Цуврал-2-Үндсэн хуулийн өөрчлөлтүүд

Д.Тулга / Хууль

УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэж, УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлыг эхлүүлсэн. Иргэд, олон нийт чухам ямар өөрчлөлт орж буйг сайн мэдэхгүй, мэдээлэлгүй байгаа учир www.medee.mn сайтын хамт олон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хуучин зүйл заалттай хамт харьцуулан цуврал болгон хүргэж байна.

image

ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:

II. ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЖ, АРД ТҮМНИЙ ЗАСАГЛАХ ЭРХИЙГ ХАНГАХ
Нэг.Байгалийн баялгийг тэгш, шударгаар хуваарилах зарчим:

6.2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална.
ХУУЧИН ЗААЛТ:
6.2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.


ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:

Хоёр.Улсын Их Хурал сайд нарыг томилох бүрэн эрхээсээ татгалзах:
25.1.6.“Засгийн газрын гишүүд,” гэснийг хасах.


ХУУЧИН ЗААЛТ:

25.1.6 Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах;

image

ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:

Гурав.Төсвийн талаарх Улсын Их Хурлын бүрэн эрхийг хязгаарлах, төрийн санхүү, төсвийн хараат бус хяналт /аудит/-ыг төлөвшүүлэх:

25.1.7.төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах. Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно;
ХУУЧИН ЗААЛТ:
25.1.7төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах;


ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:

Дөрөв.Улсын Их Хурлын хяналт шалгалт, хариуцлагыг дээшлүүлэх:
28.2.Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна.
ХУУЧИН ЗААЛТ:
28.2.Байнгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал тогтооно.
ШИНЭ ЗААЛТ

28.3.Хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй. Түр хороо дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болно. Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй. Хорооны хэлэлцсэн баримтыг нотлох баримтад тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

image

ШИНЭ ЗААЛТ
28.4.Байнгын болон бусад хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:
Тав.Улсын Их Хурлын сонгуультай холбоотой заалт:
21.4.Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.
ХУУЧИН ЗААЛТ:
21.4.Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.


Сэтгэгдэл

Зочин [202.131.230.19] 2019-06-27 04:04:23

биднии санал бол төрөөс материаллаг зүил гуигаагүи зүгээр ажилаа 57 хүртэл хиигээд гарах. учир нь өрх толгоилсон эхччүүд бид нар бор зүрхээрээ үр хүүхдээ сургаж өсгөж хүмүүжүүлдэг эрт тэтгэвэрт гарахаар өөр ажил олдоггүи асуудал их бна.иимд биднии бдалииг харж үзэж саналииг хүлээн авна уу.

Зочин [202.179.31.77] 2019-06-27 03:12:48

иргэн миний хувьд дараах хэдэн санал хэлэхийг хүсч байна.Үүнд1 1, Монгол улсын төсвийг холбогдох мэргэжлийн салбар яам боловсруулсаныг Үндэсний Хөгжлийн газар,Сангийн яам хянан нягтлаад эх үүсвэр, нөөц бололцоонд тулгуурласан харилцан тэнцвэржилт,балансжилтыг хангуулахаар УИХ-д өргөн барьсан төсөвт УИХ өөрчлөлт оруулах эрхгүйгээс гадна Ерөнхийлөгч үүнд хориг тавих эрх эдлэхгүй байх ёстой.Учир нь төсвийг хэрэгжүүлэгч Засгийн газар,яам нь оруулаад ирсэн төсвийг нэг бүрчлэн Ерөнхийлөгч түүний аппарат хянах боломжгүй,чадамжгүй.2, Дээд шүүхийн шүүгчдийг 12 жилээр гэснийг 4-6 жил болгох хэрэгтэй удах тусмаа асуудалд ордог дураараа аашлах нь ихэсдэг шүү дээ.3, Давхар дээлийг үгүй хийж яам,агентлагийг мэргэжлийн мэргэшсэн,дадлага туршлагатай хүнээр удирдуулахад саад болж Намын "шахааны"хүмүүс ороод байдаг үүд хаалгыг хаах. 4,Ерөнхийлөгч УИХ, Засгийн Газрын дотоод хэрэгт оролцоод хутгалдаад явдаг/ялангуяа Элбэгдоржийн үед/явдлыг хоирглосон хязгаарлдасан заалт оруулах,тэгээгүйгээс өнгөрсөн жи,


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.