МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

М.Амаржаргал / Нийгэм

-Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн зам эвдрэлтэй байна-

image

2019 оны зургадугаар сарын 30-н буюу өчигдрийн 16 цагийн үед орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай А0301 дугаартай авто зам эвдэрчээ. Тодруулбал Бүрд сумын нутагт 108-119 км хооронд хоёр хэсэгт замын хөвөө шуудуу үерт урсаж эвдрэл үүссэн, замын зорчих хэсэгт их хэмжээний ус тогтсон байдалтай байна.

Иймд оройн цагаар үзэгдэх орчин хангалтгүй үед тус замыг сонгож хөдөлгөөнд оролцож буй жолооч нар аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой зорчихыг Авто тээврийн үндэсний төвөөс зөвлөж байна.

-32-ын тойргоос “Хангай” хотхон хүртэлх замыг өнөөдрөөс хаалаа-

image

Нийслэлийн авто замын газраас 100 айл орчмын замыг шинэчлэхтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэн хаахаар болжээ. Гэхдээ замыг бүрэн хаахгүйгээр гурван хуваан хэсэгчлэн хаах аж. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн энэ сарын 10 хүртэл 32-ын тойргоос “Хангай” хотхоны уулзвар хүртэл хаах аж. Хоёрдахь хэсэг буюу энэ сарын 14-28 хүртэл “Хангай” хотхоны уулзвараас Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэл хаана. Гуравдах хэсгийг энэ сарын 28-аас ирэх сарын 15 хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газар орчмоос 100 айлын дөрвөн замын уулзвар хүртэл хаахаар болжээ. Ингээд тус чиглэлүүдэд түр зам гаргасан байна. Эхний чиглэлд зорчих хүмүүс “Хангай” хотхоныхоо зүүн талаар явах бол хоёрдахь чиглэлд хаагдахад иргэд 100 айлын зүүн талын Сэлбэ голын далангаар зоричх юм байна. Тэнд давхар болон түр зам гаргасан юм байна.

-Монгол Улс АНУ-БНАСАУ-ын гурав дахь уулзалтад баяр хүргэв-

image

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ын, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар энэ сарын 30-нд цэрэггүй бүст уулзаж, АНУ-ын Ерөнхийлөгч түүхэнд анх удаа БНАСАУ-ын нутаг дэвсгэрт хөл тавьсан юм.

Энэ нь Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлж, яриа хэлэлцээг дараагийн шатанд гаргахад нэн чухал алхам боллоо. Монголын төр, засаг, олон нийт үүнд баяр хүргэхийн хамт АНУ-БНАСАУ-ын гурав дахь удаагийн дээд түвшний уулзалт болон АНУ-БНАСАУ-БНСУ-ын анхдугаар гурван талт уулзалт нь холбогдох талуудын хооронд итгэлцлийг бэхжүүлж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, Зүүн хойд Азийн бүс нутагт хөгжил цэцэглэл, олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд түлхэц болно хэмээн итгэж байна.

-Талийгаачдын ар гэрийнхэн Хэлмэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө-

image

Одоогоос яг 11 жилийн өмнө Монголын шинэ цагийн түүхэнд тод хараар бичигдсэн аймшигт үйл явдал Улаанбаатар хотын төв цэгт болсон билээ. Тэр өдрийг нэхэн санавал, 2008 оны зургаадугаар сарын 30-ны өдөр болсон УИХ-ын тав дахь удаагийн сонгуулиас улбаатай эл хэрэг өрнөсөн байдаг. МАХН 41, АН 29, бусад нам дөрвөн суудал авсан тухай сонгуулийн санал хураалтын үр дүнг МАХН луйвардсан хэмээн үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа АН, БНН, Иргэний нийгмийнхэн илэрхийлсэн. Улмаар долдугаар сарын 1-нд Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, О.Магнай нар хэвлэлийн бага хурал хийж, АН-ын дарга Ц.Элбэгдорж, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Иргэний хөдлөгөөний намын Ж.Батзандан, О.Магнай нар ард түмнийг шударга бус сонгуулийн үр дүнг эсэргүүцэхийг уриалж, төрд бухимдсан иргэд ч Схбаатарын талбайд үзэл бодлоо илэрхийлэхээр цуглаж эхэлсэн. Харамсалтай нь тайван жагсаал үндэсний үймээн болтлоо өргөжин тэлсэн. Энэ өдөр гэм зэмгүй дөрвөн залуу бууны суманд өртөж, нэг жагсагч угаартан амиа алдсан. Дор хаяж есөн хүн буудуулсан гэх тоо баримт бий. Өнөөдөр амиа алдсан талийгаачдын ар гэрийнхэн Хэлмэгсдийн хөшөөнд /2019.07.01/ цэцэг өргөлөө.

-Тавантолгойд 8.2 км хатуу хучилттай зам ашиглалтад орлоо-

image

Монголын өмнийн говьд нэгэн бүтээн байгуулалт ашиглалтад орлоо. Тодруулбал, Төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайгаас Гашуун сухайтын авто замтай холбох 8.2 км хатуу хучилттай авто замын нээлт өчигдөр болсон байна.

Шинэ авто замын нээлт дээр "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Олон улсын стандартад нийцсэн хатуу хучилттай энэхүү авто зам ашиглалтад орсноор олон талын эерэг нөлөөтэй. Тухайлбал, нүүрс экспортын хэмжээ нэмэгдэж эдийн засгийн хувьд үр өгөөж нь нэмэгдэнэ. Мөн жолооч нарыг аюулгүй, ая тухтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг бууруулах гэх мэт олон талын ач холбогдолтой” хэмээн хэлжээ.


Сэтгэгдэл

би [64.119.19.93] 2019-07-01 10:24:44

8 км зам тавиад нээлт хийгээд байхдаа яадийн. ядаж 80 км тавьчихаад нээлт мээлт гэж баймаар юм


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.