МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

М.Амаржаргал / Нийгэм

-“САХАЛД.ЭРДЭНЭБИЛЭГТ ХИЛИЙН ХОРИГ ТАВЬЖ СУЛЛАЖЭЭ-

image

Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга "Сахал" хэмээх хочит Д.Эрдэнэбилэгийг АТГ, ЦЕГ-ийн хамтарсан ажлын хэсэг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбогдуулан шалгаж буй билээ. Түүнийг Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх Захирал О.Орхон, "Монголын зэс" компаний удирдлага Ц.Пүрэвтүвшин, М.Мөнхбаатар нарын хамт "Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан" гэсэн үндэслэлээр эрүүгийн гэмт хэргийн яллагдагчаар татан, улмаар өнгөрсөн тавдугаар сарын 28-нд цагдан хорьсон юм.

Харин өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхээс Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга "Сахал" хэмээх хочит Д.Эрдэнэбилэгийг суллах шийдвэр гаргажээ. Тодруулбал прокуророос батланд даалтад гаргах хүсэлтийг шүүхэд хүргүүлснээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн Хэргийн Анхан Шатны Шүүхээс түүнд хилийн хориг тавьж батлан даалтад гаргажээ. Мөн тодорхой эрх бүхий этгээдүүдтэй уулзахыг нь хориглох аж.

image

-АН: ЭРХ БАРИГЧИД ДУР ЗОРГООРОО ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХИЙН ТУЛД ЦЭЦИЙН ГИШҮҮДИЙГ ХАХУУЛЬДАЖ БАЙНА-

Ардчилсан Намын нарийн бичгийн дарга О.Магнай, Д.Оросоо нар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. АН-ын хуулийн хэлтсийн дарга Д.Оросоо "Эрх баригчид үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ярьж эхэлсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Эх баригчид 2000 онд дордохын долоон өөрчлөлтийг хийж, үүний үр дагаврыг 19 жил амсаж байна. ЖДҮХС-гийн зээл, 60 тэрбумын схем зэрэг сөрөг үр дагаврыг авчирсан. Одоо эрх баригчид дахин ийм зүйл хийхээр төлөвлөж байна. Эрх баригчид наймаа хийх замаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хийж байна. Энэ бол үнэхээр аюултай. Эрх баригчид дур зоргоороо Үндсэн хуулийг өөрчилж, үүнийг нь Үндсэн хуулийн цэц хянахгүй болж байна. Үүнийг хийхийн тулд Цэцийн гишүүдийн бүрэн эрхийг есөн жил болгон авилгал хийж байна. Энэ удаагийн үндсэн хуулийн өөрчлөлт 2000 оны дордохын долоон өөрчлөлтөөс долоон дор зүйл болж Монгол Улсын хувь заяагаар тоглох гэж байна. Тиймээс бид энэ асуудлыг дахин, дахин ярьж олон түмнийг энэ асуудалд анхаарлаа хандуулаач ээ хэмээн хүсч байна. Эх баригчид наймаа хийх зарчмаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж байна" гэлээ.

image

-ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ 40 ХУВИЙГ ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ, ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД ХАМРАГДСАН ИРГЭДЭД ЗОРИУЛНА-

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Түрээсийн орон сууцанд хамруулах журам” батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Засгийн газар болон холбогдох байгууллагаас батласан журам, хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, иргэдийг хямд төлбөртэй түрээсийн орон сууцаар хангах, түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх, түрээслээд өмчлүүлэхтэй холбоотой харилцааг энэ журмаар зохицуулах юм байна.

“Энэхүү журам батлагдсанаар анх удаа түрээслээд тодорхой хугацааны дараа өмчлөх хэлбэр хэрэгжиж эхлэх юм. Мөн зорилтот бүлгийн ангилал квотыг тусгаж өгснөөр түрээсийн байранд орох хүсэлтэй иргэдийг түрээсийн орон сууцаар хангах боломж бүрдэнэ” гэж Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулгадаа онцолж байлаа. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа нэгтгэн, НИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн барихаар тогтлоо.

Журмын төсөлд тусгаснаар “Зорилтот бүлгийн иргэдэд түрээслүүлэх” гэдэгт:

  • “Түрээслээд өмчлөх орон сууц” гэсэн ангилалд “Түрээслэгч нь түрээсийн төлбөрөөс гадна түрээслэж байгаа орон сууцны үнийг таван жил хүртэлх хугацаанд сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлж, түрээсийн орон сууцаа худалдан өмчлөх” гэж зааж өгчээ. Өөрөөр хэлбэл, тухайн түрээслэсэн иргэн 5 хүртэл жилийн хугацаанд орон сууцны үнийг төлж барагдуулах юм байна.
  • “Газар чөлөөлөлт” гэсэн ангилалд нийслэлийн хэмжээнд баригдах дэд бүтэц, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн зорилготой төслүүдийн газар чөлөөлөлтөд хамрагдах иргэд болон бусад томоохон төслийн газар чөлөөлөлтөд өртсөн иргэдийг зохих хууль, журмын дагуу хамруулна хэмээн тусгаж өгчээ.

image

-ЭРХЭЭ СЭРГЭЭЛГЭСЭН ТАВАН БӨХ НААДМААР БАРИЛДАХ ЭСЭХИЙГ БӨХИЙН ХОЛБОО ШИЙДЭХГҮЙ-

Монголын үндэсний бөхийн холбооны хурлаар допинг хэрэглэсэн таван бөхийн барилдах эрхийг сэргээж, сорилго барилдаанд барилдуулах шийдвэр гаргасан. Тэргүүлэгчдийн энэ шийдвэрийг холбооны бусад 1,000 гаруй бөх “Барилдах эрхийг цуцалсан хугацаа нь дуусаагүй байхад бөхчүүдийн эрхийг сэргээсэн” хэмээн өнгөрсөн амралтын өдрүүдэд эсэргүүцсэн билээ. Энэ талаар МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав өнөөдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид бөхчүүдийн олонхын эрх ашгийг хамгаалах үүднээс маргаантай асуудлыг энэ долоо хоногт дахин хэлэлцэж, шийдэхээр болсон. Харин баяр наадмыг зохицуулах хороо барилдах эрхээ цуцлуулсан таван бөхийг наадмаар барилдах эсэх дээр шийдвэрээ гаргах байх. Монголын Үндэсний бөхийн холбоо 15 тэргүүлэгчтэй. Эдгээр бөхчүүдийг барилдуулах эсэхийг нь шийдэхээр санал хураахад найман тэргүүлэгч нь зөвшөөрч, долоо нь эсэргүүцсэн. Тиймээс холбоо дүрэм журмынхаа дагуу олонхын саналаа дагаж, бөхчүүдийг цахимаар бүртгээд барилдуулахаар болсон” гэв.

image

-ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧ НАРЫГ 72 ЦАГИЙН ДОТОР ОГЦРОХЫГ ШААРДЛАА-

Шударга шүүхтэй болох, шүүх байгууллагын шинэчлэлтийг Дээд шүүхээс эхлэх ёстой гэдгийг Иргэний нийгмийн байгууллагууд илэрхийлж өчигдөр мэдээлэл хийсэн. ТББ-ууд нэгдэн шүүхийн шинэчлэлийн талаар болон Улсын дээд шүүхийн шүүгч нарыг огцруулахыг шаардан өнөөдрөөс эхлэн жагсаал цуглаан хийж эхэллээ. Тэд баасан гариг буюу энэ сарын 28 хүртэл жагсаал хийх бөгөөд энэ хугацаанд Улсын Дээд шүүхийн шүүгч нарыг огцрохгүй бол дараагийн шийдвэртэй арга хэмжээг авна хэмээсэн юм.

Жагсаал зохион байгуулахаар санаачилсан иргэн Б.Батдэлгэр "Иргэн миний бие энэ жагсаалыг зохион байуулж байна. УИХ-ын таван гишүүн болон МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл, ТББ-ууд, иргэд хамтран зохион байгуулж байна. Нэгдүгээрт бидний шаардлага бол Дээд шүүх шударгаар ажиллаж чадахгүй байна. Жирийн иргэний эрх ашгийг хохироож, бүлэглэлийн эрх ашгийн төлөө үйлчилж байгаа учраас Дээд шүүхийн шүүгч нарыг 72 цагийн дотор огцрохыг шаардаж байна” гэсэн юм.


Сэтгэгдэл

Ганбаа [66.181.161.35] 2019-06-25 12:29:58

Цэвэр ардчилсан хараат бус сум байна уу Очиж амьдрахсан.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.