбаатарт саатаж буй Холливуудын алдартнууд болон хүндэт зочдод толилуулж, Монголын уран бүтээлчдийн ур чадвар ямар түвшинд болсныг харуулсан юм. Нээлтийн арга хэмжээний үеэр “Дүр бүтээх увдис” номын талаар жүжигчин С.Болд-Эрдэнэ хэлэхдээ “Холливүүдийн алдартай, Оскарын шагналт жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббакийн жүжигчин хүний дүр бүтээх 12 арга барилыг шингээсэн “Дүр бүтээх увдис” ном уншигчдын гар дээр очиход бэлэн боллоо. Монгол хэлнээ хөрвүүлэгдсэнээс хойш анхны уншигчдын нэг болсны хувьд энэ номд бидний мэддэг болон мэдэхгүй олон зүйлийг багтаасан байна. Залуу уран бүтээлчид төдийгүй жүжигчид, найруулагчид уншсанаар дэлхийн тавцанд нэрээ цуурайтуулах уран бүтээл туурвихад нь асар их түлхэц өгнө гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн юм.

“Дүр бүтээх увдис” номын зохиолч, жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак “Кино урлаг агуу зүйл юм. Кино урлагт зүтгэж яваа найруулагч, зохиолыг бичсэн уран бүтээлчдийн илэрхийлэх гэж буй өвчин, зовлон, сэтгэлийн шаналал, баяр баясгалан бүхнийг дэлгэцээр дамжуулан үзэгчдэд хүргэх хамгийн чухал ажлыг хийдэг хүмүүс бол яах аргагүй жүжигчид юм. Кино урлаг бол дэлхийн нийтээрээ зүрх сэтгэлээ шингээх хөдөлмөрлөж яваа та бидний хамтын хөдөлмөр билээ” гэж нээлтийн арга хэмжээний үеэр хэллээ.

image

“Холливууд Монголд” олон улсын уран бүтээлчдийн анхдугаар кино наадам өнөөдөр уран бүтээлчдийн тусгай сургалтуудаар үргэжлэн явагдана. Өнөөдрийн арга хэмжээнүүд Шангри-Ла зочид буудлын “Өргөө IMAX” кино теарт болох бөгөөд кино урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах “Cinema Awards 2019” арга хэмжээ болж, шилдгүүдээ тодруулна. “Холливууд Монголд” олон улсын уран бүтээлчдийн анхдугаар кино наадам тавдугаар сарын 4-ийг хүртэл тусгай хөтөлбөрүүдийн дагуу явагдана.

Тус наадамд

  • Холливүүдийн жүжигчин Руди Янгблад, Клаудиа Ким, Витаяа Пансрингарм,
  • найруулагч Дэвид Петрарка, Ллойд Кауфман,
  • кино хуульч Патришиа Свинни Кауфман
  • продюсер Тим Коддингтон,
  • креатив продюсер Брайс Нильсен
  • кастинг директор Попинг Аувеун
  • кино шүүмжлэгч Карло Антонио Жентил,
  • арт директор Сэсэ Дестефано,
  • АНУ-ын зураглаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгч Кийс ван Оострум,
  • зохиолч Мэтью Уайт,
  • зураглаач Ваня Чернюл
  • жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак
  • өнгө хувиргагч Йохим Зелл гээд салбар салбартаа мэргэшсэн 16 уран бүтээлч оролцож байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.