Б.Найдалаа: “Төсөв, мөнгөний бодлого бол улс төрчдийн тоглоом биш”

Д.Тулга / Нийслэл

Эдийн засагч Б.Найдалаатай эдийн засагт тулгарч буй сорилтын талаар ярилцлаа.

2019 оны эхний хагас өндөрлөж байна. Таны бодлоор эдийн засгийн нөхцөл байдал ямархуу байна вэ?

Монголын эдийн засгийн байдал ерөнхийдөө таатай үедээ орсон гэж олон судлаачид үзэж байна. Нүүрс, зэсийн экспортын орлого сайжирсан, Оюутолгойн хөрөнгө оруулалт үргэлжилж байгаа тул гадаадын хөрөнгө оруулалт, валютын орох урсгал нэмэгдсэн, инфляц төв банкны зорилтод түвшин 8% орчим хувь дээрээ байна гэх мэт эдийн засаг тогворжиж, өсөх хандлагатай байна. Харин махны үнийн өсөлттэй холбоотойгоор инфляцид л жаахан дарамт болж магадгүй. Олон улсын байгууллагууд манай эдийн засгийн өсөлтийг 6.7% гэж төсөөлсөн бол Засгийн газар 8% байна гэж өөдрөгөөр төсөөлсөн байгаа.

Эерэг үзүүлэлтүүдээс гадна эрсдэл ч бас тодорхой хэмжээнд байгаа байх. Эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд санхүү, эдийн засгийн бодлого хэрхэн явагдах ёстой вэ?

Мэдээж, ганц хоёрхон экспортын үнэ, ганц хоёрхон боомтоос хамааран савладаг жижигхэн эдийн засгийн хувьд эрсдэл байнга өндөр байж таарна. Гэхдээ хамгийн таашгүй, гарц байхгүй эрсдэл бол Монголчууд бид өөрсдөө юм. Юу гэх гээд байна вэ гэвэл, манай улс төрчид, хөгжлийн ямар нэг тууштай бодлого гаргадаггүй, бүх асуудлыг улс төрийн явцуу эрх ашгаар муйхарлаж шийдэх гэж оролддог явдлыг хэлж байгаа юм. Ийм байхад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, ажлын байр бий болж, эдийн засаг тогтвортой өсөхөд хүндрэлтэй, бараг боломжгүй. Ямар нэг бодсон тооцсон зүйлгүй том шийдвэрүүд гаргаж байгаа тул эргээд эдийн засаг, нийгэмдээ сөрөг нөлөө үзүүлдэг. Ийм жишээ олон. Бэлтгэлээ хангаагүй байж мах экспортолж баяжина гэж хөөрцөглөснөөс махны үнийг өсгөж, тэр нь малчдад ч очиж байгаа юмгүй гадны наймаачдын өгөөш болж байна шүү дээ. Малаа хөлөөр нь гаргана гэж нэг туугаад, нэг болиулаад ямар ч бодлогогүй, согтуу хүн шиг ажиллахаар чинь ямар ч үр дүн гарахгүй, эдийн засагтаа дарамт болно. Тэгэхээр, эрсдэлээс урьдчилан сэргийлье гэвэл хэт улс төржилтөөс улсын төсвийг салгах, Монголбанк, мөнгөний бодлогын хараат бус байдлыг найдвартай хангах юм.

Монголбанкны хувьд өнгөрсөн оны сүүлээр бодлогын хүүгээ чангаруулсан. Харин одоо эдийн засгийн идэвхжилтэй зэрэгцээд бодлогын хүүг бууруулах хэрэгтэй гэх байр суурь бий, УИХ-ын зарим гишүүд олонтаа шаарддаг. Таны харж байгаагаар бодлогын хүүг бууруулах орон зай Монголбанкинд байна уу?

Монголбанк бол өөрийн хуультай, үүрэг зорилготой, мэдээлэл судалгаатай, хариуцлага хүлээдэг, бие даасан мэргэжлийн байгууллага, институц. Ямар нэг улс төрийн зорилгоор, эсвэл хувийн төсөөлөл хандлагаар дүгнэлт хийж, төв банкны шийдвэрийг дур дураараа заах нь зохимжгүй. Тэр тусмаа улс төрчид, УИХ-ын гишүүд улс төрийн зорилгоор төв банкинд чиглэл өгөх, дотоод үйл ажиллагаанд нь хутгалдах, дарамт үзүүлэх нь төв банкны хараат бус байдалд халдаж байгаа төдийгүй энэ нь сөрөг үр дагаварыг үүсгэдэг. Үүний оронд төв банкны үйл ажиллагааны хяналтыг сайжруулах, хараат бус байдлыг бэхжүүлэх талаас нь анхаарах хэрэгтэй. Мөн УИХ-ын гишүүд хоосон шүүмжилж, хэрэлдэх биш бизнесийн орчныг сайжруулах, зээлийн хүүг бууруулах ажлаа хиймээр байна. Монголбанк улс төрийн сонирхолтой хутгалдвал эдийн засагт ямар их аюул дагуулж болохыг дэлхий нийт нийт төдийг бид өөрсдөө ч хангалттай үзсэн дээ. Манай бол нөлөө нь одоо ч арилаагүй үргэлжилж байна ш дээ.

Гадаад зах зээл тодорхой бус, төсөв алдагдалтай байгаа үед мөнгөний бодлогыг хэт сулруулах нь ямар үр дүнд хүргэх бол?

Эргэлдэж буй мөнгө эдийн засгийн өсөлт, түүнийг хэрэглэж буй бизнесийн өсөлттэй уялдах ёстой. Энгийн л зарчим. Гэтэл энэ тэнцвэрийг алдвал, хэрэгцээнээс илүү мөнгө нийлүүлбэл мөнгөний ханш унаж, иргэдийн бодит орлого буурч эхлэнэ. Үүнийг зохистой удирдахыг л мөнгөний бодлого гэж байгаа юм. Үүнийг хийх гэж л төв банк байдаг.

Үнийн өсөлт нэмэгдэж, иргэдийн бодит орлого буурч болзошгүй гэж үзвэл Монголбанк бодлогын хүүгээ мэдээж бууруулахгүй. Эдийн засаг таатай байгаа ч ирэх жил сонгуулийн жил, эрх баригч нам, улс төрчид төсвийг нэмэгдүүлэх, магадгүй мөнгөний нийлүүлэлтийг нэмэх замаар амлалтаа биелүүлсэн болох, ажил хийсэн болж харагдах сонирхолтой байгаа. Сонгууль бүрийн өмнө үргэлж ийм байж ирсэн. Энэ бүхний хортой үр дагавар нь сонгууль дууссаны дараа төгрөгийн ханш унах, иргэдийн бодит орлого буурснаар илэрдэг. 2016 оны сонгуулийн дараа төгрөг ам.долларын ханш огцом унаж, эдийн засаг хүнд байдалд орсныг бүгд санаж байгаа. Төр засаг нь улсын төлөө биш сонгуулийн төлөө ажиллаад байвал ийм асуудал тасрахгүй.

Монгол Улс удахгүй 2020 оноос дахиад өр, төлбөрүүд төлж эхэлнэ. Үүнд одооноос бэлтгэхийн тулд юунд анхаарах хэрэгтэй вэ?

Дээр хэлсэнчлэн Монголын хамгийн том аюул бол улс төрийн сонирхлоор эдийн засгийг залах, төсвийг удирдах гэж оролдох явдал. Улсын энэ их өр улс төрчдийн ийм л алдаанаас болж үүссэн. Сонгуульд зориулан хэрэгтэй хэрэггүй хөтөлбөр санаачлах, төсвийн сонгуулийн жилүүдэд эрс нэмэх, зарим тохиолдолд Монголбанкны мөнгө хэвлэх онцгой хэрэгслийг ч улс төрийн зорилгоор ашиглаж байсан. Энэ бүгдийн төлөөсөнд Монгол асар их өртэй болж, хэрэгтэй зүйлдээ, тухайлбал эмч багшийн цалин, тэтгэвэр нэмэхэд зарцуулах төсөвгүй болсон. Иймд, төсвийн бодлого, хяналт, үр ашгийг эрс сайжруулах, мөн мөнгөний бодлогын хараат бус байдлыг хамгаалах нь эн тэргүүний ажил. Үүнийг л тууштай хийж чадвал эдийн засгийн өсөлтийг даган өр зээлээ дарах боломж бүрдээд явна.

Багш нарын цалинг нэмэх боломжтой тухай ХҮН намаас мэдэгдсэн байсан. Бас дахиад л хоосон амлалт, популизм биз гэх хардлага байна. Ямар судалгаанд үндэслэсэн бэ?

Худлаа амалж, хуурсаар байгаад олны итгэлийг алдсан тул эргэлзэх нь аргагүй ээ. Гэхдээ бидний энэ ярьж буй шийдэл бол улсын төсөв дээр хийсэн судалгаа, тооцоолол дээр үндэслэсэн бодитой зүйл. 10 жилийн өмнө багш нар улсын дундаж цалингаас өндөр цалин авдаг байсан. Гэтэл өнөөдөр улсын дунджаас 20% бага цалин авч байна. Эдийн засаг өсч, төсвийн бүх зардлууд нэмэгдсэн байхад багш, эмч гэх мэт төрийн албан хаагчдын цалинг орхигдуулаад байсан гэсэн үг. Энэ бол монголд боловсрол эрүүл мэндийн салбарын бодлого алдагдсаар удаж байгаагийн нотолгоо. Эмч багш нартаа өндөр биш гэхэд дундаж цалин өгч чадахгүй бол эрүүл мэнд, боловсрол чухал гэж яриа утгагүй, Монгол Улс хөгжих тухай бодоод ч хэрэггүй.

Тэгээд шийдэл яг юу вэ, төсөв байхгүй гэж тайлбар тавьдаг?

Эдийн засгийн өсөлт, төсвийн тооцоолол дээр хийсэн дэлгэрэнгүй судалгаа бий. Гэхдээ энд товчхон, хялбар тайлбарлая. Улсын төсвийн ойролцоогоор 20% цалингийн зардал, 20% хөрөнгө оруулалтын зардал байдаг. Хөрөнгө оруулалт гэдэг нь зам, байшин барилга барихыг хэлж байгаа. Судалгаагаар 2024 онд улсын дундаж цалин 2 сая төгрөг болохоор байгаа, эмч багш нар энэ дундаж цалинг дор хаяж авах ёстой гэсэн зарчмыг барин бодлогын шийдэл гаргасан юм. Эмч багш нарын цалинг 2 сая төгрөг болгохын тулд одооноос эхлэн жил бүр 18% нэмэгдүүлэх шаардлагатай. Тэгэхээр энэ мөнгийг хаанаас гаргах вэ гэсэн асуулт гарна. Энэ мөнгийг хөрөнгө оруулалт, бараа үйлчилгээний зардлаас гаргана. Гэхдээ тэдгээр зардлыг огт багасгахгүй, зөвхөн өсөлтийг нь хязгаарлана. Жишээлбэл, улсын төсвөөр байшин барилга, зам гүүр барих, элдэв засвар хийхэд зарцуулж байгаа мөнгөний өсөлтийг нь ганцхан (1%) хувь багасгахад л 76 мянган эмч багшийн цалинг бодитой нэмэх мөнгөтэй болно. Үүний цаана 300,000 монгол хүний амьдралд шууд эерэг нөлөөлнө.

Ингэхээр төсөв байхгүй гэдэг бол шалтаг болохоос шалтгаан биш. Зөвхөн төр засаг нь чин үнэнээс боловсрол, эрүүл мэндийг дэмжиж байна уу, үгүй юу гэдгийг л харуулж байгаа юм. Тэнгэрээс мөнгөн бороо орохгүй нь ойлгомжтой тул байгаа төсвөөсөө аль чухал, хүний төлөө гэсэн зүйлд төсөв мөнгө хуваарилан зарцуулахыг л бодлого гэдэг. Монголд бодлого гэж байдаггүй, дарга нар нь зөвхөн өөрийн эрх ашгаа боддог тул ийм асуудал салбар бүрт бий. Үнэхээр шийдэе гэвэл хялбархан шүү дээ.

Хөрөнгө оруулалтыг таначихаар цаана нь бас төсөвт доголдол гарахгүй юу?

Хөрөнгө оруулалтыг танахгүй, зөвхөн өсөх тэр хэсгээс нь ердөө 1 хувийг л авч, эмч багш нартаа зориулая гэсэн санаа. Үнэхээр л боловсрол, эрүүл мэнд, хүүхдийн ирээдүй гэж байгаа бол ийм шийдэл хэрэгжүүлэхээс өөр аргагүй, зам гүүр, хашаа хайсанд биш, монгол хүнд хөрөнгө оруулж байна гэсэн үг. Тэгээд ч хөрөнгө оруулалт дотор шаардлагагүй, үр ашиггүй хийдэг ажил асар олон бий, нөгөө ярьдаг ЖДҮ, тендер, авлигын асуудлууд бүгд үүнтэй холбоотой. Монгол Улс төсвийн хөрөнгө оруулалтын үр ашигтай байдлаар сүүл мушгисаар байгаа. Тэгэхээр эндээс жаахан танахад боловсрол эрүүл мэндээр дамжин иргэд, хүүхдүүддээ оруулж буй том хөрөнгө оруулалт болно. Ийм шийдэлд эргэлзэх, эсэргүүцэх Монгол хүн байхгүй гэж бодож байна.

Зөвхөн эмч багш нар юм уу? Бусад төрийн албан хаагчид, тэтгэвэр яах вэ?

Энэ аргаар бусад төрийн албан хаагчид, тэтгэвэр тэтгэмжийг ч нэмэгдүүлэх боломж, бөгөөд төсөв Монголд байна гэсэн үг юм. Бодлогын ийм шийдлийг хэрэгжүүлж эхлэвэл бусад төсөв хүрдэггүй гэх бүх асуудлыг шийдэж болно. Нөгөө ярьдаг төсвийн үр ашиг, хяналт ч сайжирна. Хөгжлийн бодлого гэдэг нь ердөө энэ юм.

Ярилцсанд баярлалаа.


Сэтгэгдэл

иргэд [103.10.23.111] 2019-06-20 13:40:24

ХҮН нам бол Төрд үүрэлсэн хулгайч МАНАНгийн том том нохдын бөхсийг долоог үүрэг даалгаварыг гүүцэтгэгч нарын нам Том хулгайч нар сонгуульд ялагдах би гэсэндээ илүү гэрээ барьсан нь ХҮН нам юм ХҮН намад итгэж болохгүй нүүрээн нуусан цаасан малгай шиг нам

зочин [122.201.19.99] 2019-06-19 11:06:16

ХҮН нам гэж цээжээ дэлдсэн хэдэн ПОПуудааар монгол дутлаа юу Найдлаа бол жинхэнэ худлаа гар шүү мөнгөний төлөө юу ч хийнэ.

Зочин [103.10.23.111] 2019-06-20 13:43:23

ХҮН нам шал худлаа шүү ХУДЛАА ГАРУУД АРД НЬ * МАНАН * БАЙГАА ЮМ НААД МУУГААН НУЛИМААД ХАЯА ХОЛ ОЧОЖ ХУЦ ГЭЖ ХЭЛ ИГГЭНДЭЭ

Зочин [202.126.88.71] 2019-06-19 10:57:04

Бангладеш хүнтэй нийлээд их байгаа юм энэ хог

Зочин [159.65.45.167] 2019-06-19 10:23:07

Darvaan har Dojrhandaaas salchihval ene HUN nam ug ni ireedui bgaa haragdaad baidag

Зочин [54.37.73.107] 2019-06-19 10:21:01

Энэ Найдалаа уг нь зүгээр залуу. Даанч ХҮН намын жагсаалтыг зардаг хар Доржхандтай нийлээд явахаар ямар бүтэлтэй юм болохов дээ. Багаа бүрдүүлээсэй.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.