МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

М.Амаржаргал / Нийгэм

-"Торгоны зам-2019” авто раллид оролцох тамирчдын зам дардан байг-

image

2009 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй “Торгоны зам” авто раллигийн уралдаан энэ жил Монгол Улсын газар нутгаар дамжин ОХУ-Монгол Улс-БНХАУ гэсэн чиглэлд зохиогдохоор болсон билээ. Раллигийн маршрутад Монгол Улс анх удаагаа орж бөгөөд 15 тамирчин эх орноо төлөөлөн оролцох гэж байна. Тамирчдыг өнөөдөр гарааны зурвас буюу ОХУ-ын Эрхүү хот руу үдэх ёслол Хөшигийн хөндийн Нисэх онгоцны буудалд болж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, “Торгоны зам” олон улсын раллиг зохион байгуулах улсын ажлын хэсгийн дарга З.Энхболд нарын албаны хүмүүс оролцов.

ОХУ-ын Эрхүү хотоос 2019 оны долдугаар сарын 6-нд гараагаа эхлэх уг тэмцээн манай улсаар дайран Хятадын Дунхан хотноо долдугаар сарын 16-нд барианд орох юм. ОХУ, Монгол, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр 5007,96 км замыг туулж, уур амьсгалын таван өөр бүсээр өнгөрөх энэ уралдаан нь дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж байна.

-Баяр наадмаар хуушуур, худалдаа үйлчилгээний 610 цэгт 400 байцаагч хяналт тавина-

image

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур, худалдааны 400 нийт 610 зөвшөөрөгдсөн цэг байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын 400 албан хаагч, явуулын хоёр лабораторитойгоор Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай гэсэн таван газарт долоодугаар сарын 10-13-ны өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйд байнгын хяналт тавих аж.

-Хонгконгт суух Ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татлаа-

image

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хууль бус бараа тээвэрлэлт, наймаа болон хэрэг зөрчилд нэр холбогдож байсан БНХАУ-ын Хонгконг хотод суух Ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татлаа.

Засгийн газраас Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа албан тушаалтнуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эгүүлэн татах, төрийн албанаас нэн даруй халах, хариуцлага хүлээлгэхийг чиглэл болгосны дагуу ийнхүү эгүүлэн татсан байна. С.Эрдэнэ нь Вена дахь Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байхдаа тамхи тээвэрлэсэн хэргээр 2004 оны есдүгээр сард ХБНГУ-ын Лейпциг хотын Гаалийн байгууллагад саатуулагдан шалгагдаж байжээ.

-Польшид саатуулагдсан хоёр оюутны мэдээлэл ГХЯ-нд ирээгүй байна гэв-

image

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Польш улсад оюутны визээр оршин суух зөвшөөрөлтэй хоёр иргэнийг саатуулжээ. Дээрх хоёр сэжигтэн нь 26-28 насных бөгөөд тэднийг зохион байгуулалттай гэмт хэрэгт сэжиглэн саатуулсан талаар Бескидийн Хил хамгаалах албаны дарга Эльжбета Пикор мэдээлжээ. Бид энэ талаар Гадаад хэргийн яамны хэвлэлийн албанаас тодруулахад “Польш улсад хоёр оюутан баривчлагдсан гэх мэдээлэл одоогоор бидэнд ирээгүй байна. Энэ асуудлаар холбогдох газартай нь холбогдож эргэн мэдээлэх болно” гэв.

Польш улс өнгөрсөн 2018 оноос хойш Монголоос ирсэн цагаачдыг хууль бусаар хил нэвтрүүлдэг гэмт хэргийг зохион байгуулагчдыг хайж байгаа аж. Хоёр оюутныг эл хэрэгт сэжиглэн баривчилжээ.

-З.Энхболд 2020 оны сонгуульдаа бэлтгэхээр ажлаа өгөхөөр болжээ-

image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд албан ажлаа өгөхөөр болжээ. Төрийн албаны хуулийн дагуу төрийн албан хаагч хэрвээ сонгуульд нэр дэвшихээр бол сонгууль болохоос багадаа зургаан сарын өмнө ажлаа хүлээлгэн өгсөн байх ёстой юм.

Харин түүний дараагийн хүн нь хэн байх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ талаар эргэн мэдээлнэ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.181] 2019-07-03 15:07:40

Setgel umruud bna....


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.