Тээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 23-нд өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
Гадаад орнуудтай харилцах Монгол Улсын эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж байгаа энэ үед автотээврийн ангилал, дамжин өнгөрөх тээвэр, уул уурхайн тээвэр, авто зам дагуух үйлчилгээ, автомашин үйлдвэрлэл зэргийг хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх шаардлага гарсныг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн төсөл санаачлагчийн илтгэлдээ дурдлаа.
Тэрбээр, “Монгол Улсад автотээврийн хэрэгслийг шинээр угсарч байгаа хэдий ч автомашин үйлдвэрлэлийн эрх зүйн орчин бүрдээгүй байна. Хуурамч сэлбэг хэрэгслийг улсын хилээр оруулах, стандартын шаардлага хангаагүй нөхцөлд засвар үйлчилгээг явуулах зөрчлийг таслан зогсоохын тулд бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийж баталгаажуулах шаардлага үүссэн. Мөн уул уурхайн тээвэртэй холбоотой харилцааг тусгай журмаар зохицуулах, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлага үүсчээ. Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар олон улсын болон бүс нутгийн нийтлэг жишиг, ирээдүйн чиг хандлагад нийцсэн эрх зүйн таатай орчин бүрдэнэ. Мөн автомашин, түүнийг сэлбэг хэрэгсэл угсрах, үйлдвэрлэх болон ашиглалтаас гарсан тээврийн хэрэгслийг устгах, дахин боловсруулах үйлдвэрлэл хөгжих юм. Ачаа, зорчигч тээвэрт тавих шаардлага, нөхцөлийг сайжруулж, хариуцлагын тогтолцоог нэмснээр иргэдэд аюулгүй, ая тухтай үйлчилгээг үзүүлэх эрх зүйн зохицуулалттай болох юм. Тээврийн хэрэгсэл түүний засвар, үйлчилгээ, үйлдвэрлэл, бүртгэлд тавих шаардлагыг нарийвчлан зохицуулна. Ингэснээр агаарын бохирдол, зам, тээврийн осол, зөрчил, эд материалын хохирлын хэмжээ буурна” гэлээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт төрөөс олгож буй тусгай зөвшөөрлүүдийг нэгтгэх Зөвшөөрлийн тухай хуулийг өргөн барьсан байгааг дурдав. Харин Автотээврийн тухай хуульд мөн л тусгай зөвшөөрөл олгох зохицуулалт тусгасан байгаа тул хуулийн давхардал үүсэх магадлалтай байгааг хэлсэн юм. Мөн тэрбээр, “Энгийн буюу жижиг тэрэг зорчих ёстой замаар ачаа тээврийн автомашин явснаар замын эвдрэл үүсдэг гэдгийг дурдсан юм.
Манай Улсад 100 мянган хүний 15 нь автозамын ослын улмаас нас барж байна гэсэн судалгааг 2018 онд ДЭМБ гаргажээ. Энэ нь дэлхийн дунджаас доогуур үзүүлэлт гэдгийг ажлын багийнхан дурдсан юм. Мөн зургаа болон түүнээс дээш жилийн өмнө үйлдвэрлэсэн автомашиныг хилээр нэвтрүүлэхгүй байх зохицуулалт хийхээр судалж буйг хэллээ.
Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 57.5 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Сэтгэгдэл
Зочин [202.179.31.40] 2019-05-31 05:46:37
Төсөрхөн хятадууд дотооддоо үйлдвэрлэсэн машинаа гадагшгаргаж бх шийдвэр гарсан, буруу рультай машин осол их гаргадаг гэдэг нэр доор хятад авчирах лобби амжилттай явж шийдвэр гарахнээ. Япон чанар алдарт тоёото баяртай. Ман их ахынхаа даалгаврыг амжилттай биелүүлж байна. Удахгүй оюу толгой тэдниййх болно. Бид их ахынхаа чанга тэьэрт багтана