Шинэхэн аварга Э.Оюунболдод “Nissan patrol Y69” автомашин, "Тоёота" цом гардуулна

М.Амаржаргал / Энтертайнмент

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөх шинэхэн аварга Э.Оюунболдод өнөөдөр /2019.07.13/ 11 цагаас "Тоёота мотор корпораци", "Моннис" группээс амласан түрүү бөхийн бай шагналыг гардуулна.

"Тоёото мотор корпораци"-аас түрүү бөхөд зориулан бүтээсэн “ТОЁОТА ЦОМ” гардуулах бөгөөд уг цом нь Монголдоо анхдагч Батноров хийцийн арга барилыг ашиглан дан гар аргаар бүтээсэн 90 см өндөр 60 кг орчим жинтэй алт, мөнгө, эрдэнийн чулуунаас бүтсэн. Үндсэн суурийг ногоон гартаамаар хийж тулгуур дөрвөн багана дээр улаан хас, ногоон хаш, гартаам, номин эрдэнийн чулууг шигтгэн оройд нь хангарьд, луу, бар, арсланг алтаар урлан 50 см амсартай цул мөнгөн аягыг байрлуулжээ.

Өөрийн гэсэн өвөрмөц ур хийцээрээ ялгарах энэ цомонд монгол түмний дээдлэн хүндэлдэг билиг зүйн бүх ухааныг уламжлалт ус, уул, үүлэн хээн дүрслэлээр шингээсэн байна. Тухайлбал, таван тив дэлхийгээ багтаасан дүрслэлийн өгүүлэмж, хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэж тэнгэр газрын хүчингүүд дөрвөн зүгийг эрхшээхийн билэгдэл, баяр жаргалтай байж урт удаан наслах, айл гэрийн энх амгалан бат бэх байх, олз омог хүсэл тэмүүлэл хүн бүхэн аз жаргалтай байхыг бэлгэдэхийн зэрэгцээ хязгааргүй эрх чөлөө эд баялаг дүүрэн байх хүслийг шингээн урлажээ.

Энэхүү цомыг дөрвөн монгол дархан хоёр сарын хугацаанд урласан. “Тоёота” цом нь шилжин явахгүй, түрүү бөхөд насан туршид нь хадгалагдана гэдгээрээ ихээхэн онцлог юм. Тоёотагийн нэрэмжит цом гардуулах ёслолын арга хэмжээг өнөөдөр Хүй долоо худаг, соёлын наадмын талбайд зохион байгуулна. Харин Моннис группээс 239 сая төгрөгийн үнэ бүхий “Nissan Patrol Y62” автомашиныг Э.Оюунболд аваргад гардуулан өгнө. Уг үйл ажиллагаа 11.00 цагаас Д.Сүхбаатарын талбайд болно.


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.30] 2019-07-13 11:14:55

Ядарсан нэгэнд буян хишгээ хайрла.Цаана чинь өдөр бүр бяцхан үрсийн хандивын данс үргэлжилсээр.......

Зочин [101.235.52.61] 2019-07-13 09:26:12

Uneheer saihan yumaa !


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.