Үндэсний компаниа хааш нь чирч эхлэв ээ?

Д.Тулга / Эдийн засаг

-150 ГАРУЙ МОНГОЛ ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛЧДЫН НӨР ИХ ХӨДӨЛМӨРИЙГ ҮГҮЙСГЭН ГАНЦ ХҮНИЙ АЖИЛ БОЛГОХ НЬ ДЭНДҮҮ ӨРӨӨСГӨЛ ХЭРЭГ БУС УУ-

1978 оноос балансын бус хэлбэрээр овоолж ирсэн ядуу агуулгатай хүдрийн овоолгоос баялаг бүтээж бизнес хийнэ гэдэг аз сорьсон зовлонтой ажил. Хамтрах хүн олдохгүй, хөрөнгө оруулагчид ч итгэхгүй. Гэхдээ л хэн нэгэн зориг гарган эрсдлийг үүрч, газрын доорх баялагийг лиценз нэртэй цаасаар гадныханд зарчихалгүй, газар ухалгүй, гаргасан балансын бус овоолгоос нь баялаг бүтээж, улсаа хорлолгүйгээр улсынхаа эдийн засаг, нийгмийн хөгжилд дэм болж болдгийг харуулж чадсан нь сайн хэрэг.

Даанч сайнд садаа мундахгүй гэгчээр Үндэсний компаниудаа үзэн ядах сэтгэлгээ яван явсаар үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зарим этгээдийн амьдрах арга заль болох шинж чанарыг олоод иржээ. Уул нь өрмийг нь хамаад үлдсэнийг нь хаядаг, алтыг нь аваад авдрыг нь хаядаг хандлагыг өөрчлөх үндэсний “том кэйс”, шинэ бизнесийн чиг хандлага юм л даа.

Эрдсийн хаягдлаар баялаг бүтээж эх орондоо 136 тэрбумын татвар төлчихөөд байгаа “Ачит-Ихт” ХХК-ийн талаар таагүй мэдээлэл тараадаг иргэн С.Цэвэгжав энэ асуудлаар хүмүүст бараг танил болж дээ. Жингийн цуваа явж л байна гээд тоохгүй орхисон нь Ачит-Ихтийнхний буруу. Давуу эрхийн хувьцаагаа хоёр зуу гаруй ажилчиддаа болон Эрдэнэт үйлдвэрт ажилладаг хүссэн хүн бүрт олгочихсон, дам утгаараа олон мянган хүний аж амьдралыг нь өөд татаж яваа “Ачит Ихт” ХХК-ийн гидрометаллургийн үйлдвэрийн тухай “Ямар ч зураг төсөлгүй үйлдвэрийг би босгосон юм” гээд яриад яваа “эго” нь дэндчихсэн энэ нөхөртэй яаж ч харьцхав дээ.

Гадна дотны хэдэн ч газраар Зураг төсөл, ТЭЗҮ-ээ хийлгэж батлуулан байж энэ үйлдвэр боссон билээ дээ. 2011 оноос 2014 оныг хүртэл бүтээн байгуулалтын үед зүтгэж байсан 150 гаруй Монгол инженер техникийн ажилчдын нөр их хөдөлмөрийг үгүйсгэн ганц хүний ажил болгох нь дэндүү өрөөсгөл хэрэг бус уу?

Элдэв шантаажийг “Ачит-Ихт” ХХК-д үзүүлж шүүхэд өгч, хөрөнгө мөнгө нэхэж байдаг С.Цэвэгжав гэдэг хүн өмнөх гүйцэтгэх захирлын үед буюу 2010 оны 12 сараас 2012 оны 5 дугаар сарын 1 хүртэл үйлдвэрт ерөнхий инженер хийж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажилд оржээ. Төрийн өмчит компанид ажиллаж байхдаа хэл ам татлаж байсан энэ нөхөр 2012 оны 5 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31 хүртэл төслийн зөвлөх гэсэн тушаалыг “Ачит-Ихт” ХХК-ийн өмнөх гүйцэтгэх захирлаар гаргуулж чадсан төдийгүй, төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компанид ажиллаж байхдаа Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль, Хөдөлмөрийн хуулийн заалтуудыг зөрчин байж “Ачит-Ихт” ХХК-иас давхар цалин “цохичихдог” байжээ.

Зургаан сар гаруй хууль зөрчин, “давхар цалингийн дээл” өмссөн түүний хугацаа дуусгавар болж, арга буюу “Ачи-Ихт” ХХК-ийг орхиж, иргэдийн 1072 хувьцааг хадгалж байдаг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иар угжуулахаар үлдсэн ч, төд удалгүй “мөөмөндөө” гологдож, ажилгүй болох нь тэр. Энэ үеэс л түүний тархинд “Ачит-Ихт” ХХК-ийг элдвээр шантаажлах, мөнгө олох арга хэрэгсэл болгох санаанууд боловсорч эхэлсэн байж болох юм.

image

ӨМГӨӨЛӨГЧ Ц.МОНГОЛ

Хуучин гүйцэтгэх захирал нь ч өөрчлөгдөж, шинэ менежмент, шинэ арга барилаар ажиллаж эхэлсэн “Ачит-Ихт” ХХК-ийн амжилтыг хараад тэвчихээ байсан С.Цэвэгжав, элдвээр гүтгэж, тус компанийн удирдлагыг шантаажилж мөнгө авахыг зорьсон нь тусыг эс олсон тул, “Ачит-Ихт” ХХК-ийн удирдлагын нэр дээр харьяаллын бусаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ. Тэрбээр нэхэмжлэлдээ 2010 оноос 2012 оны хооронд “Ачит-Ихт” ХХК-д Ерөнхий инженер болон Барилгын зөвлөх үйлчилгээ давхар эрхэлж байсан болохыг тогтоож өгөхийг хүссэн байна. Гэтэл оролцогчоор татагдаж байгаа “Ачит-Ихт” ХХК-ийн удирдлага нь ч Улаанбаатар хотод харьяалалтай, нэхэмжлэгч С.Цэвэгжав ч өөрөө Улаанбаатарт харьяалалтай байсаар байтал, яагаад Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандах болов, яагаад шүүх, харьяаллын бус нэхэмжлэлийг хүлээж авах болов гээд олон асуудлууд ар араасаа хөвөрчээ. Харамсалтай нь механик инженерийн сургууль төгссөн, авах завшихын хүсэлд автсан Автын инженер С.Цэвэгжавыг 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төслийн зөвлөх буюу барилгын зөвлөх үйлчилгээг давхар эрхэлж байсан байдлыг сэргээн тогтоохоор шүүхээс шийдвэрлэжээ. Хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй, хуулийг буруу хэрэглэж, бас бурууд ашиглавал юу болох вэ? “Малын эмч мэргэжилтэй хүнийг Хүний их эмчээр ажиллаж байсан” мэтээр ийн шийдвэрлэсэн нь үнэхээр харамсалтай.

-ОРХОН АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ, ШҮҮГЧ, ДАВЖ, ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮГЧИД ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖИХ ГЭСЭН С.ЦЭВЭГЖАВ НАРТАЙ ҮГСЭН ХУЙВАЛДСАН УУ -

Барилгын мэргэжлийн инженер хувь хүн битгий хэл, аж ахуйн нэгж нь хүртэл тусгай зөвшөөрөл авч зөвлөх үйлчилгээ үзүүлдэг барилгын салбарыг Механик инженерийн сургууль төгссөн Автын инженер С.Цэвэгжавт мэргэжлийн диплом, салбарын зөвшөөрөл, зөвлөх үйлчилгээний гэрээ, тушаал шийдвэр гээд түүнд байхгүй бүх зүйлийг нэг дор бэлэглэж байгаа, дээр нь “тэр хүн” төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дэд бүтцийн асуудал эрхэлсэн дэд захиралаар ажиллаж байхдаа Улаанбаатараас алсын зайнаас зөвлөх үйлчилгээ үзүүлээд байсан мэт хийсвэр дүгнэлтийг Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн шүүгч Р.Үүрийнтуяа “туяаран” зүтгэсээр гаргажээ. Ингэхдээ тэрбээр түүний yahoo мэйл, “Улс төрийн тойм” сонинд өгч байсан ярилцлагыг нотлох баримт болгон ашигласан нь дэндүү инээдтэй, бас эмгэнэлтэй. Увсын гаралтай нэр бүхий улстөрчийн хамаатан гэгдэх автын инженер түүний аз, эз татаж, Увс аймагт ажиллаж байгаад ирсэн шүүгч Р.Үүрийнтуяа таарч, харьяаллын бус нэхэмжлэлийг нь хууль зөрчин байж хүлээж аваад, Хөдөлмөрийн тухай хууль, Барилгын тухай хууль гээд олон хуулиудыг гишгэчин байж хийсвэр дүгнэлт гаргаж байгаа нь хачирхалтай. “Ачит-Ихт” ХХК-ийг авлахаар мордсон мэт уулгалан дайрдаг нэр бүхий улстөрчийн хэллэгээр бол бас нэг “шударга бусын хонгил”-оор Үндэсний компаниа чирээд эхлэв үү? Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч дахиад л энэ шийдвэрийг хэвээр нь үлдээсэн тухай Хуульчдын холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ц.Монгол гуай халаглаж сууна. Хамгийн аюултай нь шударга бус шүүгчээр “хуягласан” С.Цэвэгжав улам урамшиж, “С.Цэвэгжав намайг “Ачит -Ихт” ХХК-ийн хувь хөрөнгөөс эзэмших эрхтэй болохыг тогтоож өгнө үү” хэмээн дахиад л Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байх юм.

Энэ удаа тэрбээр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргээс хаягаа шилжүүлж, Орхон аймагт түр хаяг бүрдүүлж орж ирэхээ ч мартаагүй байна.

Оролцогч тал болох “Ачит-Ихт” ХХК-ийг Улсын Дээд Шүүхийн Иргэний Хэргийн Хяналтын Шатны Шүүхэд хандчихаад хүлээж байхад, өмнөх нэхэмжлэл нь шүүхээр шийдвэрлэгдэж дуусаагүй байтал Үндэсний компанийн хувь хөрөнгөөс надад өгнө үү хэмээн дахин хууль зөрчиж хандаж л байдаг.

Түүнийг шүүх нь хууль зөрчин байж дахин хүлээж авч л байдаг. Манай улсад чинь, хувь хүмүүст зориулсан тусгай хууль үйлчилдэг болчихсон юм уу гэж гайхмаар, ямар ч их түрэмгий шударга бусын хонгил гээч нь вэ? “Ачит-Ихт” ХХК нь хуулийн засаглал, компанийн засаглалын үлгэр жишээ болж, дэлхийд алдартай Лондонгийн металлын биржийн анхны гишүүн болсон Монгол компани юм шүү дээ. Эрдэс баялагийг сорчлон ашиглалгүй, балансын бус овоолгоос баялаг бүтээж, эх орондоо 136 гаруй тэрбум төгрөгийн татвар төлчихөөд байгаа “Ачит Ихт”-ийнхэн нийгмийн мөрөөдөл, нийтийн мөрөөдлийг биелүүлэхийн төлөө зүтгэдэг болохоос нэг хоёр хүний шуналын хүүдий рүү мөнгө шидэхгүй л дээ.

Тэгээд ч малын эмч мэргэжилтэй хүн, Хүний их эмч хийж болдоггүй юм шүү дээ гэж мэргэжлийн хүмүүс нь мэл гайхаж, цэл хөхөрсөөр л сууна.

Зөвхөн нэг жишээ дурдахад Олон Улсын нөлөөллийн үнэлгээний холбооны хамтын санаачлагын шагнал хүртсэн “Англо-Американ” компанийн боловсруулсан нийгэм эдийн засгийн үнэлгээний аргачлалаар “Ачит-Ихт” ХХК-ийн хөдөлмөр эрхлэлтээр улс орны нийгэм эдийн засагт оруулж буй хувь нэмрийг шууд болон шууд бус, дам ажил эрхлэлтээр тооцоолон үзвэл компанийн үйл ажиллагаанаас ахуй амьдрал нь хамааралтай хүний тоо дөчин нэгэн мянга дөчид \41040\ хүрчээ.

Мөн тус компанийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд монголчуудынхаа Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөөг барьж байгуулахаар Үндэсний компаниудаа үлгэрлэн түүчээлж байгаа. Ингээд бодохоор “Ачит-Ихт” ХХК-ийн үйл ажиллагааг аль ч талаас нь авч үзэхэд, нийтийн, нийгмийн хөгжилд хүртээмжтэйгээ харуулж байна. Бодит байдал ийм байхад, сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн лугаа Үндэсний компаниудаа ээрэн зовоож, эрүүдэн шүүх гээгүй л байлтай.

“Сайн нэр”-тэй хүн үлдчихвий дээ гэсэн мэт адгах цөвүүн цагт, сайн үйлсэд нь ядаж, садаа боломгүй л баймаарсан.

Ер нь тэгээд хэрэглэх ёстой хуулийг нь хэрэглэлгүй, хуулийг буруу хэрэглэж, хууль зөрчин байж, хууль шүүхийн байгууллагын нэр хүндийг унагаж буй энэ мэт үйлдэл бүхий ганц нэг шүүгчээр, хууль шүүхийн байгууллагыг нийтээр нь хэмжиж болохгүй гэдгийг Улсын Дээд Шүүхийн Иргэний Хэргийн Хяналтын Шатны Шүүх харуулах биз ээ. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, шүүгч, давж заалдах шатны шүүгчид үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн С.Цэвэгжав нартай үгсэн хуйвалдсан байж болзошгүй эсэхийг шалган үзэж, тунгаах цаг айсуй...

Н.Дэгү