МЭДЭГДЭЛ

Д.Тулга / Нийгэм

Улаанбаатар хот 2019-06-12

“Сауд гоби коэл транс” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Баянтэсийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг. Манай компани тухайн лицензийг 2011 онд гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “SGS” ХХК-иас худалдан авч өөрсдийн хөрөнгөөр хайгуул хийн нөөц илрүүлсэн бөгөөд 2012, 2014 онд ТЭЗҮ (Техник эдийн засгийн үндэслэл) батлуулж, ашиглалтын зөвшөөрлийг авсан билээ. Ингээд 2018 оноос уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хайгуулын лиценз худалдан авч байхдаа 100 хувь монголчууд хувьцаа эзэмшдэг уурхай эхлүүлэхийг зорьж, байгалийн баялгийн үр шимийг нутгийн иргэд, монголчууд хүртэж улмаар үр ашиг нь улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах ёстой гэсэн мөрөөдөл дүүрэн байсан юм. Харамсалтай нь манай компани хайгуул хийх үе шат болон ашиглалтын үйл ажиллагаа явуулж эхлэхтэй зэрэгцэн тодорхой зорилго бүхий хүмүүс сошиал орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр удаа дараа илт буруу ташаа, гүтгэлгийн шинжтэй мэдээллүүдийг зориудаар тараан бидний явуулж байгаа үйл ажиллагааг бүхэлд нь харлуулахаар улайрч эхэлсэн. Ийм худал ташаа, гүтгэлгийн чанартай мэдээлэл нь улам гүнзгийрч, уурхайн үйл ажиллагааг харлуулах гэсэн ажиллагаанд эрх бүхий хүмүүс хүртэл хутгалдан оролцож эхэлсэн учраас залруулга хийж дараах мэдэгдлийг гаргаж байна. Үүнд:

Нэгдүгээрт: Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Нарийнсухайтын нүүрсний бүлэг ордод долоон компанийн арав гаруй уурхай үйл ажиллагаа явуулж буй бөгөөд эдгээр уурхайнууд нь сунаж тогтсон бүтэцтэй, уул нуруудаас ижил зайд алслагдсан. Гэтэл ганцхан “Сауд гоби коэл транс” ХХК-ийн Баянтэсийн уурхай руу зохион байгуулалттайгаар дайрч, гүтгэлгийн чанартай, үнэнд үл нийцэх мэдээллүүдийг зориудаар тарааж байгааг бид эрс эсэргүүцэж байна. Манай компани Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулдаггүй болохыг хариуцлагатай мэдэгдэж байна. “Сауд гоби коал транс” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүд нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон бусад эрх зүйн хүчин төгөлдөр гэрээ, хэлцлүүдийг ямар ч байдлаар зөрчөөгүй. Бүх үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулдаг. Гэвч илтэд тодорхой байгаа энэ асуудлыг улстөржүүлж, ашиг хонжоо олох хэрэгсэл болгож байгаад харамсч буйгаа илэрхийлье.

Хоёрдугаарт: Уурхайн олборлолтын бүсэд ямар нэгэн булаг шанд, гол, горхи өртөөгүй бөгөөд цаашид ч булаг шанд, гол горхитой газар үйл ажиллагаа явуулахгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Уурхай эхлэх үед байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, гидрогеологийн судалгаа хийсний дараа зохих зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа болно. Мөн бид тухайн нутгийн эко систем, булаг шандын урсац зэрэгт нутгийн ард иргэд, нийт монголчуудын нэгэн адил санаа зовж байгаа бөгөөд бидний үйл ажиллагаа явуулж байгаа талбай нь Хөвдийн булаг, Хуршуутын булагт нөлөө үзүүлэхүйц бус хол. Бид энэхүү үүргийг ухамсарлан Хөвд, Хуршуут орчмын талбайг өөрийн лицензийн талбайгаас 2014 онд хасалт хийлгэж улсад хүлээлгэж өгсөн. УИХ-ын гишүүн Л.Энхболдын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуд ““Сауд гоби коэл транс” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, улсын тусгай хамгаалалттай газар нутагтай тус тус давхцаагүй байна” гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хариулт өгөхдөө тодорхой хуулийн дагуу тайлбарласан байгаа. Манай компани нь 100 хувь дотоодын хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигчтэй бөгөөд нийт монголчуудынхаа адил нутаг усныхаа экосистемд хариуцлагатайгаар хандаж ирсэн. Хэрвээ бидний явуулж байгаа үйл ажиллагаа Хөвд, Хуршуутын булгийн урсацад сөргөөр нөлөөлөх аваас бусдын шахалтаас үл шалтгаалан үйл ажиллагаагаа зогсоох ухамсар байгаа гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье.

Гуравдугаарт: Манай компанийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нартай холбоотой мэтээр ташаа мэдээлэл зориудаар түгээх боллоо. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нь манай компанийн хувьцаа эзэмшигч байсан боловч 2016 онд өөрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлэн өгснөөр “Сауд гоби коэл транс” ХХК-тай хамааралгүй болсон болно. “Сауд гоби коэл транс” компанийн хувьцааг Худалдаа хөгжлийн банк эзэмших болсон гэдэг нь мөн л үнэнээс хол зөрсөн гүтгэлэг юм. Манай компани нь уурхайн үйл ажиллагаа эхлүүлэхдээ ХХБ-наас бизнесийн зээл авснаас өөрөөр тухайн хүнтэй ямар ч холбоогүй болохыг мэдэгдье.

Дөрөвдүгээрт: Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас манай уурхайд хяналт шалгалт хийгээд 31 зүйл бүхий хугацаат үүрэг даалгаврыг 2019 оны дөрөвдүгээр сарын 5-нд өгсөн. Үүрэг даалгаварт дурдсан хугацаа нь дуусаагүй байхад аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Сауд гоби коэл транс” ХХК-ийн Баянтэсийн уурхайд дахин шалгалт хийхээр болсны цаана улс төрийн ашиг хонжоо хайсан хэн нэгэн эрх мэдэлтний хувийн хонзогнол оржээ гэж бид үзэж байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаярын хувийн явцуу ашиг сонирхол, шахалтад автан Мэргэжлийн хяналтын байгууллага өөрсдийн тогтоосон үүрэг даалгаврын хугацаа дуусаагүй байхад дахин шалгалт оруулахаар болсныг бид улс төрийн сонирхол оржээ гэж үзэж буйгаа мэдэгдье. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр хувийн ашиг сонирхлоор дүгнэлт гаргаад түүнийгээ аймгийн Мэргэжлийн хяналтын газар тулган хүлээлгэж батлуулах арга зам хайж байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.4-ийг ноцтой зөрчиж байна.

Энэ мэтээр сүүлийн үед тодорхой хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөвхөн манай уурхай руу чиглэсэн илтэд буруу, ташаа, үнэнээс хол, мушгин гуйвуулсан, гүтгэлгийн шинжтэй мэдээллүүд явж байгаад компанийн удирдлагууд, нийт ажилчин, хамтран ажиллагч, бэлтгэн нийлүүлэгч байгууллагууд харамсаж байгаагаа илэрхийлж байна. Гүтгэлэг, илт гуйвуулсан ташаа мэдээллүүдийг зарим нэг хүн зориудаар тарааж байгаа учир манай компани нэр хүндээ сэргээж, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр хууль, шүүхийн байгууллагад хандсан болно. Манай компанитай холбоотойгоор зориуд тарааж байгаа гүтгэлгээ зогсоохыг шаардаж байна.

САУД ГОБИ КОЭЛ ТРАНС” ХХК


Сэтгэгдэл

zochin [81.185.175.173] 2019-06-12 14:21:40

hen ta nariig gazar uhaad . ashig haigaad nuutsiig togtoo gej yavuulaagvi ... mongoliin turd shurhalsan heseg bvleg hvmvvsiin huljih gesen zavhraliin svvder shvvdee ...

зочин [119.40.103.6] 2019-06-12 07:45:38

Үнэн бол сайн. Үүнийг чинь нутгийн иргэд, малчид л сайн мэднэ дээ. Тэдэнтэйгээ хамтарч харилцан ойлголцож ажиллах хэрэгтэй дээ. Хий хоосон улс төржсөн мэдээлэл хаа сайгүй их л байна. үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг. Амжил хүсье


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.