MEDEE.MN ОНЦЛОВ

Б.БУРМАА / Нийгэм

ТАРХИНЫ СААЖИЛТ ДЦП ӨВЧТЭЙ ХҮҮ, ААВ ХОЁР БАЙРТАЙ БОЛЖЭЭ

Төрөхийн хүндрэлийн улмаас тархины саажилт ДЦП өвчтэй хүүгээ долоон жилийн турш асарч байгаа аав Г.Батхуяг, долоон настай ч өсөлт нь хоёрхон настай хүүхэд шиг болсон Б.Гэрэлт-Од нар Монгол түмнийхээ цуглуулсан хандивын мөнгөөр нэг өрөө байртай болжээ.

100 хувь асаргаанд байдаг Б.Гэрэлт-Од хүү даарч чийгтсэнээс болж хэвтэрийн хатгаа оношоор аавын хамтаар ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан ч хүүд солих хувцас, хэрэглэх живх байхгүй, ар гэрээс нь эргэлт ирэхгүй эмнэлгийн хоолоор өнждөг байсан аж. Тэдний энэ байдлыг харсан нэг өрөөнд хамт хүүхдээ эмчлүүлж байгаа ээжүүд түүнд туслах санаачлагыг гаргаснаар хандивын аян эхэлсэн байдаг.

Хандивын аян 16 хоног үргэлжлэхэд 43 сая төгрөг цугласан бөгөөд аав хүү хоёр нэг өрөө байр болон автомашинтай болжээ. “Нандин сувд” тархины саажилт ДЦП өвчтэй хүүхдүүдийн аав, ээжүүдийн фэйсбүүк группээс тус хандивын аяныг хааж байгаагаа албан ёсоор мэдэгдэж өчигдөр Г.Батхуягт нэг өрөө байрны түлхүүр болон Приус маркийн автомашиныг гардуулан өгсөн байна.

image

О.БОРГИЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хорооллын 13 давхраас 22 настай эмэгтэй Ц унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Уг хэргийн сэжигтнээр талийгаачийн найз залуу О.Боргилыг холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулсан юм.

О.Боргилын цагдан хорионы хугацаа өнгөрөгч долоо хоногт дуусч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан. Харин шүүгдэгч О.Боргилын өмгөөлөгч энэ шийдвэрийг эсэргүүцэж, ерөнхий шүүгчид гомдол гаргасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг хэлэлцэх хурал өнөөдөр /2019.06.11/ боллоо. Баянзүрх дүүргийн шүүхээс О.Боргилын өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

image

САЙД Ц.НЯМДОРЖИЙГ ОГЦРОХЫГ ШААРДАЖ ИРГЭД ДАХИН ЖАГСАВ

Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна талбай иргэд өнөөдөр /2019.06.11/ дахин жагсаж, сайд Ц.Нямдоржийг огцорхыг шаардлаа. Жагсагчид “Гэртээ зурагтгүй сайддаа зурагт бэлэглэе. Ард түмэн ийм зурагт үздэг, амьдрал ямар байгааг хар” гэж хэлээд зурагтаа өгөхөөр яам руу орохыг завдсан ч цагдаагийнхан оруулсангүй.

Харин хуульч О.Энхсайхан жагсаалын талаар "Өнөөдөр хүн төрөлхтөн хуулиар зохицуулагддаг нийгэмд амьдарч байна. Гэтэл манай улсад Хууль зүйн яам нь ийм сайдтай байхад ард түмний амьдрал доройтох нь аргагүй шүү дээ. Хууль зүйн сайд ажлаа хийхгүй байгаа учраас ингэж тэмцэхээс өөр алга. Бүх хулгайчид хуулийн хамгаалалтад ороод Монголыг цөлмөж дууслаа. Ц.Нямдорж сайд Монгол Улсын хуулийн салбарыг 22 жил толгойлохдоо завхарсан, харгис нийгмийг л бий болголоо. Саяхан хөөн хэлэлцэх хугацааг дуусгах хуулийг хүртэл баталчихаад олон хүний хэргийг хэрэгсэхгүй болгож байна. Ц.Нямдорж бас Захиргааны хуулийг батлуулах гэж улайрч байгаа нь Монгол улсыг амтат бялуу болгох гэсэн санаа. Засгийн газрын зарим тогтоол нь гэрээ, концесстой холбоотой. Энэ хууль батлагдвал Засгийн газартай шүүхдэх ямар ч боломжгүй болно. Засгийн эрхэнд ямар ч нам гарсан бай алалцуулах гэж байна" хэмээв

“РАПИД АРХИТЕКТУР КОНСТРАКШН”-ИЙН БАРИЛГААС УНАСАН ИРГЭН ГОМДОЛТОЙ БАЙНА

Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг, Хангай хотхоны хойно “Рапид Архитектур Констракшн” ХХК-ийн барьж буй Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн 40 айлын орон сууцны барилгад ажиллаж байгаад унаж хүнд бэртсэн иргэн Г.Хүрэлсүхийн ар гэр, өмгөөлөгчийн хамт мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн тавдугаар сарын 19-нд гарсан ослын улмаас Иргэн Г.Хүрэлсүхийн нурууны нугалам яс бяцарсан, нугасны хальс гурван см задарсан, бөөр няцарч цус хурсан, элэг өөрчлөлттэй, уушги усжсан гэсэн оноштой хагалгаанд орж, эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд бүсэлхийнээс доош мэдрэл саажсан байдалтай байгааг тэд хэллээ. Эмчилгээ, хагалгааны зардлын 75 хувийг НД-аас төлсөн бол үлдсэн 25 хувь болох багахан зардлыг компанийн зүгээс төлжээ. Тэрбээр хоёр нялх хүүхэдтэй, цаашид амьдралаа авч явах баталгаагүй болсонд бид гомдолтой байна хэмээн түүний аав С.Гончигдорж, ээж Д.Долгор нар ярьсан юм.

Осол хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэдэг ч өнөө хүртэл хохирогчоос болон ар гэрийнхнээс мэдүүлэг аваагүй. Гэмтлийн зэрэг тогтоож шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байна. Мөн тухайн компани нь мэргэжлийн хяналтын газарт мэдэгдэх ёстой ч үүргээ биелүүлээгүй. Мөн компанийн зүгээс янз бүрийн мэдээлэл тараавал хүүгийн чинь эмчилгээний зардал өгөхгүй хэмээн ёс зүйгүй авирлаж байгаа гэдгийг ч тэд хэлсэн юм..

image

Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАХ ХҮСЭЛТИЙГ ШҮҮХ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ

Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин, Б.Мөнхбаатар нарын хамтаар Эрүүгийн хуулийн 20.3-1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан” гэсэн үндэслэлээр яллагдагчаар тооцсон. Улмаар Д.Эрдэнэбилэгийг цагдан хориод буй билээ.

Яллагдагчаар цагдан хоригдож буй Д.Эрдэнэбилэгийн эрүүл мэндийн шалтгааны улмаас түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг хүсч өмгөөлөгчид нь шүүхэд хүсэлт гаргажээ. Хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

image

ХАКҮХО МОНГОЛ ИРГЭДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ХҮНДЭТ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖЭЭ

Япон дахь Монгол иргэдийн нэгдсэн холбооноос өнгөрөгч долоо хоногт их аварга Хакүхо М.Даваажаргалд “00001” дугаартай холбооны гишүүний үнэмлэхийг гардуулан өгснөөс гадна холбооныхоо Хүндэт ерөнхийлөгч болгожээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал тус холбооны үйл ажиллагааг дэмжин цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Тэрбээр тус холбооны хамт олныг Токио хотод өөрийн гэсэн ажлын байртай болоход тусламж үзүүлжээ.

Япон дахь Монгол иргэдийн нэгдсэн холбоо нь хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ажиллах бөгөөд холбооных нь үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн Их аварга Хакүход талархал илэрхийлсэн байна.

“AMJ” буюу Япон дахь Монгол иргэдийн нэгдсэн холбоо нь элэгний судасны бөглөрлийн хагалгаанд орсон иргэн Ж.Амартөрийн эмчилгээнд зориулсан хандивын аяныг эхлүүлжээ. Тус холбооноос AMJ-Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн Холбоо NPO фэйсбүүк хуудсаар дамжуулан Японд байгаа монгол иргэдтэйгээ холбогдож, хандивын тусламж авч эхлээд байна.

image

ТББХ-НЫ ДАРГАД УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТЫН НЭРИЙГ ДЭВШҮҮЛЛЭЭ

Өнөөдрийн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тус байнгын хорооны даргыг шинээр томилох асуудлыг хэлэлцэв. Тодруулбал МАН-ын бүлгээс Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн С.Бямбацогтын нэрийг дэвшүүлжээ.

Хуралдааны явцад нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул С.Бямбацогтыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжив. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаан дээр танилцуулснаар баталгаажих юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.