Даунтай хүүхдүүдийн зургаар ээжүүд нь “Эко тор” үйлдвэрлэжээ

М.Амаржаргал / Энтертайнмент

Нийлэг уутны хэрэглээг хориглох тухай хууль гарснаар даавуун уутны хэрэглээ бидний өдөр тутмын амьдралд чухал сонголт болсон билээ. Тэгвэл сэтгэл, хайр, авьяас шингэсэн энэ хөөрхөн торыг хүн бүрт санал болгомоор байна. Даунтай хүүхдүүдийг бурхны бэлэг гэдэг. Энэ тор тэднээс бидэнд зориулсан бэлэг юм. Монголын Дауны холбооны хүүхэд, залуусын зурсан зургийг хэвлэн гаргадаг эко уутыг ээж нар нь оёдог. Уут бүр хайр татам зурагтай. Хүүхэд бүрийн хөдөлмөр, сэтгэл шингэсэн нь тэдний зургаас тодхон харагдана.

“Ээжүүдийн хувьд хүүхдээ харж хандах, асрах зэрэг үүрэг ихтэй байдаг учир тэр бүр ажил эрхлэх боломжгүй байдаг. Энэ мэт шалтгааны үүднээс бид даавуун уут оёх санааг олж, үүнийгээ ажил хэрэг болгосон юм. Манай холбооны 10 ээжийн гурав нь оёдол, эсгүүртээ сайн. Бидэнд тоног төхөөрөмж, байрлах газар гэх мэт олон асуудал тулгарч байсан хэдий ч “Хаан даатгал” компани санаачилгыг дэмжсэнээр даавуун уутаа оёж эхэлсэн. Эхэндээ бусдад талархсан сэтгэлээ илэрхийлэх, бэлэглэх үүднээс уутан дээрээ Монголын Дауны холбооны логог хэвлэдэг байлаа. WRTogether NPO буюу “Хамтдаа сайн сайхны төлөө” ТББ манай холбооны хүүхэд, залуусыг дэмжиж, зургийн хичээл заадаг юм. Тэр байгууллагынхан маань Япон улсад болох хаврын баяраар хүүхдүүдийн зургийг уутан дээр хэвлэн сурталчлах санал тавьсан нь маш амжилттай үр дүн авчирсан. Бидний эхэлж хийсэн уут нэг өдрийн дотор зарагдсан. Иншгэж ээж, хүүхдүүдийн хамтарсан шинэ бизнес эхэлсэн” гэж “Эко уут” багийн ахлагч Д.Хишигжаргал ярьсан юм.

Эко уутан дээрх зургийг С.Тэмүүлэн, Д.Тэмүүлэн, У.Нинжбадам, Д.Энхбаяр, Б.Эрдэнэболд, Х.Болор-Эрдэнэ нар зуржээ. Тэд одоогоор тус бүр хоёр зургаа даавуун уутан дээр хэвлүүлээд байгаа аж. “Ганцаараа зураг зурахаасаа илүү холбооныхоо байранд ирж, найзуудтайгаа хамт зурах дуртай” гэж С.Тэмүүлэн ярилаа. Тэд нэг бүтээлээ зурахад дунджаар 1-2 сарын хугацаа зарцуулдаг юм билээ.

Монголын Дауны холбооны ээжүүдийн санаачлагаар эхлүүлсэн “Эко уут” төсөл 2018 оны аравдугаар сард үйлдвэрлэл, борлуулалтаа эхлүүлжээ. Одоогийн байдлаар 2000 орчим уут борлуулсан байна. Залуусын зурсан зурагтай уутны эхний хэсгийг өнгөрсөн тавдугаар сараас эхэлж худалдаанд гаргасан бөгөөд Дауны синдромтой хүүхдүүдийг дэмжсэн эко тор супермаркетуудад эрэлт ихтэй байгаа нь нэг талаас хүмүүс нийгмийн хариуцлагаа ухамсарладаг болсны илрэл байх.

Уран бүтээлч залуус одоо шинэ зургаа зураад завгүй байгаа. Дауны холбооны гишүүн ээжүүд буюу “Эко уут” багийнхан борлуулсан уутныхаа орлогоор хуримтлал үүсгэн, тоног төхөөрөмжөө сайжруулах зорилготой байгаа. Тиймээс даунтай хүүхдүүдийн чин сэтгэл, тэдний ээжүүдийн хөдөлмөр, хайр шингэсэн эко торыг та ч бас худалдан авч, тэднийг дэмжээрэй.


Сэтгэгдэл

Монголжав [66.181.183.207] 2019-08-01 10:05:44

Тор гэж бүү нэрлэ. Уут гэж нэрлэ. Хайр татам зураг гэж бүү нэрлэ. Дур татам зураг гэж нэрлэ.

GOOD [124.158.95.5] 2019-08-01 08:46:57

GOOD

Зочин [103.10.23.89] 2019-08-01 08:16:40

mundag


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.