МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

Б.БУРМАА / Нийслэл

image

АН-ын зөвлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “АН-ын зөвлөл хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн явцын байдал, Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн асуудлаар хуралдаж зарчмын шийдлүүдийг гаргасан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгт АН өнөөдрийг хүртэл оролцоогүй байсан. Яагаад гэвэл хуульд нийцүүлэх, Ерөнхийлөгчийн саналыг зайлшгүй тусгуулах шаардлагатай гэж үзсэн учраас оролцоогүйг та бүхэн мэдэж байгаа.

Харин одоо Ерөнхийлөгч хуулийн төслөө өргөн барьж, саналаа УИХ-д өргөн барьсан учраас Ерөнхийлөгчийн саналыг нэг талаас дэмжиж, нөгөө талаас АН өөрсдийн саналыг илэрхийлж оролцох нь зүйтэй гэж үзсэн. Үүнтэй холбоотойгоор гишүүд маань өөрсдийн байр сууриа илэрхийлээд явна гэж ойлгох хэрэгтэй.

Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэцүүлгийн явцыг үзэхэд үндсэн хуулийн суурь зарчмын үзэл баримтлалд нийцээгүй, доголдуулах, ойлгомжгүй байдал үүсгэх гэх мэт олон асуудал үүсч байгаа учраас бид өөрсдийн байр сууриа илэрхийлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Мөн Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

image

ЦАХИЛГААН ШАТАНД АМИА АЛДСАН ИРГЭН “ХИШИГ АРВИН ИНДУСТРИАЛ” ХХК-ИЙН ОХИН КОМПАНИД АЖИЛЛАДАГ БАЙЖЭЭ

ХНХЯ-ны мэргэжилтэн хийдэг хөгжлийн бэрхшээлтэй Б.Болороо гэх бүсгүйн нөхөр харамсалтайгаар амиа алдсан хэрэг саяхан гарсан. Тэрбээр ажлын газрынхаа цахилгаан шатанд унаж амиа алдсан байсан билээ. Өнгөрсөн сарын 19-20-нд шилжих шөнө ажлаасаа гараад сураггүй болсон хэмээн нөхрийнх нь ажлынхан хэлсэн учраас хоёр хоног хүлээгээд аргаа барсан бүсгүй цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлуулахаар хандсан байдаг.

Б.Болороо гэх бүсгүй энэ талаар фэйсбүүктээ бичихдээ “Над руу нөхрийн маань ажлын газраас залгахдаа “Нөхөр чинь шөнө нэг цаг өнгөрөөд хамаг юм аваад ажлаа хаяад явчихлаа. Оршин суугчид харсан байна. Станц хамаг түлхүүр аваад явчихлаа” гэж хэлсэн. Ингээд хоёр хоног хүлээгээд нөхрөө ирэхгүй байсан тул 22-ны өдөр нагац ахыгаа ажил руу нь явуулж юу юугаа авч явсан байна, хэнтэй аль зүг рүү гарсан байна хараад өг гэж явуулсан. Гэтэл ажлынх нь хүн “Танай дүү чинь хамаг юм аваад камер унтраагаад явсан гэж хэлээд камер үзүүлээгүй. Намайг долдугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас дуудаад, ханийг минь ажлын байрандаа 19-20-нд шилжих шөнө лифт гацаад дотор нь байсан хүнийг гаргаад хөл алдаж доошоо унаж нас барсан байна гэж хэлсэн” гэж бичсэн байв. Ийнхүү талийгаач нас барснаасаа хойш 16 хоногийн дараа өмхийрч, өтөнд идэгдсэн байдалтай олдсон билээ.

Түүнээс мэдээлэл ярилцлага авъя гэсэн сэтгүүлчид маш ихээр холбогдож байсан тул Б.Болороо энэ сарын 15-ны өдөр мөн л фэйсбүүк хуудсандаа “Би хэн билээ ямар ч эрх мэдэл, хөрөнгө мөнгөгүй нэгэн. Маш том компанийн эсрэг тэмцэх гэж байгаа болохоор юу юуны духанд хүрэлгүй хэвлэлээр сенсаци дэгдээмээргүй байгааг ойлгоно уу. Тэр компаний хувьд миний хань юу ч биш байсан юм шиг байна. Ажил явдлын үеэр удирдах түвшний хүн нэг ч ирээгүй. Нэг хүн ямар тусламж хэрэгтэй байна гэж залгасан. Маргааш нь харуул хамгаалалтынхаа хоёр ээлжийн ахлагч, хуулийн хэлтсийн ажилтнаараа зургадугаар сарынх нь цалин гээд 830 мянган төгрөг авчирч өгсөн. Миний хань 2019 оны 01 сарын 17-ноос 06 сарын 19 нас барсан өдөр) хүртэл 6 сар ажилласан. Миний хань хоёр хуруутай ч 20 хуруутай юм шиг л гарын дүйтэй, ажилч хичээнгүй хүн байсан юм шүү” гэж бичсэн юм.

Зарим хэвлэлээр мэдээлж буйгаар Б.Болороо бүсгүйн тэмцэх гэж буй том компани нь “Хишиг Арвин Индустриал” ХХК аж. Тухайн иргэн амиа алдсан байр тус компанийн ажилчдын байр гэх бөгөөд хамгаалалтын албыг нь охин компани нь болох “Хишиг –Арвин” хамгаалалтын алба хариуцаж ажилладаг байжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, ослын мэдээллийг “Хишиг Арвин Индустриал” ХХК ихээхэн нууцалж байгаа гэх мэдээлэл байна. Бүхэл бүтэн хүн амиа алдчихаад байхад хамаг юмаа аваад ажлын байраа орхиод явсан хэмээн худлаа ярьж арван хэд хоносон асуудал бол маш хариуцлагагүй, байж боломгүй хэрэг билээ.

“Хишиг Арвин Индустриал” ХХК нь Эрдэнэс Таван Толгойн Баруун, Зүүн цанхи, Саусгоби Сэндсийн Овоот толгой, Оюутолгойн далд уурхай зэрэг томоохон уул уурхайн төслүүдэд гэрээт олборлолтын болон дэд бүтцийн ажлуудыг хийж гүйцэтгэж ирсэн томоохон компани юм байна. Тус компанийн дэд захирлаар өнөөгийн НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат ажиллаж байгаад сонгуулийн бэлтгэлээ хангахаар ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа гэх мэдээлэл ч байна. Ямартаа ч энэхүү хэргийн үнэн мөнийг олохоор Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

image

ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЁРДУГААР ХЭЛЭЦҮҮЛЭГ ЭХЛЭХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЭВ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг наймдугаар сарын 9-н хүртэл хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ. Байнгын хорооны энэхүү саналыг өнөөдөр 15:00 цагаас хуралдах чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдэх юм. УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулган долоодугаар сарын 5-нд завсарласан ч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх шаардлагатай тул үргэлжлүүлэн ээлжит бус чуулган зарлах хуралдуулсан билээ. Ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 1-н хүртэл зарлаж, энэ хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр тогтсон.

Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, өргөн бариад буй. Ингэснээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг иргэдэд танилцуулахаас гадна хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсэг болон шинээр өргөн баригдсан хуулийн ажлынх хэсгийнхэн хамтарч ажиллах шаардлага бий болоод байгаа юм.

Тиймээс зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж, Үндсэн хуулийн өөрчлөлтөд нэмэх, хасах зүйл заалтууд дээр саналуудаа нэгтгэхээр болсон байна. Харин наймдугаар сарын 9-н хүртлэх хугацаанд гишүүд тойрогтоо ажиллан, Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг танилцуулахаар тогтжээ.

image

МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ ДАШТ-ИЙ УРЬДЧИЛСАН ШАТАНД F ХЭСЭГТ БАГТЛАА

2022 онд Катарт болох ДАШТ, 2023 онд БНХАУ-д зохиогдох Азийн АШТ-ий урьдчилсан шатны хэсгийн сугалаа Малайзын нийслэл Куала Лумпур хотод боллоо. ДАШТ-ий урьдчилсан шатны хоёр дахь шатанд анх удаа хүч үзэх Монголын шигшээ баг Японы шигшээ багийн толгойлж буй “F” хэсэгт багтав. Хэсэг тэргүүлж буй “Цэнхэр самуурайнууд”-аас гадна өмнө нь тоглож байсан Киргиз, Мьянмар болон Тажикстаны шигшээ багуудтай хүч үзэх юм.

Монголын шигшээ баг урьд өмнө Японы багтай 1993, 1997 онуудад тоглож байсан бол Мьянмартай 2011 онд ДАШТ-ий урьдчилсан шатанд таарч, нийлбэр дүнгээр ялагдал хүлээн хоёрдугаар шатны эрхгүй үлдэж байв.

Мөн Киргизийн багтай 2017 онд “Цунами цом” хэмээх олон улсын тэмцээн таарч тоглохдоо 4:1-ээр хожигдож байсан.Манай шигшээ эхний тоглолтоо есдүгээр сарын 5-нд Улаанбаатар хотод Мьянмартай, есдүгээр сарын 10-нд Киргизстантай мөн эх орондоо тоглоно.

image

999.9 СОРЬЦТОЙ НАЙМАН ШИРХЭГ АЛТ ХИЛ ДАВУУЛАХЫГ ЗАВДЖЭЭ

Үндэсний их баяр наадмын өмнөхөн буюу энэ сарын 8-ны өдөр Улаанбаатар-Бээжин чиглэлийн онгоцоор зорчиж байсан иргэн их хэмжээний алт тээвэрлэж явсан хэргийг Гаалийн байгууллага илрүүлжээ. Тухайн иргэн нь Франц улсын иргэн байсан бөгөөд 999.9 сорьцтой, найман ширхэг алтыг зөөврийн компьютер болон гар тээшиндээ тараан байрлуулж, хил давуулах гэж байсныг хяналт шалгалтаар илрүүлэн хураан авсан байна.

Тэрбээр, дээрх эд зүйлсээ гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй байсан бөгөөд энэ нь хууль бусаар хил давуулах гэсэн үйлдэл хэмээн тооцож байгаа учраас шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

image

Э.ОЮУНБОЛД АВАРГЫН ГЭРГИЙД “LEXUS RX-350АВТОМАШИН БЭЛЭГЛЭЖЭЭ

Үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлсэн Цагдаагийн дэд хурандаа, Улсын аварга Э.Оюунболдод "Алтай констракшн" ХХК –аас 2019 оны “Lexus RX-350” автомашин бэлэглэсэн байна. 170 орчим сая төгрөгийн үнэтэй энэ автомашиныг аварга Э.Оюунболдын гэргийд зориулжээ.

Харин нутгийн зөвлөл нь түүний амжилтыг таван өрөө байраар мялаасан билээ. Тэгвэл шинэхэн аваргад өнөөдөр 2019 оны Lexus RX-350 автомашиныг "Алтай констракшн" ХХК бэлэглэжээ. Нийт 169 сая төгрөгийн үнэ бүхий автомашиныг гэр бүлийн хүнд нь зориулсан хэмээн “Алтай Констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ мэдэгджээ. Мөн өчигдөр ЦЕГ-ын дарга хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлсэн бөгөөд тун удахгүй Хэнтий нутагт аваргын цолны мялаалга наадам болох нь ээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.