Одоогийн богино төмөр замаар транзит тээврийнхээ урсгалыг нэмэгдүүлэх боломжгүй

М.Амаржаргал / Нийгэм

-АЗИ-ЕВРОПИЙГ ХОЛБОСОН ТРАНЗИТ ТЭЭВРИЙН КОРИДОР БОЛГОХ ЗОРИЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА-

Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн санаачилгаар “Транзит Монгол-2019” форум “Шангри-Ла” зочид буудлын “Их танхим”-д үргэлжилж байна.

Форумыг нээж УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа үг хэлсэн. Түүний хэлсэн үгийг товчлон хүргэвэл “Транзит Монгол-2019” олон улсын форумын ажиллагаанд оролцогч хүндэт зочид, төлөөлөгч та бүхэндээ нийт төмөр замчдынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндийг хүргэж, эрүүл энх, эрч хүч, сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор анх “Транзит Монгол” хөтөлбөр 2008 онд батлагдаж, Бид анхны танилцуулгаа 2009 оны хоёрдугаар сарын 25-нд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдаж байсан. 2018 онд ОХУ-ын нийслэл Москва хотноо энэхүү “Транзит Монгол” үйл ажиллагааг хөрш орнуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байлаа. Далайд гарцгүй Монгол Улсын тээвэр худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаанд хөрш орнуудын үзүүлж байгаа дэмжлэг туслалцаанд талархаж байна.

image

Өнөөдөр Монгол Улсын нутгаар дамжин өнгөрч байгаа чингэлгийн тоо 2018 онд 85097 ДФЭ тээвэрлэсэн бол энэ оны эхний дөрөвдүгээр сарын байдлаар 40828 ДФЭ болоод байна. Энэ дамжин өнгөрөх чингэлгийн тээврийн хэмжээ эрс нэмэгдэж байгааг харуулж байна. “УБТЗ” ХНН нь хөгжлийнхөө шинэ эрин үе буюу техникийн шинэчлэлийн эрин үетэй золгоод байна. УБТЗ-ыг бүс нутгийн тээврийн зах зээлд өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх, Ази-Европийг холбосон транзит тээврийн коридор болгох, тээх чадварыг 2020 он гэхэд 32 сая.тн-д хүргэхээр шамдан ажиллаж байна” гэсэн юм.

image

-АЧАА ТЭЭВРИЙН ХЭМЖЭЭ 2018 ОНД 25.8 САЯ ТОННООР ӨССӨН-

“УБТЗ” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга Милостных И.В “УБТЗ” ХНН-ийн Төв коридорын дэд бүтцийг хөгжүүлэхэд авч хэрэгжүүлэх нэн тэргүүний арга хэмжээнүүд сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр “1947 онд БНМАУ болон ЗХУ-ын хооронд байгуулсан “Хамтын ажиллагааны” хэлэлцээрийн хүрээнд Наушки-Улаанбаатарын чиглэлийн 400 км төмөр замын шугамын бүтээн байгуулалтын ажил эхэлж, хоёр жилийн хугацаанд бүрэн барьж дуусгасан. 1949 оны зургадугаар сард хоёр улсын засгийн газар хооронд Монгол-Зөвлөлтийн Хувь Нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг үүсгэн байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурсан байдаг. Нийт тээврийн хэмжээ 2012 онд 20.4 сая тонн байсан бол 2018 онд 25.8 сая тонн болон өссөн. Үүнд, импортын тээврийн хэмжээ 2017 оноос +21.5 хувь буюу 2.8 сая тонн, экспортын тээврийн хэмжээ 9.3 сая тонн (2017 оноос +21.5 хувь), орон нутгийн тээврийн хэмжээ 2017 оноос +8.9 хувиар, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ 2017 оноос +8.9 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Ачаа эргэлтийн хувьд импортынх 1,4 тэрбум тонн км (2017 оноос +20,0 хувь), экспортынх 7,3 тэрбум тонн км (2017 оноос +13,9 хувь), орон нутгийнх 2,9 тэрбум тонн км (2017 оноос +15,9 хувь), дамжин өнгөрөх 3,7 тэрбум тонн км (2017 оноос +8,9 хувь) хүрчээ.

image

-СҮҮЛИЙН ҮЕД ХИЛИЙН ӨРТӨӨ ЗАМЫН-ҮҮДЭД ДАМЖИН ӨНГӨРӨХ ЧИНГЭЛЭГ СААТАХ, ХҮЛЭЭХ ХҮНДРЭЛ ИХ ГАРДАГ БОЛСОН-

Дамжин өнгөрөх чингэлэг тээврийн хэмжээ 2016 онд 167 галт тэрэг, 2017 онд 556 галт тэрэг, 2018 онд 855 галт тэрэг аяласан байна. Харин 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар 397 галт тэрэг 40828 TEU болж, Европоос Ази чиглэлд 210 галт тэрэг, харин Азиас Европ чиглэлд 187 галт тэрэг аялжээ. Энэ өсөлт жил бүр зохион байгуулж буй “Транзит Монгол” арга хэмжээний үр дүн бөгөөд Улаанбаатар төмөр замын тээврийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа хөрш орнуудын төмөр замын байгуулагуудын хамтын ажиллагааны үр өгөөж гэдгийг форумд оролцогчид онцлон хэлж байв.

Монгол улсын засгийн газраас дамжин өнгөрөх тээврийн үйл ажиллагааг дэмжиж тээвэрлэлтийн хугацааг багасгах, ачааны хэмжээнээс хамаарсан тарифын хөнгөлөлт үзүүлэх, хил нэвтэрлэлтийг шуурхай болгох зэрэг ажлуудыг зохион байгуулж хэрэгжүүлжээ. Сүүлийн үед хилийн өртөө Замын-Үүдэд дамжин өнгөрөх чингэлэг вагон хүлээж саатах, эсвэл вагонууд чингэлэг хүлээж өртөөний зам талбайг эзэлж удаан хугацаагаар зогсох хүндрэл гардаг болжээ. Энэ нь тухайн өртөөний ажлыг удаашируулах, технологит ажлыг хүндрүүлэх шалтгаан буй юм. Энэхүү хүндрэлийг УБТЗ-ын зүгээс бүх тээвэр зуучийн байгууллагад мэдэгдэж, нааштайгаар хамтран ажиллахыг уриалж байгаа гэв.

Өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр замын хилийн гарц шинээр нээх, одоогийн байгаа хүчин чадлыг бүрэн ашиглахад тээврийн үйлчилгээ үзүүлэгч УБТЗ, үйлчилүүлэгч болох Тээвэр зуучлагч компаниудын хоорондын ажлын уялдааг сайжруулах, мэдээлэлийн орон зайг бүрэн ашиглах, ажлын технологийн нэгдсэн системийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарчээ.

-МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН ХООРОНДОХ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ 10 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРНЭ-

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан форумд оролцох үеэрээ хэлсэн үгэндээ “Удахгүй манай хоёр хөрш ОХУ, БНХАУ-ын хоорондох худалдааны эргэлт 200 тэрбум ам.долларт хүрэх гэж байна. БНХАУ, манай улсын хоорондох худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларт хүрнэ. Тийм учраас худалдааны энэ том эргэлтийг дамжуулах гол бааз суурь нь манай улс байх ёстой юм. Үүний төлөө төмөр замынхаа бүтээн байгуулалтыг, ялангуяа төмөр замынхаа суурь бүтцийг шинэчлэх, хөдлөх бүрэлдэхүүнээ шинэчлэх, замаа өргөтгөх шаардлага хэрэгцээ байна. Одоогийн богино замаар транзит тээврийнхээ урсгалыг нэмэгдүүлэх хамгийн том бололцоо нь манай улсын зам, тээврийн салбарыг хөгжүүлэх шаардлага хэрэгцээ байгаа юм. “Төмөр замаас гадна бид хойд хилээс урд хил хүртэлх автозамын бүтээн байгуулалтыг сайжруулах хэрэгтэй байгаа. Энэ хүрээнд Дархан-Улаанбаатар чиглэлийн 204 км, Налайх-Улаанбаатар чиглэлийн 20.9 км, тус бүр дөрвөн эгнээ бүхий автозамуудыг шинээр тавьж байна. Үүнээс Налайхын замын бүтээн байгуулалт энэ жилдээ дуусаж, Дарханы замын хоёр эгнээ нь ашиглалтад орно.

Цаашдаа энэ дөрвөн эгнээ замыг үргэлжлүүлэн хойд, урд хоёр хилээ холбох юм. Үүнээс гадна агаарын тээврээр дамжин өнгөрч байгаа онгоцны тоог нэмэгдүүлж, энэ талаар гадаадын агаарын тээврийн компаниудтай хамтран ажиллана. Ингэж байж бид транзит тээврийнхээ урсгалыг нэмэгдүүлнэ. Монгол Улс транзит тээврээс олох, транзит жуулчдаас олох, транзит худалдаанаас орох орлого нэмэгдэх бололцоо байна” гэв.

Тэрбээр ачаа тээврийн буюу авто транзит чиглэлээр Монгол Улс дэлхийн олон оронтой хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байгааг дурдаад, удахгүй Санкт Петербургт болох Эдийн засгийн чуулган дээр Литва улстай гэрээ байгуулах гэж байна. Өнгөрсөн жил Улаанбаатар-Улаан-Үд болон Улаанбаатар-Улаанцавын хооронд бүс нутгийн тээврийн хэлэлцээр байгуулсан. Энэ мэтээр авто тээврийн тал дээр манай улс нэлээн санаачилга гарган ажиллах шаардлагатай байгааг тэмдэглэж байв.


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.251] 2019-06-06 04:02:11

Дан хулгайчууд харагдаж байна. Энэ орос дарга 6 сая хөөрөг авахуулсан гэхээр .., хулгай хэтэрч байна

УБТЗ [202.179.25.237] 2019-06-06 03:29:13

НЭГДҮГЭЭРТ БОГД УУЛЫН УРДУУР ГАРГАЧИХ. ХОЁРДУГААРТ ХОС ЗАМТАЙ БОЛЧИХ 1100 КМ Л ЗАМ ШД. ГУРАВДУГААРТ ЯДАЖ ЦАХИЛГААН БОЛГОЧИХ . ДӨРӨВДҮГЭЭРТ ОРОСООС ХУВИА САЛГААД АВЧИРЧИХ.ТАВДУГААРТ НААД АЧАА ТЭЭВЭР АШИГ ОРЛОГОО ЯРЬЧИХ

ХЭРЭГЛЭГЧ [203.91.112.130] 2019-06-06 06:35:21

ТАНЫ САНАЛ ТЗ-ЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ЯГ ГАРГААД ӨГЧЭЭ БАЯРЛАЛАА

Зочин [202.21.107.81] 2019-06-06 00:38:14

Төмөр замаа хос болгох, цахилгаанжуулах асуудлаа шийдээч. Хоёр хөрш цахилгаан зүтгүүртэй байхад Монгол руу орж ирээд л нүүрс уугиулсан зүтгүүр явах юм.

Зочин [203.169.49.98] 2019-06-06 00:07:59

Одоо яригдаж байгаа зам тээврийн бүтээн байгуулалтын тѳлѳвлѳгѳѳ нь 19-р зууны сүүлчийн АНУ-г санагдуулж байна.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.