ТОЙМ: Өнөөдөр болсон онцлох таван үйл явдал

Т.Хулан / Улстөр

WWW.MEDEE.MN мэдээллийн сайт энэ өдрийн ОНЦЛОХ ТАВАН ҮЙЛ ЯВДЛЫГ нэрлэж байна.

ЭНЭ САРЫН 15-НЫ ӨДРӨӨС АИ-92 ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРНА

Дэлхийн зах зээл дээрх брент газрын тосны үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар бууж байгаатай холбоотойгоор зургаадугаар сарын 15-наас манай улсад зарагдаж буй шатахууны үнэ буурах ёстой гэж Үнийн зөвлөлөөс үзсэн байна.

Энэ талаар Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Энэ сарын 15-наас АИ-92 бензиний үнэ буурна. Учир нь дэлхийн зах зээл дээрх түүхий тосны үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар бууж байгаа бөгөөд энэ өөрчлөлт сар орчмын дараа манайд нөлөөлдөг” гэв.

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАА ТАВАН ЖИЛ ТҮРЭЭСЛЭЭД ӨӨРИЙН БОЛГОХ ЖУРМЫГ БАТЛАВ

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээг баталсан. Энэ талаар Барилга хот байгуулалтын яамны сайд Х.Баделхан мэдээлэл хийлээ.

Х.Баделхан: “Төрийн санхүүжилтээр барьсан 1,542 айлын орон сууц Улаанбаатар хот, Хөвсгөл, Орхон, Говь-Алтай аймагт 95-100 хувь ашиглалтад ороод байгаа бөгөөд тэдгээр орон сууцнуудыг түрээслүүлэхээс болсон. Улаанбаатар хотод баригдсан 972 орон сууцыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд олгож болно. Иргэд таван жилийн хугацаанд түрээсэлж цаашид өмчилж авах журмаар явна. Түрээсийн орон сууцыг Төрийн орон сууцны корпораци биш Нийслэлийн орон сууцны корпораци хариуцна" гэлээ.

-ОХУ-ЫН ИРГЭН В.С.ЛОБАНОВЫГ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАЛАА-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон Монгол Улсын газрын тосны салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, ОХУ-ын иргэн Виктор Санжиевич Лобановыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

Зарлигийг өнөөдөр уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Алтан гадас одонг нь зүүж өгөв. Виктор Санжиевич Лобанов нь газрын тосны салбарт 37 жил үр бүтээлтэй ажиллаж, залуу хойч үеэ сурган хүмүүжүүлсэн ажлын арван туршлагатай бөгөөд 1997 онд “Аэрофлот”-ын Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж эхэлснээсээ хойш Монгол Улсад ажиллаж, амьдарч байна.

-В.С.ЛОБАНОВ: ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА-

В.С.Лобанов “Би Монгол Улсад 1997 онд ирсэн. Ирснээсээ хойш зургаан жил гаруй хугацаанд Аэрофлотын төлөөлөгчөөр ажилласан. 2009 оноос хойш одоог хүртэл Монгол, Оросын хамтарсан "Мэргэван" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын удирдлагууд миний хийсэн бүтээснийг өндрөөр үнэлсэнд гүн сэтгэлээсээ талархал илэрхийлж байна” гэлээ.

-МАНАЙ ЭРЭГТЭЙ САГСЧИД ХОЁР ДАХЬ ЯЛАЛТАА АВААД БАЙНА-

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ Монгол Улсад анх удаа болж байна.

Сүхбаатарын талбайд болж буй уг тэмцээнд өчигдөр манай эрэгтэй баг С хэсэгтээ Латвийн багийг 20:16 харьцаатайгаар, Беларусын багий 21:15 харьцаатайгаар хожиж АНУ-ын багийн араас хоёрт бичигдэж эхэллээ. Манай багт сагсан бөмбөгчин Ш.Шаравжамын хүү Ш.Энхийн-Од, Монгол Улсын аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлэйжамц, А.Батхуяг, Л.Авирмэд нар багтаж байна. Тэд маргааш 18:30, 20:30 цагуудаас хэсгийн сүүлийн тоглолтуудаа хийнэ.

Харин манай эмэгтэй баг өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтуудаа хийнэ. Тоглолт 19:00, 20:40 цагуудаас болно. “FIBA 3×3 U18 World Cup-2019” ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын баг өрсөлдөж байна.

БАЙНГЫН ХОРОО: ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛСАН ҮХЦ-ИЙН ДҮГНЭЛТИЙГ ДЭМЖСЭНГҮЙ

Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг товлосон тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас шийдвэрлэсэн. Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны дээрх шийдвэрийг хүлээж авах эсэх асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжсэнгүй.


Сэтгэгдэл

хх [202.55.191.205] 2019-06-06 03:00:38

энэ Лобанов зальтай буриаддаа хүн чанарын өчүүхэн ч хэлтэрхий байхгүйдээ дарга нарын бөгсийг бол сайн долооно доо

Зочин [202.179.31.57] 2019-06-05 13:17:12

Цаана чинь дэлхийн шившиг болж гүйцлээ, дипломатууд нь хар тамхи зөөгөөд баригдаад байнаа, яаваа даанчиг

Зочин [202.126.89.246] 2019-06-05 14:18:47

Хаана хэн бээ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.