МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

М.Амаржаргал / Нийслэл

-ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-ААР ХЭЛЭЛЦЭЖ ЭХЛЭВ-

image

УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.06.14/-ийн хуралдаан 10.00 цагт эхэлсэн. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, ѳѳрчлѳлт"-ийн тѳслийн анхны хэлэлцүүлэгийг хийсэн. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх дэмжсэн юм.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг 2019 оны зургадугаар сарын 6-ны өдөр УИХ-д өргөн барьсан бөгөөд улс төрийн намууд болон холбогдох албаныхан нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж буй.

-ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ ИРГЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ КОМИСС БАЙГУУЛАГДЛАА-

image

2019 оны тавдугаар сарын 27-ны өдөр Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2, Монгол улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 14/01 дүгээр тогтоолыг үндэслэн түрээсийн орон сууцанд хамруулах иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комисс байгуулагдлаа.

Тус комиссын даргаар Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-ийн захирал, гишүүдээр Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга, Нийслэлийн Засаг даргын төсөв, санхүүгийн асуудал хариуцсан зөвлөх, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Нийслэлийн Засаг даргын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн Орон сууцны асуудал хариуцсан мэргэжилтэн, нарийн бичгийн даргад Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-ийн Захиргаа, санхүү, хуулийн хэлтсийн дарга нарыг томилсон байна.

-ЦИРКИЙН АР ТАЛЫН ЗАМЫГ 10 ХОНОГ ХААНА-

image

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Циркийн ар талын 0.7 км авто замыг энэ сарын 12-ноос эхлэн арав хоногийн хугацаатай хаахаар болжээ. Учир нь дээрх чиглэлийн замд хос шугам өргөтгөн, шинэчлэх шинэчлэх ажлыг эхлүүлсэн байна. Зам хаахтай холбоотойгоор холбогдох тэмдэг, тэмдэглэгээг байршуулжээ. Тиймээс уг чиглэлд зорчигчид замыг тойрч хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Мөн Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, Улаанбаатар чуулгын зүүн талын 0.3 км авто замын доор “СН Трейд” ХХК нь бохир усны шугам татах ажлыг энэ сарын 12-оос эхлүүлсэн бөгөөд 16-ныг хүртэл замыг хэсэгчлэн хаахаар болжээ.

-УИХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ХУРАЛДААНЫГ ОРХИН ГАРЛАА-

image

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. Уг хэлэлцүүлэх эхлүүлэх болсонтой холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын Зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийг хууль, журмын дагуу өөрчлөхгүй бол хэлэлцүүлэгт орох боломжгүй гэдгээ илэрхийлж хуралдааныг орхилоо.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, "Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт олон жилийн турш олон нам, олон улстөрчдийн санал орсон. Мөн энэ хуулийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө эргэж харах зүйлүүд ч байгаа. Хуульд тавигдсан шаардлагад нийцүүлж хэлэлцүүлгийг эхлэх ёстой гэдгийг сануулж байна. Ерөнхийлөгчийн саналыг тодорхой аваагүй, хуулийг өөрийнх нь хуульд нийцүүлэн өргөн баригдаагүй, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх журмын тухай хуульд заасан шаардлага зүйлүүдийг хангаагүй, зургаадугаар сарын 10-нд Үндсэн хууль хэлэлцэх дэгийн хуулиа батлаад, энэ хуулийн хэрэгжилтийг эхлээгүй байхад хуучин хуулиар хэлэлцэж байна. Энийг хууль журмын дагуу эхлүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэр болтол бид нар энэ хуулийн хэлэлцүүлэгт оролцох боломжгүй, орхин гарахаас өөр арга байхгүй байна" гэлээ.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын зөвлөлийг чуулганы танхимыг орхин гарснаас хойш хоёр дахь хэлэлцүүлгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх журмын тухай хуулийн дагуу хэлэлцэнэ гэсэн юм.

-ШӨХТГ-ААС ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРУУЛААГҮЙ КОМПАНИУДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ-

image

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас өнөөдөр /2019.06.14/ мэдээлэл хийлээ. Тус газраас 37 компанид шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлж байгаа юм байна. "Роснефть" компанийн гадаад хилийн үнэ 2019 оны зургаадугаар сард А-80 автобензин 640 ам.доллар /тонн, АИ-92 автобензин 670 ам.доллар/ тонн, дизель түлш 639 ам.доллар/тонн болж өнгөрсөн тавдугаар сартай харьцуулахад А-80, АИ-92 автобензин тонн тутамдаа 25 ам.доллар, дизель түлш нэг ам.доллараар тус тус буурсан байна.

Тиймээс ШӨХТГ-аас гадаад зах зээлийн үнэтэй уялдуулан шатахууны үнийг бууруулах шаардлагыг импортлогч 37 компанид хүргүүлжээ. Энэ сарын 17-н гэхэд шатахууны үнээ бууруулаагүй бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох саналыг ШӨХТГ-аас УУХҮЯ-нд хүргүүлэх гэлээ.


Сэтгэгдэл

Иргэн [122.201.26.206] 2019-06-14 18:38:54

Наадуулд чинь танай шаардлага нөлөөлөх үү?! Янз бүрийн аргаар хуурамч баталгаагүй түлш шатахуун үйлдвэрлэж орж ирсэн шатахуунаа чанар стандартыг нь бууруулж ард иргэдийг хохироож байгаа юм билээшдээ?! Энэ төрд толгой байна уу?!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.