Б.Пүрэвсайхан: Баяр наадмын комиссын шийдвэрийг би хүндэтгэнэ

Б.БУРМАА / Спорт

Наадам дөхсөн энэ өдрүүдэд допинг хэрэглэсэн гэх таван бөхийг наадмаар барилдуулах уу, үгүй юу гэдэг асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар тэдний эрхийг сэргээн, барилдахыг зөвшөөрсөн ч бөхчүүд үүнийг нь эсэргүүцэж маргаан үүсгээд байгаа билээ. MEDEE.MN сайтын сурвалжлах баг Сүүж уул амралтад бэлтгэлээ базааж буй “Хүч” спорт хорооны бөхчүүдийн галыг зорьсон юм. Улсын заан Б.Пүрэвсайхан бэлтгэлдээ гарсан байсан бөгөөд хэсэг хором ярилцах боломж олдсон юм. Сэтгэл зүйн хувьд таагүй байгааг хэн хүнгүй ойлгож байгаа ч чухам наадмын өмнө зөв шийдвэр гаргаасай, тэр шийдвэр нь хүчин төгөлдөр байгаасай, монголчуудын бахархал болсон бөхчүүдээ, бас наадамчин олноо хүндэтгэсэн сайхан наадам болоосой гэсэн өнцгөөс бид ярилцсан юм. Бидний хийсэн ярилцлага улсын заан Б.Пүрэвсайханыг энэ жилийн наадмаар барилдуулах эсэхэд нөлөөлөхгүй гэдэгт итгэлтэй байна. Ингээд Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Б.Пүрэвсайхантай цөөн хором ярилцлаа.

-Сайхан зусч байна уу. Наадмын бэлтгэл сайхан уу?

-Манай Ховдын бөхчүүд зургадугаар сарын 10-нд наадмын бэлтгэлдээ гарсан. Бэлтгэл сургуулилт жигдрээд сайхан явж байна. Одоо эхнээсээ аймгуудын наадам зорих гээд бэлтгэлээсээ бууж байна. Би бэлтгэлээ сайн хийсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийгээд л явлаа. Энэ жил илүү сайн бэлтгэл хийлээ гэж бодож байна.

image

image

-Саяхан болсон наадмын сорилго барилдаанаар бөөн асуудал үүслээ. Допингтой бөхчүүд барилдуулахгүй гэж зарим бөхчүүд эсэргүүцэл илэрхийлсэн. Юу болсон талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Бид тавын тухайд Баянзүрх дүүргийн шүүхээс барилдах эрхийг нь сэргээх шүүхийн шийдвэр гарсан. Бид бүтэн жил Монголын Үндэсний бөхийн холбоог шийдвэр гаргачих болов уу гээд хүлээгээд харсан. Ингээд дараа нь МҮБХ-ны 15 тэргүүлэгчдээ хандаад бас үзэгч түмнээсээ уучлал гуйсан хүсэлтийг өгсөн. Тэр дагуу манай тэргүүлэгчид хуралдаад бидний барилдах эрхийг сэргээсэн шийдвэр гаргасан. Тэр дагуу бид наадмынхаа сорилго барилдаанд журмын дагуу цахимаар бүртгүүлээд барилдах гэж очсон. Ш.Ванчинхүү арслангийн нэрэмжит наадмын сорилго барилдаан энэ асуудлаас болоод хоёр цаг гаруй саатсан. Ч.Санжаадамба аварга нарын бөхчүүдийн эсэргүүцэлтэй тулгараад барилдаж чадаагүй.

-Та тавыг наадмаар барилдуулахгүй гэж бөхчүүд гарын үсэг цуглуулаад байгаа гэсэн. Мэдсэн үү?

-Тэр талаар сонссон. Ч.Санжаадамба аварга наадмын галуудаар яваад бөхчүүдээс гарын үсэг цуглуулаад явж байна гэсэн. Миний тухайд Баяр наадмын комиссынхоо шийдвэрийг дагаж хүндэтгэнэ. Комисс барилд гэвэл барилдана. Комиссын шийдвэр гарчихаад байхад барилдахгүй гэж эсэргүүцсэн бөх гарвал бид даваагаа аваад л явах байх. Харин барилдуулахгүй гэсэн шийдвэр гарвал барилдахгүй. Монгол төрийн эрийн гурван наадам, хүчит бөхийн барилдаанд хүндэтгэлтэй хандах нь миний үүрэг. Манай нөгөө дөрөв бас надтай адилхан бодолтой байгаа болов уу. Баяр наадмаар элдэв маргаантай асуудал гаргахгүй сайхан наадаасай гэж хүсч байна.

Спорт бол залуу насных байдаг. Бэлтгэл сургуулилтаа таслахгүй тогтмол хийж, хүссэн цолондоо хүрчих юмсан. Үзэгч түмнээ баярлуулчих юмсан гэж мэрийгээд явдаг даа.

image

-Баяр наадмын комисс нь та нарыг барилд гэж шийдвэр гаргалаа гэж бодъё. Бөхчүүд эсэргүүцвэл яах вэ?

-Баяр наадмын комиссын шийдвэр гэдэг бол Шадар сайд Ө.Энхтүвшин даргын гаргах шийдвэр гэсэн үг. Тийм болохоор ямар ч бөх баяр наадмынхаа дэг журам, тогтоол шийдвэрийг дагаад барилдах байх. Баяр наадмын комиссын шийдвэр гарчихсан байхад бөхчүүд баяр наадмаар будилаан гаргахгүй болов уу. Адилхан л хөлс хүч, хөдөлмөрөө урсгасан бөх хүмүүс. Адилхан нэг тогооноос хоол иддэг хүмүүс. Миний тухайд төрийн баяр наадамдаа барилдахдаа допингийн шинжилгээ гурван удаа өгсөн. Гурван удаа шөвгөрсөн. Саяны допинг илэрсэн гээд байгаа шинжилгээг баяр наадмын бус үеэр авсан учир эрх зөрчиж байна гэж үзэхээс өөр арга алга. Баяр наадмаараа допинг хэрэглэж гараад цол чимэг авсан бол өөр хэрэг. Бөхчүүд бид цагаан сар, наадмын барилдаандаа их ач холбогдол өгдөг. Бусад үедээ бэлтгэл сургуулилтаа багасгаад ууж идэх юмаа нэг их цэгнэхээ байчихдаг.

Миний хувьд санаатайгаар эм тариа хэрэглээгүй. Надад тийм шаардлага байхгүй.

-Допингийн эсрэг үндэсний төвөөс бөхчүүддээ мэдээлэл хэр их өгдөг юм бэ. Ийм эм тариа хэрэглэж болно, болохгүй гэдэг талаар?

-Баяр наадам долоо хоног үлдлээ. Өнөөдрийн байдлаар Сүүж уулын амралтанд 200 гаруй бөх бэлтгэлдээ гарчихсан байна. Одоогоор Допингийн эсрэг үндэсний төв ч юмуу МҮБХ-ноос бидэнд ийм төрлийн эм тариа, бодис допингийн жагсаалтад орсон гэж хэлж анхааруулга өгөөгүй. Жил бүр допингийн төрлийн бодисын жагсаалт шинэчлэгдэж байдаг гэсэн. Ирээд тайлбарлавал энэ залуучууд юу идэж, уух уу гэдгээ мэдэж авна шүү дээ.

-МҮБХ Ч.Санжаадамба аварга эсэргүүцлээ гээд гаргасан шийдвэрээ эргэж харна гэсэн. Энэ талаар та ямар бодотой байна вэ?

-Гайхаад л байна. Ч.Санжаадамба аварга бөхийн холбооны тэргүүн болчихсон юм уу гэмээр харагдсан. МҮБХ нэг хүний эсэргүүцэлтэй тулгараад биднийг барилдуулахгүй байна гэдэг бол байж боломгүй асуудал. Нэг жил 40 бөхөөс допингийн шинжилгээ авч сүр дуулиан болгочихоод одоо бөхчүүдээс дахин шинжилгээ авахгүй байгааг бас ойлгохгүй юм. Ярьвал их зүйл байгаа ч төрөө, наадамчин түмэн олноо хүндэтгээд эцсийн шийдвэрийг нь л хүлээж байна.

-Баяр наадам зохион байгуулах хороо нь хэзээ хуралдах бол?

-Өнөө маргаашгүй хуралдаж шийдвэрээ хэлнэ гэсэн. Төрийн баяр наадамдаа зодоглохдоо бөхчүүд сэтгэл зүй, бие бялдар бүх зүйлээ зориулж ирсэн. Нэг өдөр баярлаад сайхан барилдана даа гээд бэлтгэл сургуулилтаа чамбайруулаад явж байтал, нэг өдөр шийдвэрээсээ буцлаа гээд уйлуулдаг. Шийдвэр нь хууль ёсны дагуу, гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр байвал хэн хэндээ амар шүү дээ. Барилдуулчихвал сайхан л барилдмаар байна.

image

image

-Бөхийн холбооноосоо эхлээд маргаантай, учир нь олдохгүй зүйл их байгааг олон нийт ойлгож байгаа. Залуу эрч хүйтэй бөхчүүдээ сэтгэлээр дэмнэсэн, түмэн олноо хүндэтгэсэн сайхан наадам болно гэдэгт итгэлтэй байна. Бөхөө дээдэлсэн монгол хүний ухаан мэргэн гэдэгт та эргэлзэхгүй биз ээ. Танд амжилт хүсье.

-Баярлалаа.Сайхан наадаарай.

Гэрэл зургийг Д.ТУЛГА

Сүүж уул

2019.07.02