МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

Д.Тулга / Нийгэм

ОСНААГ, ДАЙЦЭЦЭН ХХК-ИЙН АЖИЛЧИД БОХИРЫН ХУДАГТ УНАЖ АМИА АЛДЛАА

image

ОСНААГ-ын хоёр ажилтан бохирын худагт унаж амиа алдсан гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Өнөөдөр 14:19 цагт цагдаагийн байгууллагын 102 утсанд Сонгинохайрхан Дүүрэг дөрөвдүгээр хороо Хүнсчдийн гудамж мах импексийн урд бохирын худагт хоёр хүн унасан гэх дуудлага, мэдээллийг шалгахад тус хороонд байрлах бохирын худагт Дайцэцэн ХХК-д засварчин ажилтай 1985 онд төрсөн “Б”, Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газар засварчин ажилтай 1988 онд төрсөн “У” нар унаж нас барсан. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Хэргийг шалгаж байгаа тул өөр мэдээлэл өгөх боломжгүй" гэв.

Б.БАТДЭЛГЭР: ШҮҮХИЙН ХУВЬСГАЛЫГ МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭЭС ЭХЛҮҮЛЬЕ

image

Иргэний нийгмийн байгууллагууд, ТББ-ууд нэгдэн шүүхийн шинэчлэлийн талаар болон Улсын дээд шүүхийн шүүгч нарыг огцруулах зорилготой жагсаал зохион байгуулах гэж буй талаараа мэдээлэл хийлээ. Тэд маргааш өглөө морин цагаас эхлэн гурван өдөр Дээд шүүхийн үүдэнд жагсаал цуглаан зохион байгуулах болсноо мэдэгдлээ.

Жагсаал зохион байгуулахаар санаачилсан иргэн Б.Батдэлгэр ярихдаа “Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар жагсаал цуглааныг бүтгүүлж зөвшөөрөл авдаг. Иргэн Б.Батдэлгэр миний бие зургадугаар сарын 25-28-н зохион байгуулах жагсаалаа Чингэлтэй дүүргийн засаг даргад бүртгүүлсэн байгаа. Жагсаал цуглаан хийхдээ тавьж буй шаардлага бол Монгол Улсын үндсэн хуулийн 16.14-д заасан Шударга шүүх, цэвэр ариун шүүхтэй байхыг шаардах. Хоёрдугаарт Монгол Улсын Ерөнхий шүүгчид шаардлага хүргүүлэх. Гуравдугаарт Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч нарыг огцрохыг шаардах, дөрөвдүгээрт төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч нар долдугаар сараас есүгээр сарын дунд хүртэл хоёр сар гаран гурван танхим нь тэр чигээрээ амардаг. Шүүх эрх мэдэл бол Монгол төрийн үйл ажиллагаа. Гэтэл төрийн үйл ажиллагаа тасалдаж, зогсонги байдалд ордгоос болж шийдвэрлэгдэх ёстой хэргүүд цуглардаг. Тиймээс тасралтгүй үйл ажиллагаа явуулахыг шаардана.

Түүнчлэн иргэдээс шүүгч нарын хууль бус үйлдлийн талаар санал авах, санал солилцох, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, шүүхийн өөрчлөлтийн талаар ард түмнээс санал авах, тэдний дуу хоолойг хүргэх гэсэн шаардлага болон хүсэлтийн дагуу хийгдэж байгаа юм.

ДЭЛХИЙН БАНК: МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ӨР СҮҮЛИЙН 5-6 ЖИЛД ОГЦОМ ӨССӨН

image

Монгол Улсын төсвийн орлого, зардлын талаарх Төсвийн зардлын тойм судалгааг өнөөдөр /2019.06.24/ Дэлхийн банкнаас танилцууллаа. Монгол Улсын эдийн засаг 2014-2016 онд огцом суларсан шалтгаан нь түүхий эдийн үнэ унаж, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсантай холбоотой аж. Харин 2017 он болон 2018 оны эхний хагаст эдийн засаг нэлээд сэргэж, 2016 онд 1.2 хувь хүрч байсан ДНБ-ий өсөлт 2017 онд 5.3 хувь, 2018 оны эхний хагаст 6.3 хувьд хүрч өсчээ. Энэхүү өсөлтөд түүхий эдийн (нүүрс болон зэс) экспорт нөлөө үзүүлжээ.

Ахлах эдийн засагч Жийн-Паскаль Н.Нгану "Уул уурхайн салбар 2018 онд төсвийн бодлогын 28 хувийг бүрдүүлсэн. Төсвийн орлогын уул, уурхайн салбараас хамаарах хамаарлыг бууруулах, орлогын шаталсан системийг аажмаар нэвтрүүлэх шаардлагатай. Монгол Улсын татварын хувь хэмжээ бусад орнуудтай харьцуулахад доогуур байгааг эргэн харах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тоо хэмжээг анхаарах замаар татварын бааз суурийг өргөтгөхийг зөвлөж байна. Монголын Засгийн газрын өр сүүлийн 5-6 жилд огцом нэмэгдсэнийг тайланд дурдсан байга. Мөн цалингийн зардал төсөвт үзүүлэх дарамтыг нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл төсвийн урсгал зардлын хамгийн том бүрэлдэхүүн хэсэг нь болж байгаа” гэв.

Дэлхийн банкнаас цалингийн зардал төсөвт үзүүлэх дарамтыг нэмэгдүүлсэн нь хэд хэдэн шалтгаантай аж. Тодруулбал, төрийн албан хаагчдын цалингийн сангийн өсөлтийг яамдын бүтэц ойр ойрхон өөрчлөгдсөнийг төрийн албан хаагчдын шилжилт, хөдөлгөөн нэмэгдсэн. Иймээс мэргэжлийн, улс төрийн нөлөөгүй төрийн албыг тогтвортой болгоход дорвитой шинэчлэл шаардлагатай байгааг Дэлхийн банкнаас сануулж байсан юм.

Мөн төсвийн төлөвлөлт сул, ялангуяа Монгол Улсын эрүүл мэндийн салбарт зарцуулж буй төсвийн зардал бага байгааг тайланд тусгажээ. Түүнчлэн боловсролын салбарын төсвийн зардлыг өртөг өндөртэй тоног төхөөрөмжид зарцуулж, сургуулийн өмнөх боловсролын хүртээмж хязгаарлагдмал байгаа анхааруулав.

Л.ПҮРЭВБААТАРЫН 1,5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ХАУСЫГ ШШГЕГ-ААС ЧӨЛӨӨЛЖЭЭ

image

УБТЗ ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас чөлөөлжээ. Уг орон сууцыг Улаанбаатар төмөр замд буцаан өгүүлэх шийдвэрийг өнгөрсөн оны есдүгээр сарын 27-ны өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэвээр үлдээсэн юм. Харин 2018 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгөд тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даатгаж захирамжилсан юм.

Мэдэгдэлд:

“Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11-дүгээр сарын 27-ны өдрийн 102/Ш32018/15949 дүгээр захирамжаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206049413 дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамжны “Цэцээ гүн” хотхоны ТН-5 дугаар байрны В1-3 давхрын 41/5 тоот хаягт байрлах байрлах 370 м.кв талбай бүхий орон сууцад тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даатгаж захирамжилжээ” гэжээ.

Шүүгчийн захирамжид заасан тодорхой үйл ажиллагааг гүйцэтгэхгүй байхыг мэдэгдлээ. Хэрэв мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх юм байна.

ЗАВЬТ ЭРГҮҮЛИЙНХЭН ДӨРВӨН ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЛАА

image

НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран Туул голын тогтоол усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилгоор 9 дэх жилдээ “Завьт эргүүл” арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт зургаан удаагийн дуудлагаар ажиллаж, усанд урсаж явсан дөрвөн иргэний амь насыг авран хамгааллаа.

Алба хаагчид 2019 оны зургадугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт болон сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангаж ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.