Үндсэн хуулийн шинэчилсэн заалтууд

Д.Тулга / Улстөр

УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэж, УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлыг эрчимтэй хийж байна. MEDEE.MN сайтын хамт олон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хуучин зүйл заалттай хамт харьцуулан цуврал болгон хүргэж байна.

image

ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:

Нэг.Улсын Их Хурал хууль тогтоох байнгын ажиллагаатай байгууллага байх нөхцөлийг хангах:

27.2.Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна.

Хоёр.Асуудлыг олонхиор шийдэх ардчиллын зарчмыг хангах:

ХУУЧИН ЗААЛТ

Хорин долдугаар зүйл.

1.Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ.

2.Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна.

image

ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:

27.6.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар батална.

ХУУЧИН ЗААЛТ:

27.6.Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.

ШИНЭ ЗААЛТ

27.7.Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол нууц санал хураалт явуулна.

Гурав.Улсын Их Хурлын гишүүн өөр ажил, албан тушаал хавсрахыг хориглох:

ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:

29.1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.

image

ХУУЧИН ЗААЛТ:

29.1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.

ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:

Дөрөв.Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүнээр хавсран ажиллахыг хязгаарлах:

39.1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.

ХУУЧИН ЗААЛТ:

39.1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ.

ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:

Тав.Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох:

22.2.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал шийдвэрлэсэн бол Улсын Их Хурал тарна.

ХУУЧИН ЗААЛТ:

22. 2.Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ.

ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:

22.3.Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс дөчин тав хоногийн дотор, эсхүл Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш гуч хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол Улсын Их Хурлыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана.

ХУУЧИН ЗААЛТ:

22.3 Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана.

ШИНЭ ЗААЛТ

22.4.Энэ зүйлийн 2, эсхүл 3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргаснаас хойш Улсын Их Хурал арав хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж, жар хоногийн дотор явуулна. Шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хадгална.

Зургаа.Засгийн газрыг эмхлэн байгуулах:

ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:

39.2.Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.

39.2.Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.

ШИНЭЧИЛЖ ӨӨРЧИЛСӨН НЬ:

39.3.Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.

ХУУЧИН ЗААЛТ:

39.3 Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хүн бүрээр хэлэлцэж томилно.

Үргэлжлэл бий


Сэтгэгдэл

Зочин [66.181.179.101] 2019-08-12 11:04:31

Больцгоо доо , ард тумнээр доог тохуу хийхээ больцгоо ( хайран цаг ; бараг нэг бутэн жил !) ... Танар анхныхаараа - ашиг сонирхолдоо нийцуулж л батлана ш дээ ; хар , наад захын жишээ : ард тумэн бух нийтээрээ ( тууний дотор : еронхийлогч чинь хуртэл !) , хаа явсан газар бухэнд чтнь " УИХ - н гишуунийг давхар алба ( тууний дотор : зг - ын гишуун !) хашуулахгуй ээ " гээд байхад л , ахиад л шинэ гэх тосолдоо : " ... 4- оос илуугуй зг - ыг гишуун байна " гээд л улайрдагаараа улайрчихсан байна , уунийг юу гэхэв улайрсан ( галзуурсан ухэр !) бух гэх уу ... ??!!! Танарын чихэнд ус ч хийгээд хэрэггуй , тос ч хийгээд хэрэггуй ... зугээр л " монгоны хулгай " бодсон амьтас ...

Зочин [172.58.136.82] 2019-08-12 19:48:50

Alaltsaj baij l sain huulitai bolno ter boltol luivarduulsaar baina

иргэн [103.10.23.113] 2019-08-12 10:07:27

Нам төвтэй улс төрийн тогтолцоо хэвээр байгаа цагт юу гэж донгосоод ч нэмэргүйНамын нэрээр хулгайч луйварчин алуурчин нар төрд үүрлэлсэн хэвээр Төрийн хууль гууль болсоор байх болно Үндсэн хуулийн өөрчлөлт гэдээр үнэндээн луйварчин нар эрх мэдлээн улам ихсгэж хугцаагаа уртасгах санаатай байна

Зочин [202.126.88.208] 2019-08-12 08:41:02

UIX iin gishuudiig 2 udaa songodog bolio, yag eronxiilogch shig. Tegvel bux muu muuxai zuil arilna.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.